АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз’ Category

“Зам өргөтгөвөл түгжрэл нэмэгдэнэ”

Posted by tseren on 2010/05/30

Өнгөрөгч Бямба гаригт “Монгол үндэстний дууны их наадам. 1-р шатны нэвтрүүлэг” гэж МҮОНТ-ийн хөтөлбөрт зарлагдсан байснаа тэн хагаст нь Хөгжим бүжгийн коллежийн тайлан концерт гарчээ. Universe Best Songs-той өрсөлдөхүйц, тэгэхдээ үндэсний урлагын том шоу хийнэ гэж шоудаад байсан нь бүтээгүй биз. Дараа нь хөтөлбөрт байгаагүй “НУРААЖ ХӨГЖИХ ҮҮ?” нэртэй нэвтрүүлэг гэнэт орж ирэв.

Энэ хавар Баруун 4 замаас баруун тийшхи Энх тайвны өргөн чөлөөг өргөтгөх гэтэл “Жигүүр гранд” компани “Гранд плаза” цогцолбороо барьж ноднин ашиглалтанд оруулахдаа эзэмшсэн газраа хэтрүүлэн машины зогсоол байгуулж түүнийгээ ханаар тусгаарлан явган хүний нарийхан замаас өөр зай үлдээгээгүй тул замын ажил зогсчээ. Ингээд нийслэлийн зүгээс газар чөлөөлж өгөхийг хэдэнтээ шаарджээ.

Шийдэж болох асуудал. Хот төлөвлөлтийг зөрчсөн “Жигүүр гранд” компани алдаагаа засахад хохироод байх юмгүй. Гэтэл тэгсэнгүй. Эхлээд түрээсээр орсон байгууллагуудыг турхирч хэвлэлийн хурал хийлгэж, дараа нь бүр тэгэхээс тэгэх гэж олон нийтийн телевизийг хөлслөн авсэн нь энэ нэвтрүүлэг юм.

“Жигүүр гранд” компанийн ерөнхий инженер, бас тус барилгын архитекторч хоёр “Энэ бол ноднин шагнал авсан гоё барилга… төв зам энэ хэсэгтээ нарийхан байг л дээ…. замын ачаалал дандаа ийм их байхгүй… хэдэн жилээс багасаад машинууд чихэлдэхгүй болно… нийслэлд өөр явах замууд байгаа ” гэх мэтээр хачин тайлбар хийв. Мэргэжлийн ёс зүйгээ умартан хот төлөвлөлтийг нулимсан хүмүүс арьсаа ингэж хамгаалдаг юм байна.

Логогүй микрофон барьсан сэтгүүлч эмэгтэй “Гранд плаза”-д өрөө, талбай түрээсэлдэг учраас эздийнхээ эрхэнд байдаг хүмүүсийг “Өмчлөгчид ярьж байна”, гудамжинд яваа хүмүүсийг иргэдийг “Иргэд ярьж байна” нэрээр баахан ашиглав. Ингэхдээ “Энэ барилга сайхан байна уу?”, “Нэгэнт бүтээн байгуулсан юмыг нураах буруу, тийм ээ?” гэж зальдахад цаадуул нь мэдээж “Яасан гоё барилга вэ!”, “Бүтээн байгуулсныг нурааж болохгүй ээ” гэхгүй хаачихав. Угтаа барилгыг огт хөндөхгүй зөвхөн машины зогсоолоо хэдэн метрийг арагш татах тухай юмсан.

Сүүлдээ сэтгүүлч өөрөө баримжаагаа алдаж “Бүтээн байгуулалтыг ингэж сүйтгэж болох уу? Эвдэж сүйтгэснээр замын түгжрэл багасгана гэж үү? Замын түгжрэлийг багасгахын тулд зам өргөтгөх нь зөв үү? Үүний оронд жолооч нарыг соёлжуулах, утаанд байгаа хорт элементүүдийг багасгах зэргээр гарц олоосой” гэж дэмийрсээр нэвтрүүлгээ дуусгалаа.

Төгсгөлд нь “2010 он” гэснээр өөр нэр хаяг байгаагүй. Баян компанийн гар хөл болж яваа хөөрхий сэтгүүлч ичихдээ нүүрээ нуусан бол ийм хөгийн нэвтрүүлгийг олон нийтийн телевиз огт ичихгүйгээр цацсан байх юм.

    

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Захиалгыг шууд биелүүлэв. Гэхдээ сэмхэн.

Posted by tseren on 2010/05/11

Өнөө орой МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлсэн “Хөшөөтийн уурхайд Мо Эн Ко компани төсөл хэрэгжүүлснээр нааштай өөрчлөлт гарч байна” хэмээсэн оршилтой сурвалжлага нь shuud.mn сайтын сэтгүүлч Ж.Батхишигийн бэлтгэсэн, хэн нэгэн сүүлийн хэдэн өдөр арилжааны сувгуудаар захиалан цацуулж байгаа, “Мянган угалз” ОНАҮГ-ын захирал Д.Энхболд, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Хөшөөтийн уурхайн ажилтан С.Давааням нарын хүмүүсийн яриа сэлтээс бүтсэн захиалгатай сурвалжлага бараг тэр чигээрээ байх юм. “Цагийн хүрд”-ийн титрийг зүүж өөрийн болгоод орон даяар цацаж өглөө.

Сүүлийн үед “Өнөөдөр” сонин Ховд аймгийн Хөшөөтийн орд газрын асуудлыг “шефэлж” аваад түүнийг стратегийн орд газрын жагсаалтад оруулахыг уриалсан цуврал өгүүлэл нийтэлсэн бол нутгийн иргэд Улаанбаатарт ирж хэвлэлийн хурал зарлан дээрх саналыг дэмжсэн билээ. Маргаж мэтгэлцэх, улмаар шийдэх ёстой асуудал мөнөөс мөн. Үүний тулд бололтой УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр нар Хөшөөтөд очиж танилцаад “Хариуцлагатай уул уурхайн загвар дүр зургийг Хөшөөтөөс олж харлаа” гэсэн магтаалтай ирснээр Мо Эн Ко-гийн сурталчилгааны кампанийг хэвлэл мэдээллээр эхлүүлэв. Сонинуудаар Хөшөөтийн их бүтээн байгуулалтын талаар төлбөртэй нийтлэл, ярилцлагууд хөвөрч “Зууны шуудан”-гийн Б.Ганчимэг зэрэг хүнд гарын сэтгүүлчид “Хөшөөтөөс ирж буй сайн мэдээ”-нд гэнэтхэн баясдаг болж, харин телевизүүдээс C1, сайтуудаас Шууд.мн Ховд руу сэтгүүлч Ж.Батхишигийг томилон явуулсны ачаар бүр дуу дүрстэйгээр баясаад зогсохгүй эсрэг байр суурьтай нөхөд рүү “Ховдчуудын аманд орсон 400 саяыг хонзонгоороо булаах сонирхол…” гэх мэтээр уурсаж байна. 

Ингээд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, C1 телевизийн эзэмшил, анх тус телевизийн зөвлөх гэж байсан, одоо shuud.mn сайтын хөрөнгө оруулагч хэмээн яригддаг Монгол банкны дэд ерөнхийлөгч, бас МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Н.Золжаргал гэх мэтээр бүгд холбогдсоор “Цагийн хүрд”-ийн захиалгат сурвалжлага болон хувирчээ.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Дарга дагахуй

Posted by tseren on 2010/04/30

Өнгөрсөн өвлийн зуднаар МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн сурвалжлагчид зөвхөн УИХ-ын гишүүд, сайд дарга нарын дулаан нөмөрт хөдөөг зорьж байсныг буруутгаад яахав. Хэрвээ MNB гэсэн гурван үсэгтэй цагаан машин цасанд суучихвал аврах ажиллагаа явуулахад наад зах нь үзэгдэхгүй бөөн төвөг удна. Зөвхөн дагаж явсны ачаар жишээлбэл Балдан-Очир гишүүн Завхандаа очоод бөөн өвс тэвэрчихсэн тойргийнхоо үхэр болгонд дөхүүлж өгснийг түүхэнд үлдээж чадсан билээ.

Харин цас ханзарч эхлэнгүүт “Цагийн хүрд”-ийнхэн дөрвөн зүгт бутран одож аймшигт өвлийг арайхийн давсан малчдын амьдралын дүр зургийг тэр чигээр нь татаад авчрах болов уу гэтэл …

Даваа гаригт Булган аймгийн ИТХ дахь Ардчилсан намын хэсэг гишүүд Засаг дарга М.Оюунбатыг огцруулах шаардлага тавьж, нөгөөдөх нь зөвшөөрөхгүй тэмцэлдэж байгааг газар дээрээс сурвалжлан үзүүлэв. Тус аймагт улс төрийн нөхцөл байдал хурцадсан тул АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Булганыг зорихдоо МҮОНТ-ийг дагуулжээ. 

