АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘+ СЭТГҮҮЛ’ Category

Монголчууд газар зүйн сэтгүүл хийж чаддаг[гүй]

Posted by tseren on 2014/01/29

National Geographic гэхлээр эрээн тахь юмуу гөрөөсийн сүргийг арслан, барууд хөөж гүйцэн нэгийг унагаад тасчих нь юун түрүүнд санаанд буудаг байсан цаг саяхан. Эхлээд ийм нэртэй сувгийг үзэж танилцсаных биз.

2012 оны 12-р сард америкийн National Geographic сэтгүүлийн монгол хувилбар Сүхбаатар нэрээ Чингэст алдахын өмнөх талбайд шар хүрээгээ босгож байгаад чанга дуугаар мэндэлсэн бол хэдхэн сарын дараа GEO хэмээх герман сэтгүүл чив чимээгүй үзэгдэх болсон юм. Адилхан газар зүй, танин мэдэхүйн энэ сэтгүүлийг монголчлох эрхийг урьд дуулдаагүй “Глобал пресс медиа” ХХК авчээ. Нягталбал, гадаад хэвлэл захиалгын “Эм-Жи-Эл Интернэйшнл” (MGL International) ХХК-тай хаяг нэгтэй буюу нэг эзэнтэй. Тэр нь Л.Энхтөр. Урьд нь сэтгүүл эрхэлдэггүй байхдаа Дэлхийн сэтгүүлүүдийн холбоо (албан ёсны нэр нь Олон улсын тогтмол хэвлэлийн  холбоо – FIPP)-нд элсчихсэн тууж явсан бол одоо жинхэнээсээ хэвлэн нийтлэгч болжээ.

Geo сэтгүүл (4)Монгол GEO сэтгүүлийн дугаарууд дажгүй. Хавтгайдуу цэлгэр хуудсууд дээр товчдуу бичлэг, зургууд тэвхийтэл байрлажээ. Герман маягийн эмх цэгц. Миний үзсэн дугаар бүрт монгол агуулга, тодруулбал, дээрхэн үед гадаад явж үзсэн хүмүүсийн дурсамжийг нийтэлжээ.  

Гэхдээ National Geographic-ын монгол түүхийг яаж гүйцэхэв. Өнгөрсөн нэг жилд гарч амжсан 13 монгол дугаарын хамгийн сонирхолтой нь юу вэ гэвэл, уг сэтгүүлд өнгөрсөн зуугаад жилийн хооронд үе үе хэвлэгдсэн монголын тухай том жижиг гэрэл зураг, тайлбарыг дахин нийтэлснийг хэлнэ. Зарим нь сайтад бий. Тэр бүхэн хэзээ нэгэн цагт дундрах ч Америкийн газар зүйн нийгэмлэгийн болоод бусад эх сурвалжаас монголын түүхийн сэдвийг таслахгүй үргэлжлүүлэх аргыг олох биз. 

Гадаад юм болгонд нүдээ бүлтийлгэдэг цаг өнгөрчээ. Өөрсдөө очоод харчихсан, эсэхүл суваг эргүүлээд HD-гээр үзчихдэг болсон монголчууд иймэрхүү сэтгүүлийг хэр уншдаг бол? Хувь ширхэгийн талаар албан ёсны тоо байхгүй. Юутай ч дэлхийн хамгийн өндөр Эверестийн 8848 метр оргилд авирч гарах нь баатарлаг явдал мөн хэдий ч жилдээ дөрвөн зуугаад, нийтдээ 4000 гаруй хүн тийм гавъяа байгуулчихсан төдийгүй авиралт гэж ямар хачин юм байдгийг санаанд оромгүй зургуудаар нотолж тайлбарласан “Түм түжигнэсэн Эверест” нийтлэлийг National Geographic-ийн ноднингийн нэг дугаараас уншаад элдэв дүрс урсаад өнгөрдөг дэлгэцээс сэтгүүл заримдаа илүү гэдэгт итгэсэн шүү. Уулчид оргилд гарахын өмнөх нарийхан жимд багталцахгүй, бараг зодолддог, осолдож юмуу хөлдөж үхсэн хүмүүсийн цогцос хаа сайгүй хэдэн жилээр хэвтэж байх…      

ngm_2014_01Бас нэгэн зүйл. Монгол National Geographic-ийн 2014 оны 1-р сарын дугаарын хавтасны сэдэв нь “Путины цэнгүүн” буюу хэдхэн хоногийн дараа ОХУ-д Сочи хотноо эхлэх Өвлийн олимпийн наадмыг зүсэн зүйлээр гутаасан нийтлэл байх юм.  Тэр нутагт зуу гаруй жилийн өмнө оросууд черкесүүдийг эзлэн хөөснөөс эхлээд барилгын материал зөөж явсан нисдэг тэрэг осолдсон, хананы том зураг нацист германыхтай төстэй, бас нэг гол үерлэсэн, Оросыг гадныханд хүйтэн ханддаг Засгийн газартай гэхчлэн буруутгаад Путины царайд ихэмсэг, хүйтэн  төрх тодорсноор дуусгажээ.  Бас олимпийн эсрэг жагсаал цуглаан, ижил хүйстнийг хориглосон хууль гаргасан гэжээ. (Миний мэдэхээс энэ худлаа. Ижил хүйстнийг зөвхөн насанд хүрээгүйчүүдийн дунд сурталчлахыг хориглосон). Энэ дэлхийн сайн сэтгүүлийн стандарт болсон National Geographic мөн үү? Сэтгүүлийн өөр хэлний сайтууд руу дөнгөж сая шагайж үзчихээд хэлэхэд, үнэхээр тийм нийтлэл (Putin’s Party) бичигджээ. Улс орнууд тус тусдаа орчуулан нийтэлжээ. Харин хавтсан дээрээ гаргаж тавьсан нь ганц манайх. Барууныхан энэ олимпийг өдөр шөнөгүй муулж, улс төрчид нь бараг бойкотлож, алан хядагчид дэлбэлэхээр сүрдүүлж байхад шүү. Даанч энэ бол гадаад сэтгүүл. Арга буюу нийтэлсэн учраас “тунг нь тааруулж хүртээрэй” гэж эрхлэгчийн зурваст сануулсан байх гэж бодлоо.  

Гэнэт үгүйлснийх, газар зүйн талын монгол сэтгүүл байна уу? Сүүлийн хориод жилд “Монголын газар зүй”, “Аялал жуулчлал”, “Аялал, амралт” нэртэй сэтгүүлүүд эхний хэдэн дугаараас цааш яваагүй. Уржнан “Их ав” гэж яг National Geographic шиг гонзгой, бас яг ижил 20.000-ын үнэтэй сэтгүүл үзэгдээд өнгөрсөн. Ядахад, “Аялал жуулчлал, тогтвортой хөгжил” гэж мундаг онолддог сэтгүүл бас тогтож хөгжсөнгүй. Харин өнөөдөр хэвлэлийн тавиур дээр “Нүд алдам” гэж нэртэй ганц сэтгүүл байна. Хуудсан дээрээ дэлгэн харуулсан монгол орон, тал нутаг, хүмүүс үнэхээр дуу алдам, гэхдээ сэтгүүл өөрөө хараахан тийм биш…

Posted in + СЭТГҮҮЛ | Leave a Comment »

Нэйшл Жеографик-ийн монгол түүх

Posted by tseren on 2012/09/18

… 1905 оны нэгдүгээр сар. Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон. “Нэйшнл Жеографик” (National Geographic) сэтгүүлийн газар. Ээлжит дугаараа хэвлэлд шилжүүлэхээр бэлтгэж суусаар шөнө дөл хүргэсэн 23 настай редактор Гильберт Гросвенор (Gilbert Grosvenor) бүхэл бүтэн 11 хуудасны материал сох дутаж байгааг сая мэдлээ. Тэвдсэндээ ямар ч хамаагүй бичлэг олох санаатай хайсаар нэгэн дугтуй таарч нээхэд дотроос нь Төвдийн нийслэл Лхасын байдлыг харуулсан бөөн гэрэл зураг гараад ирж. Тэндээс хэдэн томыг шилж хоосон хуудсуудаа дүүргэж макетлаад бушуухан хэвлэх үйлдвэрт илгээв.

Анх 1888 онд Америкийн Үндэсний газарзүйн нийгэмлэг үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор эрхлэн гаргаж голдуу гишүүдийнхээ бичсэн газарзүй, танин мэдэхүйн урт өгүүллүүдийг нэвсийтэл нийтэлдэг, зураг чимэглэл гэх юмгүй шинжлэх ухааны маягийн сэтгүүл байжээ. Харин залуухан редактор “залхуурч” баахан зураг оруулсандаа нийгэмлэгийн ерөнхийлөгч, телефон утсыг зохион бүтээгч агуу Александр Беллээс банга хүртэхэд бэлдлээ. Гэтэл санаандгүй бүтсэн энэ дугаар уншигчдад маш таалагдав. Бас Беллд. Уйтгартай, өгүүлэл материал байнга дутдагаас болж дампуурахдаа тулаад байсан сэтгүүлийн хувьд аврал төдийгүй сэтгүүл зүйд бяцхан нээлт болчихжээ. Тэр цагт зурагт гэж байсан биш, зөвхөн сонсож, сайндаа л уншиж байсан үлгэр домгийн мэт тэр газар орныг уншигчдийнхаа нүдний өмнө авчирчээ. Зарим зургийг сэтгүүлийн хоёр нүүрийг дэлгэж цэлийтэл нийтэлсэн нь бараг анхных. Чухам эндээс өнөөдөр бидний мэдэх “Нэйшнл Жеографик”, цаашилбал, орчин үеийн зураг чимэглэлтэй сэтгүүлийн эхлэл тавигдсан гэж үздэг. Дараа жил нь сэтгүүлийг “зургийн ном” болголоо гэж дургүйцсэн хоёр судлаач Нийгэмлэгийн гишүүнээсээ огцорч байжээ. Элдэв сонин хэвлэлээс хамаг сонирхолтойг нь түүж машиндаад бизнесменүүдэд зарахаас Reader’s Digest эхэлсэн гэх мэт сэтгүүл зүйн түүхэнд тэмдэглэгдсэн олон түүхийн нэг бол энэ.

Харин XIX-XX зууны заагт гадаадынханд хаалттай, нууцлаг хэвээр байсан, “хүний дүрийг жижигхэн хайрцагны нүхээр оруулаад авч явах”-ыг тас хорьж цаазаар авах хүртэл шийтгэдэг байсан Төвд орныг барууныханд нээсэн гэж хожим үнэлэгдсэн тэр зургуудыг авсан хүмүүс нь Хаант Оросын дорно дахины судлаач, гэхдээ монгол цустай буриад Гомбожаб Цыбиков (Цэвэгийн Гомбожав), халимаг Овше (Увш) Норзунов хоёр юм.