Мягмар гаригт “Булган аймгийн ажил амьдралын тухай үзүүлье” гэж зарлаад Д.Эрдэнэбат даргын Булган аймгийн зарим сумдад иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтуудыг харуулжээ. “Хоёр хүчин” нийлсэн явдал зөв гэдэг нь харагдаж байна” гэх мэт иргэдийн яриа. Мэдээж Эрдэнэбат даргын лут дүгнэлтүүд бүхий яриа. Төр засагт хэлж арга хэмжээ авахуулах ажээ.

Лхагва гариг. Д.Эрдэнэбат дарга нийслэлдээ буцаж ирээд Булган аймагт очиж ажилласан тухайгаа мэдээлсэн хэвлэлийн хурлаас сурвалжлав. Түүний ярианы хэсэг. Дагаж яваад ирсэн нь багаджээ. 

Ойрдоо эрхбиш дулаарсан болохоор олон нийтийн телевизийнхэн хөдөөг зорих нь нэмэгдсэн ч Сэлэнгэ аймагт болсон газар тариалангийн, эсвэл Өмнөговьд болсон уул уурхайн “урилгатай” арга хэмжээнүүд зонхилжээ. Хөдөөд тусгайлан зориулсан ганц нэвтрүүлэг – “Эргэх дөрвөн цаг”-ийнхан хүртэл “Тогтвортой амьжиргаа-2” төслийнхнөөс салахаа больж тэднийг бараадан хөдөөгүүр айлчилдаг ажилтай болов. 

Саяхан нэг сурвалжлагч нь гэнэт Ховд аймгийг зорьж тэнд явж байсан Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч, “Хөдөөгийн хөгжлийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Энхбаяр гэдэг хүнтэй “санаандгүй” тааралдан ярилцлага авч үзүүлэв. Тэрбээр хөдөөгийн малчдын амьдрал, төр засгаас ямар арга хэмжээ авах шаардлагатай, бас замд гараад 3 дахь хоногтоо явж буйгаа хэлээд хоёр сумын зааг дээр явахад нь гүү унагалсан бэлэг дэмбэрэлтэй учралыг өгүүлэв. Дээрхэн үед сайн хүмүүс хөдөө нутагт дандаа бороо дагуулж ирдэгсэн…

Ер нь манай олон нийтийн телевизийнхэн дарга (одоо бүр намын жижиг сажиг даргыг) дагахгүйгээр, бас төсөл, хөтөлбөр, элдэв ёслол бараадахгүйгээр өөрсдөө хөдөө явж болдоггүй юм байх даа? Одоо даарахгүй шдээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Ламбаа сайдын концессын нэвтрүүлэг

Posted by tseren on 2010/04/13

Ядарч зүдрэн тусламж эрсэн хүмүүсийн тухай телевизээр байн байн гардаг. МҮОНТ энэ удаад элэгдэж муудаад өнөө маргаашгүй болсон хуучин гэмтлийн эмнэлэг буюу түлэнхийн төвийн барилгын тухай “Гэмтэлтэй гэмтэл” нэртэй сэтгэл өвдмөөр нэвтрүүлэг үзүүллээ. Хандивын данс нээсэн ч болмоор санагдав. 1950, 60-аад онд баригдаж 1986 оноос хойш огт засвар хийгээгүй учраас хана туурга, тааз нь нурж ховхорсныг дүрсээр харуулж дарга, эмч нар нь төдийгүй эмчлүүлэгчдээр батлан яриулав. 4-р сарын 28-нд газар хөдлөхөд шууд нурах гэнэ. УМХГ-аас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг аль эрт гаргасан юм байна.

Яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэсэн үг. Харин дараачийн яриануудаас үзвэл хариуцсан яам нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа төдийгүй юу хийхээ төлөвлөчихсөн ажээ.

Уг төвийн харьяалдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал С.Отгонгэрэл, энэ барилгын оронд орчин үеийн иж бүрэн эмнэлгийн 4-5 давхар барилга барих санал тавьсан, манай яамны удирдлага 2010 оны төсвийн тодотголд оруулж өгье гэж байгаа гэв.

Харин Эрүүл мэндийн сайд С.Ламбаа дараачийн аргыг бодоод олчихжээ. Түүний яриа: Газрын өмчлөл нь манайд байж байгаа учраас би үүнийг 4-5 давхар нөхөн сэргээлтийн эмнэлэг болгож хувиргах ийм төсөл хийлгэж байгаа. Өөрөөр хэлбэл зураг төсөл хийлгэж байгаа… ГССҮТ-ийн өргөтгөл рүү оруулчихья гэж бодож байсан чинь доод талын инженерийн шугам сүлжээ нь даахгүй гэсэн хариу ирсэн учраас яг энэ байршил дээр нь энийг нураагаад оронд 4-5 давхар ийм нөхөн сэргээлтийн гэмтлийн төв байгуулья гэсэн ийм зураглал хийж байгаа… Тийм учраас цаашдаа концессын хуулиар олон улсын байгууллагын хөрөнгөөр, аль эсвэл концессын хуулиар барих, шилжүүлэх боломжтой компанид энэ газрыг нь өгөөд энэ дээр ийм барилга бариачээ гэсэн төсөл боловсруулаад ирэх жилээс эхлүүлэхээр бэлтгэж байна.

Нэгэнт шийдчихсэн юм бол нулимс дуслуулах хэрэг байна уу? Нурааж газрыг нь булаахад олон нийтийн санаа бодлыг бэлтгэж МҮОНТ-д захиалсан бололтой.

Сүүлийн хэдэн жил хотын төвийн хамаг газрыг хуваарилж дуусаад одоо муу нэртэй хуучин барилгууд руу орж байгаа нь энэ. Ямар ч барилгыг 24 жилийн турш засаагүй бол эмтэрч л таарна. Харин цаг хугацаанд нь засаж тордоод байвал хоёрхон давхар, өвөрмөц, магадгүй ямар нэг хэмжээгээр түүхийн дурсгал байж мэдэх энэ барилга дахиад 100 жил ч оршино. Энд заавал эмнэлэг байх албагүй. Түлэнхийн (бас хөлдөлтийг эмчилдэг) шинэ төвийн барилгыг зөвхөн хотын төвд чихэх биш, нийслэлийн захын хороололд жирийн иргэддээ ойртуулан байгуулж яагаад болохгүй гэж? 

Үүний оронд эмтэрч ховхрохыг нь “бахдан” харж нэг ёсны үзүүлэн, шоу болгож гутаагаад, одоо нэмж газар хөдлөлтөөр айлгаж байгаад нурааж концесс гэдэг гоё үгээр халхлан “боломжтой компанид” өгөх юм байна.

Уг нь зураг төсөл хийлгэж байгаа гэх 5-6 давхар эмнэлгээ ядахдаа хажууд нь зэрэгцүүлээд барьж болох. Даанч эргэн тойрны бүх газар, өвчтөнүүд салхилдаг томоос том цэцэрлэгийг хүртэл булааж зараад өндөр барилгуудаар хүрээлүүлж хэдийнэ амжсан билээ. Одоо “хуучин гэмтэл”-ийг өөрийг нь нураана…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

АНАТХ-ны эсрэг “Долоо хоног”

Posted by tseren on 2010/04/13

Өнөө цагт аливаа үйл явдлын том жижиг нь телевизээр хэр гарснаар хэмжигдэнэ. Амлалт нэхэх ард түмний холбооны UB Palace-т болсон цуглаан, цусан тангараг өргөсөн хэвлэлийн хурал, Сүхбаатарын талбай дээр эхэлсэн суулт, одоо үргэлжилж байгаа өлсгөлөн энэ хаврын №1 үйл явдал нэгэнт болжээ. Аль ч телевизийн мэдээллийн хөтөлбөр үүгээр эхэлдэггүй юмаа гэхэд заавал багтааж байна.

МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр эхэндээ АНАТХ-ныг муутгах талаас нь нэлээн оролджээ.

2010.04.02

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой хийсэн ярилцлага.  Тэрбээр АНАТХ-ийг баахан загнав. 

2010.04.03

Хамгийн эхний сурвалжлага нь АНАТХ-ны хийх гэж байгаа цуглаан муухай, оролцохгүй гэсэн МоАХ-ны дэд тэргүүн Ш.Түвдэндорж, Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан нарын хэвлэлийн бага хурал байлаа. Тун их ач холбогдол өгчээ.

2010.04.04

Ням гаригийн оргил цагт орон даяар шууд цацагддаг “Долоо хоног” тойм хөтөлбөр. Өнгөрсөн долоо хоногийн мэдээ, сурвалжлагаасаа уйтгартайгаар базаж давтдаг уг хөтөлбөр миний мэдэхээр анх удаа шинэ юм сэдэж цагаа 30 минутаар сунгаж байгаад дахин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, бас Р.Гончигдоржийг  студид хосоор нь урьсан байв. Нямдорж АНАТХ-ныхон болон тэдний ард нуугдсан М.Энхсайхан нарыг нэр цохож илчлэхээ үргэлжлүүлсэн бол Гончигдорж 1,5 сая төгрөгийн амлалтыг янз бүрээр зөвтгөхийг хариуцжээ. Бас болоогүй “Би сүүлийн хоёр жилд олон нийтийн телевизээр анх удаа гарч байна” гэж гомдоллов.