Гомбожаб Цыбиков залуудаа Хүрээнд ирж монгол, төвд хэл суралцаад буцсан, хожим 20-иод онд Монголд хэдэн жил зөвлөхөөр ажилласан намтартай. 1899 онд Оросын гадаад хэргийн яамны даалгавраар монголчуудын жинг дагаж Далай ламыг зорьсон мөргөлчний дүрээр Төвдөд нэвтэрч 1902 оныг гартал 888 өдөр амьдрахдаа Лхасын бараг хамгийн анхны гэмээр 200 орчим зургийг нууцаар дарж чаджээ. Нөгөө Норзунов бол Төвдөд гурван удаа очихдоо хоёр удаад нь Монголоор дайрч явсан ба 1901 оны хавар Оросын газарзүйн нийгэмлэгээс өгсөн даалгавар, гэрэл зургийн аппаратыг авч Лхаст сар шахам болохдоо 45 ширхэг зураг авчээ. Сонирхолтой нь, тэр хоёр Лхаст хэдэнтээ тааралдахад Цыбыков Норзуновыг өөртэй яг адилхан францын Self Worker хэмээх зургийн аппараттайг мэдсэн ч өөрийнхийгөө тас нууж байжээ. Тэд авсан зургууд эхлээд Оросын болон Европын зарим хэвлэлд гарч дараа нь Оросын газар зүйн нийгэмлэгээс 50 ширхэгээр хайрцаглан цомог болгож Америкийн Үндэсний газар зүйн нийгэмлэгт бэлэглэсэн нь “Нэйшнл Жеографик” сэтгүүлийн ширээн дээр очин Гросвенорын гарт таарсан хэрэг. Сэтгүүлийн 11 хуудсыг эзэлсэн 11 зургийн зургаа нь Норзунов, тав нь Цыбыковынх. Хэдэн сарын дараа буюу 1905 оны зун 13-р Далай лам Нийслэл хүрээнд заларч оросуудтай хэлэлцээр хийж үеэр тэдэнд хэлмэрчилсэн Цыбиков тэр цомгийг Далай ламд өөрийн биеэр бэлэглэсэн нь түүхэнд үлджээ. Жаахан хэтрүүлэхэд, монголчуудын авсан хэдэн зураг “Нэйшнл Жеографик” сэтгүүлийг аварч хөл дээр нь босгосон юм. Харин орчин үеийн зурагт сэтгүүлийн эхлэлийг тавьсан гэвэл дэндүү хэтэрчих биз.

… 1962 оны гуравдугаар сар. Америкчууд хаа байсан монголчуудын шинэ дүр төрхийг олж харлаа. “Нэйшнл Жеографик” сэтгүүлийн ээлжит дугаарын хавтсан дээр эсгий гэрийнхээ үүдэн хавьд явган суугаад хэн нэгний ярианд чих тавьж ширтсэн хэдэн монгол хүний зураг хэвлэгдэж энэ дугаарын гол нийтлэл (cover story) нь 289-өөс 345-р хуудсанд нийт 57 нүүрийг эзэлсэн “Гадаад Монголд хийсэн аялал” аян замын тэмдэглэл байлаа.

Хэн бичив? Барууныхан Монголд өдрийн од шиг үзэгддэг, АНУ, БНМАУ хоёр дипломат харилцаагүй байсан цаг. Гэтэл юу болоод ч юм 1961 оны дундуур АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Вильям Дуглас (William O.Douglas) монголын виз хүсчээ. Төдөлгүй визийн хариу ирж (хэр удаан хүлээснээ бичээгүй) тэрбээр хувийн журмаар өөрийн эхнэр Мерседес, мөн “Нэйшнл Жеографик” сэтгүүлийн гэрэл зурагчин Дин Конгер нарын хамт гурвуулаа 1961 оны 9-р сарын сүүлчээр Москвад ирж тэндээс монголын виз авч Эрхүүгээр дамжин нисч Улаанбаатарт бууж Монголд хэд хоноод 10-р сарын эхээр бас Москвагаар дамжин буцжээ. Анзаарсан уу? НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 16-р чуулган Нью-Йоркт үргэлжилж Монгол Улсыг элсүүлэх эсэх тодорхойгүй дэнжигнэж, том гүрнүүд, тэдгээрийн дотор АНУ оролцсон том тоглоом явагдаж байсан өдрүүд. Тэгтэл энэ аялал… Өгүүлэл дотор Монголын хуульчдын холбооноос урьсан тухай дурджээ. Социалист хуульчдын олон нийтийн байгууллага өөрөө мэдээд америк шүүгчийг урина гэж байх уу? Тэгэхлээр манай Намын төв хороо НҮБ-д санал хураахаас өмнө зүгээр суугаагүй, нэг юм бодсон байж болох…

Ямар ч байсан Дуглас буцахдаа дахин Москвад үдлэх зуураа “АНУ Гадаад Монголыг яаралтай хүлээн зөвшөөрч НҮБ-д элсэхийг дэмжих ёстой” гэсэн мэдэгдэл хийж америкийн хэвлэл мэдээлэл, гадаад бодлоготнуудыг бяцхан оволзуулаад авсан байна. Маш сонин. Ямар ч байсан хориод хоногийн дараа буюу 10-р сарын 27-нд Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон билээ. Хожим Дуглас шүүгч БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөхийг Засгийн газартаа уриалсан өгүүллийг “Нью-Йорк таймс” сонинд бичиж гэсэн шүү.

Аяллаас хойш хэдэн сарын дараа Дугласын бичсэн өгүүлэлтэй “Нэйшнл Жеографик”-ийн дугаар хэвлэгдлээ. Дэндүү сонирхолтой. Тэд монголын нийслэлд ороогүй газар үгүй, Улсын их дэлгүүр, хоршоо, Пионерийн ордон, биеийн тамирын заал, хоёрдугаар эмнэлэг, гурилын комбинат, нэхмэлийн үйлдвэр, Ардын дуу бүжгийн чуулга, Улсын төв музей, И.В.Сталины нэрэмжит улсын номын сан, Гандантэгчинлэн хийдээр зочилж Маркс, Энгельс, Ленин, Сталин, бас Чойбалсангийн хөрөгтэй МУИС-ын дугуй зааланд оюутнуудтай уулзжээ. Хөдөөгүүр явсан тухайд эхлээд Тэрэлжид амарч, дараа нь Өвөрхангай руу мэдээж “орос жип” буюу брезентэн бүхээгтэй хоёр “Газ-69”-ээр хөдөлж Хархорин-Эрдэнэзуу, Хужиртын рашаан, аймгийн төв Арвайхээр хот, Богд сум, Улаанбаатарын ойролцоох адууны ферм, дараа нь Ил-14 онгоцоор Хөвсгөл аймгийг зорин нисч замдаа Булганд түр бууж Цагаан-Үүр суманд АН-2 онгоцоор хүрчээ. Голдуу малчин айлуудаар орж зочлуулжээ. Харин Төв хороо, Засгийн газар, сайд дарга нар, тэдэнтэй уулзсан тухай нэг ч үг дурдаагүй. Үзэл суртал, уриа лоозон, коммунизм энэ тэрээр даапаалсан юм бараг үгүй. Харин Гандангийн тэргүүн хамба Гомбожав тэргүүтэн зоог барих үеэрээ “Монгол улс НҮБ-д элсэхийг Америк яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?”, “Америк Монголыг хүлээн зөвшөөрч болохгүй гэж үү?”, бас “Хоёр улсын хооронд оюутан, багш солилцож болохгүй юу?” гэх мэт асуултанд булагдсанаа дурджээ. Зочдыг хаа сайгүй найрсгаар угтаж идээ будаагаа бялхуулан зочилсон монголчууд тун сайхан сэтгэгдэл төрүүлснийг Дугласын бичсэн мөрүүдээс харж болно. Өвөрхангай төвд хятад ажилчдын бригадтай тааралдсан ч Монгол улс Хятадаас зайгаа барьж Зөвлөлт Орос руу илт хандаж байгааг анзаарчээ. Нийтлэлийн хамгийн сүүлчийн өгүүлбэр энэ байна: Одоо монголчууд өрнийн соёлоос хол тасарсан, жүд-христийн соёл иргэншлийн нөлөөнөөс дэндүү хол, барууны агуу ном зохиолын талаар ойлголт алга. Хэрвээ тэд Орос, Хятадын завсарт хавчуулагдсан хэвээрээ удваас үзэл суртлын хүүхэлдэй болон хувирах биз. Тэгвэл халуун сэтгэлтэй, эрэлхэг энэ ард түмний хувьд төдийгүй чөлөөт ертөнцийн хувьд эмгэнэлтэй”.

Бичлэгээс гадна зургууд нь гайхалтай. Анх 1959 онд “Нью-Йорк таймс” сонины Пулитцерийн шагналт сэтгүүлч Харрисон Сэлисбери Зөвлөлт Холбоот Улсаар аялах зуураа Монгол руу ороод гарсан тухайгаа бичиж нийтлүүлсэн нь сонины өгүүлэл байсан. Тэгвэл “Нэйшнл Жеографик”-ийн энэхүү аян замын тэмдэглэл маш дэлгэрэнгүй бичлэгээс гадна ихэнх нь Дин Конгерийн 60 ширхэг гэрэл, бас нэг газрын зургаас бүрдэж байна. Бүгдээрээ өнгөт! Хотод ч, хөдөө ч цав цагаан шүдээ яралзуулсан хөрслөг бор монголчууд. Зурган дээрх цулцайсан жаалууд одоо хаа нэгтээ яваа даа. Харин оксфорд аялгатай англиар ярьдаг гэж ноён Дугласаар хэлүүлж явсан орчуулагч залуу бол одоо ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.Очирбал бололтой. Өнөөдөр, яг хагас зууны дараа надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол Зайсангийн амны баруун энгэрээс авсан Улаанбаатарын дэлгэмэл зураг. Дөчин мянгатын орон сууцнууд, Төв шуудан, Залуучуудын ордон (одоо Драмын театр), Улаанбаатар зочид буудал, Энхтайвны гүүр, Төв цэнгэлдэх босчихсон, харин 120 мянгатын эхний хэдэн барилга дуусаагүй, эргэн тойрон хөдөөгөөрөө нийслэл хот. (1913 онд францын зурагчин Тасганы овоон дээрээс авсан Хүрээний зураг энэ хоёр бараг тавь, тавин жилийн зайтай, иймээс ирэх жил ойг нь тэмдэглэсэн ч болохоор). Энд бас монголчууд гэрээ яаж барьдгийг 6 ширхэг зургаар хичээл мэт харуулсан нь барууныханд хачин сонин байсан төдийгүй санаа сэдэл өгч тухайн үедээ american yurt, handicrafted yurt нэрээр авсаархан, угсардаг есөн шидийн гэр, сууцыг зохион бүтээж үйлдвэрлэж худалддаг компаниуд хүртэл байгуулагдаж байжээ.

Тэртээ 1962 оны “Нэйшнл Жеографик”-ийн Монголын тухай өгүүллийг монголчууд уншаагүй өнгөрсөн, хэрвээ уншсан бол Очирбал нараас хэтрээгүй биз. (Дурсамж яриулахсан). Барууны сэтгүүлүүд социалист лагерьт хатуу хяналттай, лав би оюутан байхдаа Ленинградын номын санд зарим хуудсыг зүсээд авчихсан (ЗХУ-ын тухай “буруу” бичсэн учраас тэр байх) дугаарыг анх харж билээ. Харин миний ярьж өгөөд байгаа энэхүү дугаарыг Сан-Францискод суугаа Ширчингийн Баатар хуучин номын дэлгүүрээс олж авснаа надад дурсгасныг санаж дахин талархлаа илэрхийлье. Би олон хүнд үзүүлж гайхуулсан, одоо бичлээ.

Ер нь “Нэйшнл Жеографик” сэтгүүл зуу гаруй жилийнхээ түүхэнд Монголын талаар хэдэн удаа бичсэн бол? Миний уншсанаар, 1920-иод оны дундуур Монголд хэдэнтээ ирж 100 шахам сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн араг яс, өндөг зэргийг илрүүлсэн Америкийн судлаач Рой Чапмэн Эндрюс Монголд туулсан адал явдлынхаа талаар National Geographic-ийн 1933 оны зургадугаар сарын дугаарт том өгүүлэл бичсэн, бас 2,36 метр өндөр Гонгорын зургийг 1922 онд Нийслэл Хүрээнд авснаа арай өмнөхөн нийтлүүлж байжээ.