Энэ бол ер бусын “Долоо хоног” байлаа. Хэрвээ захиалга ирвэл “Монголын мэдээ” агентлаг цаг наргүй зүтгэхэд бэлэн ажээ. 

Гэхдээ үйл явдал өөрийнхөөрөө өрнөж 4-р сарын 5-нд цуглаан болдгоороо болсон билээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Цензур

Posted by tseren on 2010/04/03

Гуравдугаар сарын сүүлчийн өдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж Оюутолгойн гэрээг батлангуут МҮОНТ том компани, төслүүд шиг мөнгө төлдөггүй болохоор нь бараг үйлчилдэггүй, хааяа “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгээр хоосон асуулт тавьж хоосон яриулдаг олон нийт, бас уг гэрээг шүүмжилсэн УИХ-ын гишүүдийн өмнө тас хаагдчихав. Зөвхөн Оюутолгойн гэрээний ухуулга хөвөрлөө. 

3-р сарын.31-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр:

- Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр болгосон тухай хэвлэлийн хурал.

- Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын байнгын хороод хуралдах гээд чадаагүй, ирц хүрэлгүй маргалдаад тарсан.

- Өнөөдрийн сэдэв: Оюутолгойн асуудлаар. УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт хоёрыг студид авчирч өнөөдөр баталсан гэрээг өөрсдөөр нь тайлбарлан яриулав.

4-р сарын 1-ны 18 цагийн мэдээ.

Оюутолгойн гэрээний эсрэг иргэний хөдөлгөөнийхнийг турхирагчид хэн бэ? гэсэн асуултаар эхэлж “… телевизийн баатар болж үүргээ умартдаг улс төрчдөөс, монголын ард түмний нэр барьж төөрөгдүүлдэг тэр эрх ашгийг асуух ёстой гэж зарим гишүүд үзэж байна… Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр явуулсны үр дүнд харин Таван толгой тун хурдан урагшилна гаж зарим нэг нь үзэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн гудамжнаас дуугарч байгаа зарим нэгэн иргэний хөдөлгөөнийхний тулгалт, нэр бүхий 11 их хурлын гишүүний зөрөөтэй байр суурийг ангийн зарим нөхөд нь таашаахгүй байгаа бололтой” гэв.

Араас нь УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн яриа: “… Ерөөсөө энэ Оюутолгойн гэрээ хүчингүй болох хэнд ашигтай юм? Монгол Улсад ямар ч байсан ашиг байхгүй. Эх оронд ашиг байхгүй … Энийг ашиггүй болгох сонирхол хэнд байгаа юм бэ? Хамгийн түрүүнд манай хоёр хөршийгөө би хардаж байгаа юм. Ингээд Монгол улс зөвхөн хоёр хөршөөрөө явсан ийм эдийн засагтай ийм хараат ийм байдалд орох нь хэний эрх ашигт үйлчлэх юм бэ?…”

Сэтгүүлч: Сүүлийн хэдэн сар хэт их улс төрчдийн анхааралд байсан Оюутолгойн гэрээний тухай хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг зарим нэг хүн ойлгохоо ч байсан. Харин үүнд Засгийн газар өчигдөр цэг хатгалаа. Гэхдээ зарим нэг тээнэгэлзээ төрүүлж байсан зүйлд улсын хэтэвч атгаж тооцож суудаг сайд нь 6 асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлж бөндгөрөөрөө хариуцна гэсэн болохоор тэнэг ч хүн ойлгох асуудлыг битгий их улс төржүүлээрээ гэж эрхэм гишүүн хэлж байна аа. Хэт их улс төржих нь хэнд ч ашиггүй, харин ч дундаас нь огт өөр хүн завшиж мэдэх улс орны эрх ашгийг шоу байлгахгүй ийм л байр суурийг өнөөдөр олонхи гишүүн хэлж байна аа.

Дахиад Ч.Сайханбилэгийн яриа : “Ямар ч тэнэг хүн уншсан ойлгомжтой асуудлууд ш дээ. Одоо энэ дээр өөр яриа байхгүй. Одоо бид нар дахиад л яриа гаргах юм бол олон улсын арбитрийн шүүх дээр очно. Монгол улс дэлхийд өөрөө муухай болж харагдана. Энэ үнэ цэнийг хэн төлөх вэ? Оюутолгойн энэ гэрээ унаад хоёр хөрш рүү орох юм бол Тавантолгойн асуудал адилхан болно. Ураны асуудал адилхан болно. Монголд илрээд байгаа нефтийн асуудал адилхан болно. Бид нар Хойт Солонгос шиг болох хүсэл хэнд байгаа юм. Дэлхийд хаалттай хоёр хөрш нь орж ирээд бодлогоо хийдэг… Гудамжны хөдөлгөөнүүд хаанаас мөнгө аваад хаанаас ингэж их телевиз болгоны эфирээр бид нарт олдоггүй эфир тэр хүмүүст олдоод байгаа юм бэ? Бид нарт гарах мөнгө нь байхгүй байна шүү дээ, төрд алба хааж байгаа шийдвэр гаргагчдад. УИХ-ын гишүүд нь өөрсдөө телевизийн хөтлөгчид болчихсон. Хүн бол телевизийн хөтлөгч байж болно, гэхдээ шийдвэр гаргагч болоод энд ирсэн тохиолдолд юм шийдэх гэж болно шдээ. Түүнээс арван хэдэн жил улс төрд явчихаад шийдвэр гаргагчид нь телевизийн хөтлөгч болоод тэгмээр байна, ингэмээр байна, ингэвэл зүгээр, эсвэл их хурлын гаргасан шийдвэрүүсийг ингэж ёсгүй, тэгэх ёсгүй ингээд явах юм бол би энийг өнөөдөр Их хурлын гишүүн, шийдвэр гаргагчид байна аа гэж үнэхээр харж чадахгүй…

Сэтгүүлч: Ямартай ч өвөг дээдсээс үр хойч бидэндээ өвлүүлж үлдээсэн их говийн их үүц задарч эхэллээ. Харин энэ үүцнээсээ бид ихийг хожиж үлдэх ёстой. Үүний тулд дотроо хөнжлөө жийлцдэг биш, дороо суурьтай хандах учиртай. Хэн нэгний мөнгөөр хий дэмий шоу хийлгүй, уул уурхайгаас ард түмэн баялаг хүртдэг болох нь чухал гэдгийг зарим нэгэн төрийн түшээд ийнхүү хэлж байна.

Ийнхүү Сайханбилэг гишүүн монголын хамгийн том телевизийн дэлгэцэн дээрээс “Бидэнд телевизээр гарах мөнгө алга” хэмээн дэмийрэнгээ бусдыг гудамж талбайгаар цоллож, бас хоёр хөршид урваж шарвасанд сэрдэж дүвчигнэв. Төрийн түшээ гээд байгаа… Гэрээг баталсан хэд хоногт С.Баярцогт, Д.Зоригт сайдууд, бас Сайханбилэг өөрөө бүх сувгаас салахаа больсон билээ. Гагцхүү тэдэнтэй хамт “гудамжны хөдөлгөөнүүд” зэрэгцэж харагдсанд эрхэм гишүүн хилэгнэжээ. Гаргахгүй, ядахдаа төлбөр нэхээд хаах ёстой байж. Үүнийг МҮОНТ соргогоор мэдэрч зөвхөн Сайханбилэг тэргүүтэй “зарим гишүүд”-ийг гаргаж үйлчиллээ. Татвар төлөгчдийн мөнгөөр.

Мөн 4-р сарын 1-ны “Нээлттэй засаг” хөтөлбөр. Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн гэрээг баталж цэг тавьсан тухай тайлбарыг хөгжимтэйгээр найруулан үзүүлэв. Бас л Сангийн сайд С.Баярцогтын яриа.

“Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэг. Оюутолгойн гэрээний асуудлаар дахиад Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ны сайд Д.Зоригт, БОАЖ-ийн сайд Л.Гансүх гурав оролцож бүтэн цагийн турш үзэгчдийн асуултанд хариулав. Асуултыг утсаар авч тэдэнд дэвсэн өгч байлаа.

4-р сарын 2-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр. Ч.Сайханбилэг, С.Баярцогт хэдэнтээ гарч, дараа нь Ерөнхий сайд С.Батболд, тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хоёр албан ширээгээ хуваан зэрэгцэж мэдэгдэл хийхдээ, 4-р сарын 03-ны Бямба гаригийн өглөөний “Ярилцъя…” нэвтрүүлэгт дахиад Ерөнхий сайд С.Батболд студид ирж, орой нь “Цагийн хүрд”-ээр дахиад тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг бас студид ирж ярихдаа гэрээний талаар юу хэлсэн нь тодорхой.