1980-аад оны сүүлчээс Монгол улс нээгдэж хэд хэдэн удаа бичүүллээ. Манай сонинууд “Нэйшнл Жеографик” сэтгүүлээс толилуулж байна гээд аваад байдаг. Тэгтэл 1996 оны 12-р сарын дугаар хавтсан дээрээ эзэн Чингэсийн зурагтай, нэрийг нь Genghis Khan гэж бичсэн, дотроо Майк Эдвардсын бичсэн “Монголчуудын эзэн” (Lord of the Mongols) нэртэй түүхийн өгүүлэл Жэймс Стэнфилд-ийн авсан Чингэс хааны төрсөн ба байлдан дагуулсан газар оронд авсан гэрэл зураг, бас газрын зургуудыг нийтэлж Монголыг дахин нэг алдаршуулав. Энд орсон дундад зууны Их Монголын байлдан дагуулалтыг дүрсэлсэн газрын зургууд одоо ч энд тэнд ном бүтээл, баримтат кинонд байнга ашиглагддаг.

Ямар ч байсан “Нэйшнл Жеографик” хавтсан дээр нь манай Монгол хоёр удаа гарчээ.

… 2012 оны 9-р сар. “Нэйшнл Жеографик”, бас түүнээс салбарлаж гарсан Нэйшнл Жеографик Трэвелер (National Geographic Traveller), Нэйшнл Жеографик Kидс (National Geographic Kids) сэтгүүлүүд Монголд, монгол хэлээр хэвлэгдэн гарах гэж байна. Өнөөдөр дэлхий даяар энэ сэтгүүлийг 33 хэлээр уншиж, монголчууд 34 дахь нь болно. Одоо энэ мөрүүдийг уншигчид лавтайяа Интернэтэд суугаа. Хэдхэн тасхийлгээд сэтгүүлийн сайт руу нэвтэрч уншихад ямар ч саадгүй. Уншаад зогсохгүй кабельтай айлууд 100 хувь баримтат нэвтрүүлгийн Нэйшнл Жеографик Чэннал (National Geоgraphic Channel)-ийг өдөр шөнөгүй үздэг. Хуудас ч эргүүлэхгүйгээр нүдээр үзэх сэтгүүл. Байн байн зарлагддаг “Нэйшнл Жеографик”-ийн шилдэг зургуудийг манай сонин сэтгүүл, сайтууд сайхан хуулдаг даа. Одоо монголоороо уншдаг боллоо.

Аливаа сэтгүүлийн нүүр царай бол хавтас. “Нэйшнл Жеографик” эхний 70 гаруй жилийн турш хавтсандаа зураггүй байсан бол 1959 оны 7-р сарын дугаарт Америкийн төрийн далбааг тавьснаас хойш аажмаар өнөөгийн төрхийг олжээ. Афганы дайны үед Пакистан дахь дүрвэгсдийн лагерьт амьдарч байсан цоргисон нүдтэй өнчин охины зураг бүхий 1985 оны 6-р сарын дугаарын хавтас домог болсон. Үүнийг авсан гэрэл зурагчин Стив Мак-Карри олон жилийн дараа дахин Афганистан явж удтал хайсны эцэст хаана амьдарч байгааг олж 2002 оны 4-р сарын дугаартаа гаргасан түүх алдартай.

  

Орчин үед сонинууд нарийсч, сэтгүүлүүд хавтгайрсхийж байхад “Нэйшнл Жеографик”-ийн хэлбэр хэмжээ огт өөрчлөгдөөгүй, гонзгой хэвээрээ. Хавтасны шар хүрээ нь Time сэтгүүлийн улаан хүрээ шиг олонд танигддаг таних тэмдэг. National Geоgraphic Channel-ийн дэлгэцэн дээр ийм шар хүрээ агаарт эргэлддэгийг үзэгчид сайн мэднэ. Нэг сонин зүйл гэвэл АНУ-д тус сэтгүүлийг захиалахад “автоматаар” Үндэсний газар зүйн нийгэмлэгийн гишүүн болдог. Эсвэл эсрэгээр.

Өнөөдөр “Нэйшнл Жеографик” нэрнээсээ хальсан дэлхийн хэмжээний танин мэдэхүйн сэтгүүл болж тэнд Монгол байраа эзэллээ. Тавин жилийн өмнө “энэ улс ер нь яах бол?” хэмээн түгшиж бичсэн америк сэтгүүл.

Posted in + СЭТГҮҮЛ | 5 Comments »

Монголын Economy

Posted by tseren on 2012/03/16

Өнгөрсөн зууны төгсгөлөөр нэртэй эдийн засагч Н.Дашзэвэг “Та эдийн засагч” нэртэй сониныг нэлээд хэдэн жил  эрхэлсэн юм. Эхний үг илүүдсэн биш үү гэж асуухад The Economist-тай адилтгаснаа хэлж байсан.

Харин ноднин “Өнөөдөр” сониноос гарсан эдийн засгийн сэтгүүлч Д.Бэхбаяр, И.Отгонжаргал хоёрын үүсгэн байгуулсан Mongolian Economy сэтгүүл жинхэнээсээ монголын The Economist байх зорилготой гэж ойлголоо. Зөв. Зуу гаруй жилийн түүхтэй дэлхийн эдийн засаг, улс төрийн нөлөөтэй сэтгүүлийн стандарт өндөр байж таарна. Юуны өмнө загвар, дэглэлтээс нь манай Economy нэлээд санаа авчээ. Гэхдээ улс төргүй шахам, “эдийн засаг санхүү, бизнесийн сэтгүүл”. Дугаар бүртээ нэг сэдвийг сэтгүүлчийн нүдээр харж нэлээд сайн задалж А.Амарсайханы хөгжилтэй зургаар хавтсаа чимдэг, эдийн засагчдад зориулсан гэхээсээ илүү нийтлэгдүү, тун дажгүй сэтгүүл сар тутам хэвлэгдэн гарч байна. Цааш эдийн засгийн тал руугаа улам гүнзгийрэх үү, эсвэл … гэсэн асуулт гарцаагүй төрж байна. Төвлөрч дагнах гэдэг бол амжилтын үндэс мөн, гэхдээ зөвхөн сэдвээр дагнадаггүй… Ихэнх агуулга нь монгол, харин монгол нийтлэлийнхээ заримыг товчлон орчуулсан англи хувилбар арын хавтаснаас эхэлдэг. Одоохондоо рекламын хуудасны тоо цөөхөн.

Сэтгүүлийн http://www.mongolianeconomy.mn  сайт нь зөвхөн дугаараа дагадаггүй, өдөр тутмын шуурхай мэдээлэлтэй юм байна.

Posted in + СЭТГҮҮЛ | 1 Comment »

Монголын №1 ПАПАРАЦИ сэтгүүл

Posted by tseren on 2012/03/05

Дөнгөж сая 50 дахь дугаар нь хэвлэгдэж гарсан “Соронз” сэтгүүл өөрийгөө “14   хоног тутмын монголын №1 сэтгүүл!” гэж өргөмжлөхдөө “папарацци” тодотголыг бичихээ мартсан юм шиг байна. Гэхдээ яахав, юугаар гоёж пээдгэр явах нь тус сэтгүүлийн хувийн хэрэгт тооцъё.

Харин “Соронз” өөрөө улс төрчид, захирлууд, бөхчүүд, тамирчид, урлаг соёлын одуудын хувийн амьдрал руу дээд зэргээр өнгийдөг сэтгүүл. Саяхан нэгэн бүжгэн жүжиг үзсэн олны танил хүмүүс хувцсаа авч өлгүүрийн дэргэд хэдэн мөч саатахдаа хэдэн папараццид бүслэгдэж гэрэл зургийн аппарат зогсоо зайгүй ширшархийн гэрэл маналзахад “аймаар байсан” гэж нүдээрээ үзсэн хүүхнүүд ярилцахыг сонслоо. Зөвхөн театрт төдийгүй бусад үзвэр, баяр ёслол, найр наадам, хурал чуулган дээр Canon, Nikon-ий урт дурангууд үргэлж онилоостой. Дэлгүүр үйлчилгээний үүдэнд бол найдвартай олзлогдоно. Ямар ч албархуу дарга, битүүлэг боссууд Скай супермаркет орохоороо задгайрч авгай, эсвэл нөхөр хүүхдээ дагуулж том тор барьчихсан … папарацци нарын амттай зууш.

Хүмүүсийн хувийн амьдралд халдах нь тийм ч ариун явдал биш. Гэхдээ  “Соронз” сэтгүүл барууны маягаар бизнес болгож чадсан төдийгүй шинэ цагийн сонин соёлыг тогтоож байна. Үүнд цаад “объект”-ууд дуртай байдаг гэж хэлэхгүй, гэхдээ тийм ч дургүй биш, нэлээд нь илт дуртай болжээ. Үнэтэй дээл хувцас, гоё эхнэр (өндөрссөн хамар, давхраа нэмсэн нүднүүд ороод) , чинээлэг нөхөр, хөөрхөн хүүхдүүд, тансаг унаа тэргээ бусдад гайхуулж “түүхэнд үлдээх” хэрэгтэй биз дээ. Тэрнээс биш одууд өөрсдөө камер бариад бие биенээ авч далжигнаад байх зохимжгүй. Зарим нь өөрөө урьж папараццидуулж, зурган дээр гараагүй үлдсэнийг амаараа гүйцээдэг болжээ. Сэтгүүл оддын зургуудад тайлбар хийхдээ догь аргатай бөгөөд ямар ч сөрөг баримтыг ч “саяхан гэр бүлээсээ салсанд фэнүүд нь аймаар харамсаж байгаа, удалгүй хэн нэгэнтэй учраасай” гэхчлэн хөөрхийлөхөд хэргийн эзэн тайвшрахаас өөр хаачихав.

Одууд шиг сайхан, ухаантай, хөөрхөн, гуалиг болгодог оо энгэсэг, эм бэлдмэлийн сурталчилгаагаар пиг дүүрэн хуудсууд. Хоёр жилийн дотор ямар ч бизнесийн жамаар “Соронз” сэтгүүл даган дууриагчид, бас өрсөлдөгчидтэй болжээ. Хамгийн ойр нэхэж яваа нь “Гранд” сэтгүүл.

Posted in + СЭТГҮҮЛ | 1 Comment »

Монголын “ТIME” ба америкийн “Космополитен”

Posted by tseren on 2012/01/15

Монгол, монголчууд дэлхийн тавцанд гарлаа гэсэн мэдээ үе үе дуулддаг. Саяхан Олон улсын  тогтмол хэвлэлийн холбоо (International Federation of the Periodical Press/Fédération Internationale de la Presse Périodique (FIPP) буюу Олон улсын сэтгүүлүүдийн холбоонд манай “Үндэстний ТОЙМ” сэтгүүл (BNCA ХХК) гишүүнээр элссэнийг тус байгууллагын Magazine World сэтгүүлд мэдээлжээ.

Одоо дэлхийн энд тэнд болдог сэтгүүл эрхлэн гаргагчдын хурал семинарт олон хэлийн төлөөлөгчидтэй зэрэгцэж суугаад хуралддаг болно. Тэр үеэр манай “ТОЙМ”, америкийн “ТАЙМ” хоёр тааралдаад ихрийнхээ өрөөснийг гэнэт олсон мэт  зогтусч болзошгүй юм. Сэтгүүлийн агуулгад гайхалтай тохирсон “тойм” хэмээх монгол үг бичлэг, дуудлага хоёроороо очиж очиж дэлхийн №1 сэтгүүлийн нэртэй захиалсан мэт таарсныг ашиглахгүй бол алдас болно. Ингээд үндэстний хэмээх бяцхан угтвартай “ТОЙМ” мэндэлсэн байх. Одоохондоо америкчууд TIME (шрифт), бас Red border design (улаан хүрээ) хоёрын барааны тэмдгээ “Тойм”-оос харамлаж барьсан сураг  дуулдаагүй. Дэлхий даяараа америк сэтгүүлийг дууриадаг тул тоохгүй.