Ийнхүү Оюутолгойн гэрээг баталснаас хойшхи хэдэн өдөрт түүнийг эсэргүүцсэн элдэв хөдөлгөөнүүд биш юм аа гэхэд албан ёсоор шүүмжилсэн УИХ-ын 11 гишүүн яг юун зөрчлийг нэхэж, чухам ямар заалтыг дахин нягтлахыг шаардсан талаар МҮОНТ нэг ч удаа хэлж өгсөнгүй, хэлүүлсэнгүй. Хөндлөнгийн байр суурийг ч цухуйлгаагүй.

Шуудхан хэлэхэд энэ бол цензур. Ноднин зун Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурахын өмнөх өдрүүдэд яг ингэсэн.  Бас 2008 оны 7-р сарын 2-4-ны өдрүүдэд. Гэхдээ тэр бол ядахдаа Ерөнхийлөгчийн зарлигаар байсан билээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

Аяганы хариу өдөртөө …

Posted by tseren on 2010/03/23

Хэдэн жил тээж яваа гомдлыг нь тайлалцаж өгсөн Үндэсний зөвлөлийн гишүүн, “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболдыг МҮОНТ өчигдөр орой урамшуулж 2010 оны 2-р улирлын хэвлэл захиалгын энэ өдрүүдэд ус, агаар мэт хэрэгтэй сониных нь сурталчилгааг орон даяар хийж өгөв. Монгол Улсад ийм агуу өдөр тутмын сонин байдаг гэж энэ мөчийг хүртэл зүүдлээ ч үгүй явсан биз, үзэгчид.

3-р сарын 22-ны Даваа гаригийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлагууд дотроос хамгийн урт (4 минутаас давсан) нь энэ байлаа.

Хөтлөгч: “… хэн нэгэн мөнгөтэй хүний захиалгаар нийтлэл мэдээлэл гардаг болсон энэ цаг үед хэнд итгэх вэ гэсэн уншигчдын тээнэгэлзээг өөрчлөх цаг болсон гэж үзэг нэгтнүүд маань уриалж байна. Монголын нийгмийг гэгээрүүлэх үүргээ мөнгөөр биш сэтгүүл зүйн том ёс зүйгээр удирдах тийм эр зориг энэ салбарынханд байгаа. Улс төрчдөөс ангид захиалгагүй сэтгүүл зүй сонин хэвлэлийн салбарт орон зайгаа олсон таатай мэдээллээр бид “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байна. Сурвалжлагч “Нийгмийг эмчлэгч нь, хоточ нохой мэт үнэнч байгч нь, бас дөрөвдэх том засаглал нь сэтгүүл зүй. Энэ салбарт цэвэр тунгалаг байж чадвал эцэс төгсгөлгүй мэт өнөөгийн улс төржилт, хэн нэгнийг хардсан чулуу боож шидсэн тэр л мэдээллүүд бидний тогооноос гарах ёсгүй юм. Үүний оронд харин олон нийтэд толгой бөхийн тэдний төлөө ажиллах ёстой төрийн өндөр дээд эрхмүүдийн ажлыг үнэнч шударгаар нийтэд дэлгэх захиалгагүй сэтгүүл зүй монголын сонины салбарт нэвтрэх цаг болжээ. Цаг үеэ эмчлэх сэтгүүлчдийн ёс зүйг байх ёстой тэр л байр сууринд нь аваачих захиалгагүй нийтлэл, мэдээллээрээ ”Үндэсний шуудан” сонин олны анхаарлыг татаж байна. Энэ сонины хамт олны 80 хувь нь сэтгүүл зүйд 10-20 жил ажилласан, “Бодлын солбицол”, “Ардын эрх”, “Зууны мэдээ” зэрэг сониныг үүсгэн байгуулж байсан мэргэжлийн сэтгүүлчид юм. Тус сонин хэвлэлийн зах зээл дээр ганц зүйлээр тод ялгардаг, энэ нь ардаа ямар нэгэн эзэн, улс төрийн намын харъяалал, компанийн өмчлөлгүй цорын ганц сонин юм. [Ерөнхий эрхлэгч Б.Ганболдын яриа. Нэгэнт сурталчлуулж байгаа болохоос сониноо магтах нь мэдээж тул ишлээд яахав] Сэтгүүлч: Энэ ч утгаараа “Үндэсний шуудан”-гийн нийтлэлийн бодлого нь нийгмийн олонхийн эрх ашгийг хамгаалсан, захиалгагүй учраас үнэний дуу хоолой болж чаддаг гэсэн дүнг тэдэнд уншигчдаас өгч монголын хамгийн олон захиалагчтай өдөр тутмын сонингуудын аман хүзүүнд давхиж явна… [Хамт олны магтаал. Бас л ойлгомжтой тул алгасав] Сэтгүүлч: Сүүлийн үед дуулиан тарьсан “Үндэсний шуудан” сонины нийтлэлүүдээс дурдвал УИХ-ын гишүүдийн тойрогтоо хуваарилсан 76 тэрбум төгрөгийн луйвар, гишүүдийн хууль баталсныхаа төлөө авах болсон 35 сая төгрөгийн булхайг тууштай эсэргүүцэж нийгмийн дэмжлэг болон холбогдох байгууллагуудын анхаарлыг татаж чадсан юм байна. “Үндэсний шуудан” сонины нийтлэлийн бодлого нь нийгмийн сайн сайхан, нийтийн эрх ашиг, шударга ёсны төлөө байдаг. Харин үүн дээр нэмээд ногоон сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө нийтлэлийн бодлогынхоо нэг хэсгийг зориулж ирсэн байна. Үүний нэг илрэл нь Тужийн нарсыг нөхөн сэргээх ажлыг анх санаачилж гурван жил дараалан улс орон даяар хөдөлгөөн илрүүлсний үр дүнг өнөөдөр энэ ойн 60 гаруй хувь нь сэргэснээр монголын ард түмэн мэднэ. Дээжилж барьдаг нь дээшээ харсан биш, харин ч ард олныхоо дунд байж чаддаг “Үндэсний шуудан” орон нутагт ч захиалгынхаа тоог нэмэгдүүлж нийгмийн түүчээ байх, өглөө бүр таныг шинэ мэдээллийн талхаар дайлахаар захиалгаа эхлүүлснээ бас уламжилж байна аа”

Манай мэдээллийн хэрэгслүүд дотроос өдөр тутмын сонинууд хамгийн чанартай нь. Тэдгээрийн дунд “Үндэсний шуудан” гарцаагүй урдуур давхидаг байж болно. Тэглээ гээд олон нийтийн телевиз ингэж намба алдан нялуурч болох уу?

Posted in "Зууны шуудан" сонин, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Том гомдол

Posted by tseren on 2010/03/23

Ойрдоо МҮОНТ-ийнхэн нийслэлийн захын гэр хороололд болон хөдөө аймагт тус телевизийн гаралтын чанар муудсан талаар үе үе гомдоллох болжээ. Олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн чанараас гадна айлуудад хүрдэг дүрс, дуу нь бас тааруу байгаа ажээ. Дамжуулах байгууллагын нөхдөд хэлээд засуулах ёстой асуудал мөнөөс мөн. Гэхдээ үүнийг зөвхөн шалтаг болгож томоос том гомдол мэдүүлэх нь тэр.

Бямба гаригийн “Цагийн хүрд”-ээр “МҮОНТ-ыг 40 гаруй жил цацаж байсан 4-р сувгаас техникийн шинэчлэл нэрээр 2-р суваг суваг руу шилжүүлснээс нийслэлийн захын хороололд нэвтрүүлгийн гаралт муудлаа” гэсэн эхлэлтэй сурвалжлага 2005 онд Монголын үндэсний телевизийг олон нийтийн болгохдоо дамжуулах байгууламжийг салгасанд харамсаад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн хуралдаан дээр “2004 оны сонгуулийн дараа МАХН, АН-ын дарга нар гар хөлөө барилцаад олон нийтийн болгохоор шийдсэн. Яамд руу явуулж санал аваагүй, нэг л өдөр Засгийн газрын хуралдаан дээр танилцуулаад их хуралд оруулсан. Ийм шоу л болсон” гэж хэлсэн бичлэгээр үргэлжлүүлэв. Залгаад тухайн үед Монголын радио, телевизийн захирлаар ажиллаж байсан, одоо “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч төдийгүй МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Ганболд ярьж, “ …тэр үед ерөнхийлөгч хориг тавьж рекламгүй болгосон… Байнгын хорооны хуралдаа н дээр З.Энхболд гишүүн дамжуулах байгууламжийг олон улсын жишгээр салгах ёстой гэдэг үүднээс хандсан. Харин УИХ-ын гишүүн Раднаа, мэддэг хүнээс нь асууя гээд телевизээс салах дуртай байсан инженерээс асуугаад шийдсэн…. Архивыг нь хүртэл Улсын төв архивт өгсөн. Хуучин энэ байгууллагыг удирдаж байсан Алтай орилоод, бас л Монгол телевизийн захирал байсан Энхбат, Монгол телевизэд ажиллаж байсан Сарангэрэл, Монгол телевизэд ажиллаж байсан Балхжав нар нийлээд Алтай удирдаад энэ телевизийг устгах ёстой, мөнгийг нь бид авах ёстой гээд ийм зорилгоор хийсэн …” гэсний дараа хөтлөгч “Олон нийтийн эрх ашгийн төлөө энэхүү сурвалжлагыг бэлтгэлээ” хэмээгээд төгсгөв.

Олон нийтийн эрх ашиг бол зөвхөн МҮОНТ-ийг биш, монголын бусад бүх телевизийг тэгш эрхтэйгээр хөдөө, хотгүй чанар сайтай үзүүлэх явдал юм. Иймээс дамжуулах сүлжээ нэгнийх нь мэдэлд бус, тусдаа, тэр тусмаа төрийн мэдэлд байх нь зөв. Олон нийтийн телевизэд байр сав, боловсон хүчнийг бүрэн шилжүүлсэн ба төсөв мөнгө, хөрөнгө оруулалтыг огт таслаагүй. Төлбөртэй нэвтрүүлгээр маш их мөнгө хийдэг хэвээрээ. Нэвтрүүлгүүд нь олигтой сайжраагүй хэрнээ орон нутагт дангаараа шууд цацагддаг монополь эрхээрээ хамгийн их үзэгддэг телевиз хэвээрээ явсаар өнөөг хүрчээ. Хэзээ нэгэн цагт энэ бүхэн дуусна. Дахиад 10 телевизийг орон нутагт дамжуулахад бэлэн болж МҮОНТ тэдгээрийн зөвхөн нэг нь болох өдөр тун удахгүй. Үүнийг гэнэт ухаарахдаа барьц алдаж, дамжуулах станцыг мэдэлдээ байлгаж бусдад зөвшөөрдөг байснаа санагалзсан сурвалжлага байна.

Алтай, Энхбат, Сарангэрэл, Балхжав нарын тухайд гэвэл МҮОНТ-ээр ”хүмүүжсэн” хүмүүс шүү дээ. Харин Б.Ганболд өрсөлдөгч телевизүүдийн захирлуудыг ямар нэгэн шалтгаанаар ”зоригтой” цоллож өглөө.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Америкаас “Ярилцъя”

Posted by tseren on 2010/03/20

Оны эхнээс МҮОНТ-ийн Бямба гаригийн өглөөний “Ярилцъя” нэвтрүүлэг “Америкаас явдаг” болсон билээ. Уг нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Мөнхтөр эндээс Америк руу явахдаа (миний сонссоноор, хувийн шалтгаанаар) нэвтрүүлгээ хэн нэгэнд даатгалгүйгээр, тэнд суугаа эх орон нэгтнүүдтэй ярилцлага хийж нааш илгээсээр бараг бүтэн улирал өнгөрчээ. Би бүгдийг үзээгүй ч надад тааралдсанууд нь аятайхан ярилцлагууд байв. Юм үзэж нүд тайлсан тэдэнд сонирхуулж хөөрөх, бас зааж хэлэх юм зөндөө ажээ. Дандаа жирийн монголчууд. Ер нь “Ярилцъя” гэхээр л УИХ-ын 76 гишүүн тэргүүтэй дарга, сайд нар (эхлэлийн хөшиг (шторк)-нд гардаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, цаашаагаа УИХ-ын гишүүд, сайдууд, МҮОНТ захирал Наранбаатар гээд томчуудыг хэлж байна) худлаа ярихгүй, хийх ёстой ажлаа “хийх ёстой” гэж хоосон чалчихгүй зүгээр юм байна. Гэхдээ МҮОНТ-ын дарга нар яаж зүгээр байхав, Мөнхтөрийн араар хэдэнтээ амжуулав. Дээрхэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр эндээс өөр сэтгүүлчтэй ярилцаад сууж харагдсан.

Цаашдаа энэ нэвтрүүлэг яах юм бол доо…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

МоЭнКо-гоос захиалга иржээ.

Posted by tseren on 2010/03/06

Саяын зуднаар уул уурхайн сэдэв хэсэг татарсан ч уул уурхайн компаниуд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн нэрээр Монголын үндэсний олон нийтийн телевизийг захиалгаар таслахгүй “Хөгжлийн тулах цэг” нэртэй нэвтрүүлгээ явуулсаар ирсэн юм. Өнгөрсөн 7 хоногийн дугаараар гэхэд МҮОНТ-ийн сурвалжлагч Өмнөговь аймагт нээгдсэн дээрх ассоциацийн төлөөлөгчийн газрын нээлт, “Байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлье” семинарт оролцоод авчирсан сурвалжлага үзүүллээ. “Энержи ресурс”, “Саусгоби сэндс”, “Оюу толгой” зэрэг компаниуд байгаль орчныг хэтэрхий сайн нөхөн сэргээж байгааг магтахын зэрэгцээ МУУҮА-ийн ерөнхийлөгч До.Ганболдтой хамтран “Таван толгой” ХК төрийн өмчтэй учраас муу нөхөн сэргээж байгааг шударгаар шүүмжиллээ. Төгсгөлд нь шударга сэтгүүлч маань нэрээ бичсэнгүй. Лав хоёр жил үргэлжилж байгаа “Хөгжлийн тулах цэг”-ийг бүтээгчид нь нэр, хаягаа хэзээ ч тавьж байсангүй.

Өнгөрсөн сард Хөшөөтийн уурхайн асуудал олон нийтийн төдийгүй төр засгийн анхаарлыг татаж аль социализмын үед зөвлөлтийн геологичдын хайгаад илрүүлчихсэн Хөшөөтийн орд газарт яагаад хонконгийн хэдэн хятадад хайгуулын тусгай зөвшөөрөл өгсөн (тэд Хонконгийн хөрөнгийн бирж дээр тавиад тэрбум тэрбум доллар босгож байгаа ), бас стратегийн орд газрын жагсаалтанд багтаах шаардлагатай эсэх талаар маргаан дэгдсэн билээ. Үүнийг ихэнх арилжааны телевизүүд нэлээд дэлгэрэнгүй сурвалжилж өдөр тутмын сонинууд асуудал дэвшүүлсэн олон өгүүлэл нийтэлсэн юм.

Харин МҮОНТ нэг л дуу муутай байсан. Тэд захиалга хүлээж байжээ. 3-р сарын 3-ны Лхагва гаригийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр өвөлжилт хүндрээд байгаа Ховд аймгийн хэд хэдэн сумын малчдад МоЭнКо гэдэг буянтай компани тусалж байна гэсэн нэр хаяггүй сурталчилгааны сурвалжлага гэнэт гарлаа. Бүр Ховд аймагт очиж газар дээрээс нь бэлтгэсэн байх юм. “Гэхдээ ганц сурвалжлагийн төлөө тийшээ нисэж очмооргүй юм даа?”

Үнэхээр тийм байна. Маргааш орой нь “Хөшөөтийн уурхай бүсийн хөгжилд” гэсэн захиалгат нэвтрүүлэг үзүүллээ.

Эхлээд МоЭнКо компани Ховд аймгийн зарим сумдын малчдад их хэмжээний тусламж гардуулан цуглааны арга хэмжээ, тэр  үеэр сумын Засаг дарга нар болон малчдын талархлыг оруулжээ. Дараа нь “Хөшөөтийн уурхайн талаар олон нийт ямар ойлголттой байдаг вэ?” гэсэн тэс өөр асуулт тавьсны дараа МоЭнКо-гийн сурталчилгаа эхлэв: … Олборлолт огт явуулаагүй … Зөвхөн шинжилгээний хэдэн тонн нүүрс гарсан… Энд хятад иргэд байхгүй. Хэдэн хүн ирээд явсан … Гол хувьцаа эзэмшигчид нь Америк, Хятад, Австралийн иргэд… Олборлолтоо эхлэхээс өмнө хатуу хучилттай зам тавьж байгаа… [МоЭнКомпанийн албан тушаалтнуудын яриа... тус компанийн зардлаар суралцаж байгаа оюутнуудын яриа... МоЭнКо компанийн тусламж үзүүлсэн аймгийн МСҮТ-ийн сурагчид, хүүхдийн ордны багш нарын яриа...]

Орон даяар сурталчилгаа хийж өгсөн уг нэвтрүүлгийн төгсгөлд ердөө л “2010 он” гэжээ. Бусад хэвлэл мэдээллээр шуугиад байгаа маргаан дэгдээсэн олон асуултыг огт хөндсөнгүй.

МоЭнКо компани нутгийн малчид ба олон нийтийн телевиз хоёроос нь эхлээд Монгол улсыг ховх худалдаад авчих юм байна.

Маргааш нь дахиад л МоЭнКо компани Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайн усны асуудалд онцгой анхаардаг,  бас зам тавьж байгаа тухай сурталчилгааны сурвалжлага гарч байлаа.