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл www.toimsetguul.mn сайтдаа өөрийгөө танилцуулж “… шар мэдээллээс ангид боловсрол танин мэдэхүйн чиглэлийг редакцынхаа гол бодлого болгон, уншигчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой бөгөөд нийгэм эдийн засаг, улс төрийн мэдээллийн үндэсний хэмжээний №1 сэтгүүл болохын төлөө ажиллаж байна” гэжээ. Үүнд залруулга хэрэгтэй, яагаад гэвэл анхнаасаа №1 байсан. Тэгээд ч түүнтэй өрсөлдөх долоо хоног тутмын мэдээллийн сэтгүүл (newsmagazine) Монголд огт байхгүй. Гэхдээ АНУ-д Time, Newsweek, US News & World Report гурав, Германд гэхэд Stern, Spiegel, Focus гурав үзэж тардагийг харгалзвал манайх хэдий жижиг зах зээл ч тун удалгүй өрсөлдөгчид өндийж мэднэ. Дэлхий даяар тогтмол хэвлэлийн хүндийн төв өдөр тутмын сониноос сэтгүүл рүү шилжих хандлагатай тул  яваандаа янз бүрийн нөхдүүд хошуурах магадлалтай.

“Үндэстний ТОЙМ”-ыг эрхлэн гаргадаг BNCA ХХК бол Бодь групын 50% -ын хөрөнгө оруулалттай хамтарсан компани бөгөөд уг сэтгүүлээс гадна baabar.mn сайтыг эрхэлдэг гэжээ. Анх хааяа нэг хэвлэгддэг сурталчилгааны маягийн сэтгүүл байснаа уржнан долоо хоног тутмын горимд шилжихдээ телевизийн хөтөлбөр нийтэлж 1000 төгрөгөөр зарагдан уншигчдаа татдаг байснаа удалгүй бяр амтлагдаж больсон төдийгүй дугаарын үнээ нэмж 2500 төгрөг болгосон юм. Өнөөдөр өнгөрч буй долоо хоногийн үйл явдлын баримт фактыг хоржоонтойгоор багцалж, өдөр тутмын сониныхоос хавьгүй сонирхолтой, зураг, график, схемтэй нийтлэлээр дүгнэж чадаж байна. Товчхондоо, монголын “ТАЙМ” гэдгийг сануулахад хангалттай. Хавтаснаасаа эхэлдэг cover story буюу дугаарын сэдвүүд янзтай. Санаж байгаагаас, “Мүүнтэй нөхцсөн Монгол”, “Бясалгал бол тэнэглэл биш”, “Би ямар тагтаа юм уу?”, “Бонустай залуу”, “Солонгосын бэр”, “1998 оны 10-р сарын 2. Зориг алагдав”, “20 дугаар тогтоол”. Би хувьдаа долоо хоног тутам худалдаж авдаг боловч уншиж бардаггүй. Гарчиглаад орхиход хайран санагддаг тул тэвхийтэл хураагаад байгаа. Харин оны зааг дээр гарсан New York Times-тай хамтарсан “Эргэлтийн цэг 2012″ тусгай дугаар том хавтгайгаар хэвлэгдсэн тул сондгойроод, номын тавиур дээр багтахгүй байна.

 

Монгол гэдэг нэрийг дэлхийн сэтгүүлийн тавцанд дуудуулсан нөгөө жишээ бол 2010 оны 12-р сараас монгол хэл дээр гарч эхэлсэн Cosmopolitan юм. Америк гоо сайхан, амьдрал, хэрэглээг стандарт болгосон эмэгтэйчүүдийн гялгар америк сэтгүүлийн стандарт ямар байдгийг бид монголоор хардаг боллоо. Нэр (англиараа), шрифт, хэмжээ, өнгө, сэтгүүлийн дотоод бүтэц, нүүр булангууд, бичлэгийн загвар, мэдээж макет дизайн тэр чигээрээ стандарт. Сэтгүүлийн хавтаснаас хүний нүд хамгийн түрүүнд тусдаг яг тэр цэгт тавьсан секс гарчиг, хажууд нь европ царайтай хүүхнүүд, хааяа тэдэн шиг болтол “сайжирсан” монгол хүүхнүүд угтаж авдаг нь бас л цаанаас тогтоож өгсөн хатуу стандарт.

Америк хувилбарыг хуудас хуудсаар эргүүлэхэд хавтас, хавтасны дотор тал – реклам, дараачийн нүүр реклам, эргүүлээд реклам, дахиад реклам, эргүүлээд бас реклам … реклам, реклам, (сая нэг) гарчиг, реклам, реклам, ямар нэгэн нийтлэлийн эхлэл, дахин реклам хагас хуудас, нийтлэл хагас хуудас, реклам … Харин монгол хувилбар арай даруу: реклам, реклам, эрхлэгчийн мэндчилгээ, реклам, гарчиг, гарчиг, нийтлэл, реклам … Ямартай ч манай (яг үнэндээ Улаанбаатарын) зах зээлээс сар тутам, нийт 14 дугаар тасралтгүй хэвлэгдэн гарахад хүрэлцэхүйц реклам босгож чаджээ. Үнэтэй гутал хувцас, цүнх, гоо сайхны барааны реклам дүүрсэн (хаана ямар дэлгүүрт зарж байгааг жагсаасан лавлах хуудастай) сэтгүүлийг монгол хүүхнүүд дуртайяа худалдан авч (нэлээд хэдэн мянган хувь хэвлэгддэг гэж сонссон) амтанд нь орчихсон бол хаа газрын хүүхнүүдэд ялгаа алга…

Cosmopolitan-ийг Монголд хэдэн гайгүй сэтгүүлийг (гадаад сурталчилгааны “Mongolica”, “Изинис” компанийн нислэгийн Smart Way гэх мэт) эрхэлдэг “Ирмүүн Мальтимедиа” ХХК Hearst корпорацид санал тавьж гэрээ байгуулсны үр  үр дүнд тус сэтгүүлийн 61 дэх буюу монгол хувилбарыг гаргажээ. Сайт нь www.cosmopolitan.mn.