P.S:

Тэр орой “Усны эрчим хүчний шинэ гараа. Дөргөний УЦС” нэвтрүүлэг үзүүлэв. Түүнийг байгуулсан төслийн явц, хэрхэн баригдаж дууссан түүхийг нэгбүрчлэн танилцуулж, Дөргөний УЦС баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь тус цахилгаан станцыг барих шийдвэрийг удаж гаргасан, дэмжлэг дутагдсанаас болсон гэхчлэн тайлбарлав. Төгсгөлд нь “Дөргөн УЦС-2010″ гэжээ.  Дараачийн захиалгат нэвтрүүлэг байна.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, МАХН, АН-ын ачаар…

Posted by tseren on 2010/03/06

Ер бусын хүйтэн өвөл хөдөөгүүр ямар байгааг хотын бид телевизийн ачаар зөндөө үзлээ. Малынхаа тэн хагасыг үхүүлчихээд “яаж ч чадсангүй” гээд хэнэггүй зогсох муухан дээлтэй малчин эр, “өдий наслахдаа ийм хэцүүг үзээгүй” хэмээн цөхөрлийн нулимсаа ханцуйгаараа шударч суугаа малчин өвгөн бол энэ зудны бэлэг тэмдэг юм. Малчдын энэ мэт яриа хөөрөө, хашаа хороо, ахуй амьдралын дүр зураг өөр олныг үзмээр санагдавч тийшээ хурдан жиип хүлэглэн очоод зудны фонон дээр баатарлагаар зогсох, эсвэл тусламжийн цувааг үдэж зургаа авахуулах УИХ-ын гишүүд, сайд дарга нар халхалчихаад байлаа.  Телевизийн сурвалжлагчид хөдөөгүүр явахдаа зөвхөн дарга нарыг дагадаг учраас тэр.

Юу үзүүлснийг эргээд санахад, хөдөөгийнхөн хамгийн том зааландаа цугларч Улаанбаатараас очсон сайд, дарга нартай уулзалт хийж зовлонгоо ярьж сэтгэлээ онгойлгох үндсэн ажилтай шиг санагдсан шүү.  Сэтгүүлчид дарга дагасаар байгаад хөдөөний хүмүүсийн жинхэнэ амьдралыг олигтой сурвалжилж завдахгүй байх шиг.  Саяын зуднаар малчин айлд очоод “Танайд хоноё” гэсэн сэтгүүлч байв уу? Хөдөөг ХХААХҮЯ-наас сурвалжлахдаа ашиглах баахан дүрстэй буцдаг бололтой.

Сүүлийн үед МҮОНТ-ээр Завхан, Увс, Ховд, Говь-Алтай гээд баруун аймгуудын талаар тухай зөндөө олон мэдээ, сурвалжлага үзлээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэнэт хөдөөлөхөөр шийдэж нисдэг тэргээр баруун аймгуудын дээгүүр, зарим аймаг, сумдын төвд тэнгэрээс бууж нисэхдээ сэтгүүлчдийг дагуулсны ач юм. Үнэгүй юм байх биш, “Ийм хүнд үед ерөнхийлөгч хүйтэн гэлгүй ирж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаад иргэд талархаж байлаа” гээд өргөмжлөхийг зөндөө сонсов. Амралтын өдрүүдэд гарсан тусгай нэвтрүүлгүүдийн нэр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаваржилт хүндэрсэн аймгуудад” байв. Одоо алзахгүй ээ, баруун аймгийнхан…

Өнгөрсөн долоо хоногоос хойш Завхан аймгаас авчирсан өөр нэг цуврал сурвалжлагууд тасрахаа болив.  Тойрогтоо ажиллахаар нутгийн зүг жолоочийнхоо жолоог залуулсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “сэтгүүлчийг камертай нь дуудах”-аа мартсангүй.

Уржигдар, бас өчигдөр телевизүүдийн хувьд нэг ёсондоо Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгоны өдөр байв. Бүх телевиз ижилхэн шахуу сурвалжлагуудыг бэлтгэж нэгэн зэрэг үзүүлжээ. АН-ынхан пүрэв гариг тутмын “4-11″ өдөрлөгөө тэнд зохион байгуулах тухайгаа хэвлэл мэдээллийнхэнд зарлахад бүгд очсон байна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш телевизүүд Сүхбаатар, Дархан-Уул аймгийн талаар хичнээн сурвалжлав даа.  Өчигдөр TV9 телевиз бас нэгэн тусгай нэвтрүүлэг үзүүлэв. Энэ бүхэн бол “Ард түмнээ сонсоё” аяныг зохион дээрх хоёр аймгаас эхлэн зохион байгуулж байгаа МАХН-ын хайр халамж юм. Мэдээж хүссэнээрээ  сурталчлуулж авсан.   

Сенсаац! 

Өчигдөр хэн нэгэн даргыг дагаагүй орон нутгийн сурвалжлага анх удаа олдох шиг боллоо. Хэнтий аймгийн төрийн ажилтнуудын өдөрлөгийн арга хэмжээ болж үнэнч шударгаар ажиллаж ард түмэндээ үйлчлэхээ тангарагласан сурвалжлагыг хэлж байна. Яагаад гэвэл индэр дээр УИХ-ын гишүүн юмуу сайд дарга нараас ганц ч хүн харагдаагүй юм.

Харамсалтай нь бас үгүй ажээ. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс орон нутагт цуврал арга хэмжээ зохион байгуулахдаа сэтгүүлчдийг авч явсан гэнэ.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Энхбаяр телевизэд эргэн ирж байна..

Posted by tseren on 2010/03/01

Хагас жил чимээгүй шахам байснаа энэ өвлийн зуднаар малчдад тусламж хүргэж, бас олимпийн Ванкуверт оччихсон, монголчын цаначдыг “түрүүлээрэй” хэмээн уухайлж даапаалснаа ярьж телевизээр хэдэнтээ цухалзсан Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ням гаригийн орой МҮОНТ-ийн “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт оролцлоо. Сэтгүүлч Ш.Гүрбазар, түүний сургаар үзэгчид олон асуулт ирүүлснийг дурдсан хэрнээ шууд орхиж “Би таныг дэлхийд танигдсан хүн гэж үздэг“ гэж өөрийнхөө өмнөөс асуув.

Ийм жижиг асуултанд Н.Энхбаяр  “улсаа хөгжүүлсээр яваад ийм болчихлоо” хэмээн том хариулахгүй хаачихав. Тэгснээ “Би одоо харьцангуй чөлөөтэй байдалд байгаа учраас хэлчихье” гэж байгаад асуугаагүй асуултуудад хариулж өгөх нь тэр. 

… Би сонгуулийг харамсалтай нь луйвар болсон гэж үздэг. Намайг луйвардаад хавсарч байгаа унагаачихсан… Ард түмэн намайг нэг хэсэгтээ зүгээр сууж бай гэсэн байх. Нэг хэсэг дуугүй харлаа. Сайн юм хийвэл сайн л биз, харъя гэж бодсон. Хараад байхад нөгөө нөхдүүдийн маань хийж бүтээсэн юм багахан маань байна. Өнөөдөр үүнийг хэлэхгүйгээр сайн хүн болж харагдах гээд яахав… Энэ луйврын онцлог бол манай намын, миний удирдаж байсан намын удирдлагууд намын дарга, сонгуулийн штабын даргын оролцоотойгоор, үл оролцоотойгоор хийсэн. Үүний тулд 2008 оны сонгуулиар бэлтгэлээ хангаад 2009 оны сонгуулиар хийсэн. Үүнийг би намын даргын үйлдэл гэж ойлгодог… Хулгайч хүн хулгайгаа нуухайн тулд гэдэг шиг “Үндэсний шуудан” дээр өгсөн ярилцлагадаа намайг өөрөө уначихлаа гэсэн байна лээ…. Намын удирдлагад байгаа цөөн хэдэн хүмүүсийн хийсэн ажил… Тангадын Галсан гуай “Манайхан өөр намын бөхийг засаад малгайг нь өмсүүлчихлээ” гэсэн… Манай эхнэр Цолмонгийн нэр дээр Swisse Credite 1,3 тэрбум доллар байна гэсэн төөрөгдлийг бий болгосон. Сонгуульд дуусаад зарлана гэсэн зарлагдахгүй байна. Credite Swiss гэдгийг Swiss Credite болгож ганц үгэн дээр тоглосон … Хүн муулж амьдрах муухай… Н.Энхбаярыг муулдаг бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн баг, бүхэл бүтэн улс төрчдийн баг бий болжээ…”

Цаашаагаа Оюутолгойн гэрээгээр одоогийн эрх баригчдаас огт өөр баримталж байснаа дэлгэрэнгүй ярив.

Миний мэдэхээс Н.Энхбаяр анх удаа ийнхүү С.Баярыг албан тушаалаар нь дуудаж байгаад өнгөрсөн сонгуульд ялагдсандаа шууд буруутгаад зогсохгүй үүнээс хойш дуугүай суухгүй тэмцэж эхэлснээ мэдэгдлээ. Удахгүй болох МАХН-ын бага хурлаар намын даргын асуудал яригдана…

Н.Энхбаярыг ингэж “чөлөөтэй” яриулахын тулд олон нийтийн телевиз 18.10-аас гарах байсан “Хойд хөршөөр зорчсон тэмдэглэл”-ийг хасч тэр зайнд нь дараачийн хэдэн нэвтрүүлгийг урагшуулж шахаад бараг бүтэн цагийг (хөтөлбөрт уг нь 30 минутийн ярилцлага гэж зарлагдсан) суллаж өгсөн юм.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 11 Comments »

Дүүгийн телевиз …

Posted by tseren on 2010/02/26

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаярыг тойрсон тэмцэл хэвлэл мэдээллийн том сэдэв болж хувирлаа. Хоёр сарын өмнө дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас түүнийг олонхийн саналаар огцруулахаар шийдвэр гаргасан боловч одоо өөр нэг олонхи гараад ирчихсэн ИТХ-ын дарга С.Баяртыг огцруулсан мэдээ дуулдах боллоо. Өнгөрсөн хугацаанд “25-р суваг” телевиз ба C1 телевизээр “Сайханбаярын нэрнээс нь бусад худлаа” зэрэг төлбөртэй нэвтрүүлгүүд үзүүлжээ. Бас байн байн хэвлэлийн хурлууд…

Би Сайханбаяр гэдэг дарга сайн, муу ажилласан алин болохыг мэдэхгүй, гэхдээ ОХУ-ын Москва хотод дээд сургууль төгссөн дипломыг хуурамчаар (хуурамч гэдгийг нотолсон албан бичиг Москвагаас иржээ!) үйлдсэн нь түүнийг огцруулаад цагдаад шилжүүлэх хангалттай гэмт хэрэг байлтай.  Одоо Сайханбаяр огцрох эсэх нь Монголд хууль ёс хэрэгжих үү, үгүй гэдгийг шалгасан зарчмын асуудал болж хувирлаа.

Иргэдийн сонгосон Иргэдийн төлөөлөгчдийн хурал гацна гэдэг бол улс төрчдийн жирийн хэрүүлээс тэр өөр. Нийслэлд хамгийн том, хамгийн их асуудалтай (тэр чигээрээ гэр хороолол) Сонгинохайрхан дүүргийн 200 мянган иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үг.

Олон нийтийн телевиз хаана байна аа? Бахь байдгаараа сурвалжилж байгаа. Харамсалтай нь зөвхөн нэг талыг дэмжээд байх юм. Зарим жишээг мэдэж авцгаая. 

2010.01.06-ны “Цагийн хүрд”:

СХД-ийн ЗДТГ-ын нээлттэй өдөрлөгөөс хийсэн сурвалжлагаар дүүргийн ажлыг баахан магтахын хажуугаар Сайханбаяр даргаар хэсэг яриулав. Цаадах нь “намайг огцруулах гэсэн цаанаа хэсэг бүлэг хүмүүсийн асуудал байгаа” гэсэн өгүүлбэр хэлж бараг хэлмэгдсэн болж хувирлаа.

2010.01.09-ны 18 цагийн мэдээ:

Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарыг огцруулах тухай саналыг Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр хүлээж аваагүй тухай мэдээлэл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Болдсайханы дүүргүүдийн ИТХ-ийн шийдвэрийг буруутгасан тайлбар.

2010.01.23-ны “Цагийн хүрд”:

Мэдээллийн хөтөлбөрийн эхэнд шахуу СХД-ийн ИТХ төсвөө батлаагүйгээс төрийн ажил зогсоход хүрчээ гэсэн сурвалжлага үзүүлэв. Буруутнууд нь мэдээж Засаг даргыг огцруулах гээд байгаа төлөөлөгчид.

2010.02.02-ны “Цагийн хүрд”:

СХД-ийн Засаг дарга Сайханбаяр болон ИТХ-ийн хэсэг төлөөлөгчдийн зарласан хэвлэлийн хурлаас хийсэн сурвалжлагаар ИТХ-ын дарга нь тамгаа аваад алга болсон гэх мэтээр ярьцгаав. Хуурамч дипломын тухай мэдээлэлд Засаг дарга Сайханбаяраар хариу өгүүлэхэд”Би 2006 оноос хойш мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаар магистрийн зэрэг хамгаалсан” гээд ОХУ-ын Эрхүү хотод магистр хамгаалсан бас нэг диплом үзүүлжээ.

2010.02.25-ны “Цагийн хүрд”:

СХД-ийн удирдлагыг тойрсон маргаан дуусаагүй байна. СХД-ийн иргэдийн төлөөлөгчдийн огцруулсан  ИТХ-ын дарга тамга, тэмдгээ аваад зугатсанаас болж төрийн ажил хохирлоо гэсэн эхлэлтэй сурвалжлага. Тус дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд очиход хэсэг хүмүүс дээрх огцруулалтыг дэмжиж ярив.

Гэтэл энэ өдөр дүүргийн ИТХ-ын дарга С.Баяртыг дэмжсэн хэвлэлийн хурал “Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд болж дараа нь нийслэлийн ЗДТГ-ын үүдэнд цуглаан хийснийг арилжааны телевизүүд сурвалжилж урт, богино янз бүрээр үзүүлж байхад “Монголын мэдээ” агентлаг “мэдээгүй” Сонгинохайрхан дүүргийг зорьсон хэрэг.  

Олон нийтийн телевиз хоёр талын байр суурийг ээлжлүүлэн сурвалжлах ёстой баймаар. Тэгдэггүй юм байна. Үндэсний телевиз нэг дүүргийн асуудал дээр ийм хачирхалтай “бодлого” явуулаад байгаагийн цаана нэг учир байна гэж бодоход хүрлээ. Үнэхээр байгаа бололтой. Засаг дарга Сайханбаярыг дэмжиж байгаа ИТХ-ын хамгийн идэвхтэй төлөөлөгчдийн нэг нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарын ах юм гэнэ.

“Дүүгийн телевиз” найдвартай үйлчилж байна шүү!

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

“Цагийн хүрд” чанарын шаардлага хангаж байна уу?

Posted by tseren on 2010/02/20

Манай телевизүүд сайд, дарга, албан тушаалтнуудыг дагаж гүйсээр байгаад баримжаагаа алдаад байх шиг. Төрийн хоёр яам, агентлаг ийн хоёр дарга бие биендээ албан ёсны найрсаг айлчал хийж хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад зогсохгүй заавал телевиз дуудаж тэр оройжин бүх сувгаар нэгэн зэрэг гарах нь хавтгайрчээ.  Зөвхөн МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ээс авсан ганц нэг жишээ:

… Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяртай хамтран ажиллах гэрээнд гарыг үсэг зурав… Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр харьяа байгууллагуудын дарга нартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулав … УИХ-ын тамгын газар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулав…

Бие биерүүгээ утастаад (яах гэж төрийн тусдаа холбоо байдаг, яах гэж утас өгч зардлыг даадаг байна аа?) ажлаа зөвлөлдөх, эсвэл уулзаад (ихэнх яам, хотын захиргаа хэдхэн байшингийн зайтай) хуралдахыг хэн ч буруутгахгүй, гэхдээ үүнд телевиз дуудаж сүржигнэх ямар хэрэг байна аа? Яагаад телевизүүд яам, тамгын газарт болсон хурал семинар, уулзалт яриа бүрийг сурвалжилсаар байгаад сургачихаж. Сүүлдээ зөвхөн телевизээр гарахын тулд энэ мэт ёслол үйлддэг болж байх шиг.

Өчигдөр үдэш МҮОНТ-ийн “Цагийн хүрд” болон бусад мэдээгээр Улсын Их Хурлын тамгын газар, ШУА-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан сурвалжлагыг хэдэнтээ давтан үзүүлэв. Бас болоогүй, араас нь УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Шаравдоржийг “Цагийн хүрд”-дээ урьж яриуллаа. Дэлгэцийн доогуур “Өнөөдрийн сэдэв: УИХ-аар хэлэлцэх хуулиуд чанарын шаардлага хангадаг уу?” гэсэн сүрхий асуулт тавьсан ч цаадах нь УИХ-ын тамгын газраас ШУА, Хууль зүйн сургууль, бас Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой гарын үсэг зурах зэргээр “асар их ачаалалтай ажиллаж байгаа”, бас УИХ-ын хэвлэл мэдээллийн алба тусдаа вэб сайттай болсон зэргийг тоочлоо. Энэ хооронд хөтлөгч маань хуулийн чанарыг бүрмөсөн огоорч Төрийн ордны арын цэцэрлэгт парламентын ордон барих асуудлыг тойрсон маргааны тухай бөв бөөрөнхий асуулт дэвсэж өглөө.

Ц.Шаравдорж хэдийгээр УИХ-ын гишүүн байсан ч одоо биш, УИХ-ын гишүүдэд үйлчлэх ёстой УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэдгээ бүрэн умартаж өөрөөс нь ялгаатай нь яг одоо жинхэнэ байгаа хэсэг гишүүдийг сургаж өглөө:

… Төрийн ордны ард талын цэцэрлэгийн 80 хувь үлдэнэ… Парламентын ордон барих тухай УИХ-ын тогтоол 2006 онд гарсан. Зураг төсөл, байршлыг тогтоохыг үүрэг болгосон… Нэгэнт УИХ-аар шийдвэр гарсан бол тэр шийдвэрийг УИХ-ын гишүүд дагах ёстой. УИХ-ын шийдвэрийг шүүмжилж байгаа гишүүд ёс зүйн хувьд болохгүй байна гэсэн үг.

Жинхэнэ гишүүдийн эзгүйд экс гишүүн өөрөө тодорч байгаа бол нэг хэрэг. Гэхдээ “ёс зүйн хувьд болохгүй байгаа” гэгдсэн тэдгээр гишүүд Парламентын ордон барихыг бус, зөвхөн Төрийн ордны арын цэцэрлэгт босгохыг эсэргүүцсэн (УИХ-ын тогтоолд байршил заагаагүйг өөрөө хэлсэн) гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа мөртлөө орон даяар загнаад сууж байх юм. 

Парламентын ордон заавал Төрийн ордны ард байна гэсэн хууль байхгүй. Сүүлийн үед арилжааны телевизийн мэдээллийн хөтөлбөрүүд энэ асуудлаар иргэдийн саналыг сонсоход бүгд эсэргүүцэж харагддаг.  Тэгвэл олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” яав? Шаравдорж даргыг яриулаад гүйцээ.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Ноён Х (“Бороо гоулд”): Монголын бүх телевиз, сониноор гарга!

Posted by tseren on 2010/02/19

Бороогийн ордыг дуусгаад Гацууртын хэмээх дараачийн том орд руу чимээгүйхэн гэтэж суугаа “Бороо гоулд” компани саяын хэдэн өдөр гэнэтхэн мэдээллийн баатар боллоо. Урьд нь дандаа бусдаар өдүүлж байсан бол энэ удаад өөрөө, тэгэхдээ үл үзэгдэх пиарчид болон нэр, нүүр бүхий ажилчдын амаар дуугаа хадаав.

2009 онд Иргэний хөдөлгөөнүүдийн шаардлагаар УИХ-аас ажлын хэсэг байгуулж “Бороо гоулд”-ын үйл ажиллагаанд шалгалт хийж баахан зөрчил илрүүлсний дотор бага агуулгатай үлдэгдэл хүдрээс алтыг ялгаж авахын тулд нуруулдан уусгах технологийг бүтэн жил зөвшөөрөлгүй ашиглаж, тэндээс нь цианит алдагдсан байж магадгүй байсан тул тэр ажлыг зогсоожээ. Удалгүй мэргэжлийн хяналтынхан нарийвчилж шалгаад “цианит алдагдаагүй” гэсэн дүгнэлт гаргасан ч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд зөвшөөрөл өгөөгүй найман сар өнгөрөөд байгаа ажээ. Ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр удахгүй Засгийн газарт үүрэг даалгавар өгнө гэсэн бол Д.Зоригт сайд, янз бүрийн байгууллагуудаас байгаль орчинтой холбоотой гомдол гарсан учраас бид шалгаж байгаа, шийдвэрлэх хугацаа болоогүй гэж ярьсан юм байна.

Харин “Бороо гоулд”-ын боссууд дахиад цааш хүлээхгүйгээр шийдэж 2010 оны монголын уул уурхайн хоёрдахь том пиар кампанийг эхлүүллээ. Арилжааны телевизүүдын хувьд мэдээж ямар ч асуудалгүй, харин олон нийтийн телевиз яах бол? Тэдний аз болоход урьдын адил “хэзээд бэлэн” хүлээгээд байж.

Ингээд 2010.02.17-ны Пүрэв гаригийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр хоёрын хоёр захиалгат сурвалжлагыг саадгүй оруулж өглөө.

Эхний сурвалжлага:

… Бороо гоулд компанийн 50 гаруй ажилчид ажилгүй болоход ойртсон байна…Нуруулдан уусгах технологийг 2008 оны 6-р сараас туршжээ. … цианит натри алдагдаагүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Харамсалтай нь энэ аргыг монголын нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг өгөөгүй юм байна… “Бороо гоулд” компанийн ҮЭ-ийн хорооны дарга: Бид найман сар гаруй хүлээж байна. 50 гаруй хүний ажлын байр, дээрээс нь нэмээд орон нутгаас ажиллаж байгаа 20 гаруй хүн ажилгүй болж байна… Одоогийн байдлаар 10 гаруй хүн халагдсан байна… Энэ зөвшөөрөл удах тусмаа улсын төсөвт орох 1 тэрбум төгрөгийн асуудлаас эхлээд монгол ажилчдын ахуй амьдрал хэцүүдэж байгаа юм байна.

Дараачийн сурвалжлага:

… Монголын нөхцөлд хэрэглэх эсэх нь асуудал үүсгээд байгаа нуруулдан уусгах технологийг дэлхийн олон оронд хэрэглэдэг… Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас өөрийн гишүүдээ барууны дэвшилт технологитой танилцуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор аялал зохион байгуулдаг. Энэ удаагийн групп АНУ-ын Невада муж улсад нуруулдан уусгах аргыг хэрхэн хэрэглэж байгааг судалжээ. Группэд Ашигт малтмалын газар, УМХЕГ зэрэг төрийн байгууллагууд, тус ассоциацийн гишүүн байгууллагууд оролцсон байна…. Энэ бүхний эцэст нуруулдан уусгах технологи бол дэлхийн түвшинд хүрсэн технологи юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүрчээ… Ямар ч дэлхийн хөгжлийг тодорхойлогч гэгддэг АНУ-ын уул уурхайн салбар энэ аргыг хэрэглэж ашиг олж чадаж байгаа, харин манай улсын хувьд уул уурхайн салбартаа энэ аргыг хэдийнээс хэрэглэх нь одоогоор тодорхойгүй байна…

“Бороо гоулд” үнэхээр шуурхай бөгөөд чадалтай юм аа. Асуудал үүсмэгц төрийн албан тушаалтнууд болон олон нийтийн телевизийг сэтгүүлчийг баахан компанийн захирлуудаар жийрэглэн далайн цаад руу илгээгээд, сэнхрүүлээд, буцаагаад авчирч амжсан байх юм.

Энэ хоёр “хос” сурвалжлагыг ойрын хэдэн өдөр UBS, TV9, TV5 гээд бусад телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр тэр чигээр нь үзүүлсэн. Тус тусын хөтлөгчөөр уншуулсныг эс тооцвол үг үсэггүй ижилхэн. Сэтгүүлчийн микрофон дээрх логог хүртэл нэгэн зэрэг титрээр дарж халхалжээ.

Харин МҮОНТ үүгээр зогсохгүй шинжтэй. 

2010.02.19-ны Баасан гаригийн хөтөлбөртөө 18.10. “Алтгүй шороо”. 1-р хэсэг гэсэн нэвтрүүлэг зарласныг сонирхвол “Бороо гоулд” компанийн нуруулдан уусгах технологийг Америкаас дэлгэрэнгүй танилцуулсан сурталчилгааны нэвтрүүлэг байлаа. “Манай сурвалжлах хэсгийнхний очсон Невада муж улсын уурхайд …” гээд нэгд нэгэнгүй ухуулав. 

Өнөөдөр “Бороо гоулд” компанид зөвшөөрөл олгуулах бүхэл бүтэн кампани зөвхөн телевизээр өрнөөгүй, өдөр тутмын сонинуудын хуудсан дээр ч оволзож байх юм. Нөгөө л ажлын байраараа барьцаалагдсан “Бороо гоулд”-ийн ажилчдыг төлөөлж ҮЭ-ийн идэвхтэнүүд учир зүггүй идэвхийлжээ. Хар хүний өмнөөс шар хүн болох вий дээ. Бас дээр дурдсан ажлын хэсэгт багтсан “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурал хийхэд МҮОНТ  мэдээгээ хамгийн түрүүнд зориулж “Хариуцлагагүй төрийн түшээдээс болж “Бороо гоулд” компани хохирч байгааг тэд эсэргүүцлээ” хэмээн дуу хоолойгоо нэгтгэлээ.

Одоо Зоригт сайд тэр гарын үсгээ бушуухан зурахгүй бол хүний өөрийнгүй барьж идэх юм байна. Уул уурхайн компанийн барагдахгүй их мөнгө, түүгээр угжуулсан хэвлэл мэдээлэл хоёрыг хэн ч дийлэхгүй.

P.S: Бямба гаригийн 18.10-аас МҮОНТ-ээр “Алтгүй шороо” нэвтрүүлгийн хоёрдугаар хэсэг гарна.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 34 other followers