Бас нэг зүйл. Эхний дугаарыг Бээжинд хэвлүүлж авчирсан бол одоо зөвхөн Улаанбаатарт, “Улаанбаатар принт-д хэвлүүлдэг. Монголд дэлхийн түвшний сэтгүүлийг үйлдвэрлэж чаддаг болсон байна.

   

Posted in + СЭТГҮҮЛ | 2 Comments »

KMNews ба Ulaanbaatar Korea Times

Posted by tseren on 2010/10/09

Улаанбаатарыг сүлжсэн солонгос олон рестораны нэгэнд Монголд хэвлэгдэн гардаг солонгос хоёр сэтгүүлийг үзлээ.

Монгол судлаач Юрий Кручкин “танай Улсын Их Хуралд хорин жилийн дараа солонгос хүн орвол гайхах явдалгүй” хэмээн нэгэнтээ хэлж билээ. Саявтар Солонгост амьдардаг, солонгос нөхөртэй бөгөөд тэндхийн иргэнд элссэн монгол эмэгтэй хотынхоо хуралд сонгогдсон тухай дуулдсан. Монголоос ирсэн энэ тэр гэж хажиглаагүй нь сайхан хэрэг, гэхдээ 50 сая хүнтэй тэр улсад хэн ч анзаарахгүй. Харин ердөө 2,8 сая хүнтэй манайд яахав? 

Хятадууд монголыг худалдан авч байгаа бол ходоодоор, харин солонгосчууд тархиар нь. Телевизийн бүх сувгийг эзэгнэсэн солонгосын олон ангит кинонууд, христийн шашныг өдөр шөнөгүй, хот хөдөөгүй дэлгэрүүлж буй үй олон солонгосчууд. Энэ янзаараа бол Монгол улс хорин жилийн дараа солонгос маягийн христич орон болно. Баталгаатай.        

Сэтгүүлдээ орьё. Эхнийх нь “Монголд суугаа солонгос иргэдийн нийгэмлэгийн KMNews, нөгөөдөх нь Ulaanbaatar Korea Times – News for Korean Residents in Mongolia. Хоёулаа долоо хоног тутам гардаг, тус бүрдээ зуу гаруй хуудастай. Дан солонгосоор бичигдсэн бөгөөд багтаж ядтал чихсэн зар, реклам сурталчилгаанууд. Эргүүлж сонирхоод, солонгосчууд Улаанбаатарт дэлгүүр, үйлчилгээ, ресторан, зочид буудал, сургууль, цэцэрлэг, үйлдвэр, түүхий эд бэлтгэл гээд байж болох бүх бизнестэй болсныг мэдэв.  Арай монгол дээл, буриад гутал л оёдоггүй байх. Тэгээд монголчуудтай огт харилцахгүй, тэднээс хамаарахгүйгээр зөвхөн өөр хоорондоо үйлчилж цэцэглэсэн бие даасан эдийн засаг юм байна. Дээрээс нь энэ хоёр сэтгүүл… 

Нүдэнд сүртэй харагдахгүй, “Даяар Монгол”-ынхний хараанд өртөхгүйгээр таран байрласан Koreatown яах аргагүй байна. Монгол дахь солонгосчуудад улс төрөөс бусад нь бий болжээ. Улс төрийн тухайд Ю.Кручкины хэлснийг саная.

Posted in + СЭТГҮҮЛ | 8 Comments »

Монголд зориулсан “Солонго”

Posted by tseren on 2010/09/12

Ардчилал, компьютер, Интернэтээс өмнө (манайд гурвуулаа зэрэг шахам эхэлжээ)  хилийн чанадад монгол хэл дээр хоёр сэтгүүл гаргаж байсан нь хоёулаа мэдээж ЗХУ-ынх байлаа. Эхнийх нь ТАСС-ын “Зөвлөлт Холбоот Улс” хэмээх дэлхийн олон хэл дээр гардаг алдартай сэтгүүлийн монгол хувилбар. Москвагаас бэлтгэж ирүүлсэн дугаарын текстийг Улаанбаатарт орчуулж бэлтгээд Улсын хэвлэлийн комбинатад хэвлүүлэн тараадаг байв.  Нөгөөх нь АПН (Агентство печати “Новости”)-ын “Октябрийн туяа”.  Хоёулаа 1991 онд СССР задарснаар хаагдаж алга болсныг хэн ч анзаараагүй.   

Харин Хятад улс өвөрмонголчуудын нэрээр 1993 онд “Солонго” нэртэй сэтгүүлийг “ар” монголчуудад зориулан монгол хэлээр гаргаж эхэлсэн байх юм.

Удирдах байгууллага нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, эрхлэх нь Хятадын ӨМӨЗО-ны гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг.  Өвөрмонгол, өвөрмонголчууд голлоно, гэхдээ нийт Хятадыг мартдаггүй энэ сэтгүүлийн доторхийг ийм тийм гэж дүгнээд яахав. Тэгээд ч нэг улс нөгөө улсдаа өөрийгөө сайнаар сурталчлах нь мэдээж. Энгийн бичлэгтэй сонирхолтой нийтлэлүүд зөндөө тааралдана. Саяхны нэг дугаарт 31 настай эдгэшгүй өвчтэй хүүгээ аврахын тулд 55 настай ээж нь долоон сарын турш өдөр бүр 10 км алхаж элэгнийхээ өөхийг эмчийн шаардлагын дагуу багасгаж, улмаар элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон талаар бичсэн байлаа.

   

Сэтгүүл өөрийн түүхийг “… “Солонго” сэтгүүл анх эхлэхдээ худам, кирил бичгийг харьцуулсан, жижиг 16 зүсмийн 64 хуудас, үүнээс 12 өнгөт хуудастай сарын сэтгүүл байлаа. 1999 оны нэгдүгээрээс жижиг 16 зүсэм, 48 бүрэн өнгөт хуудастай хос сарын “Радуга”, “Солонго” гэсэн орос, кирил хэвлэлийн хоёр сэтгүүл болон өөрчлөв. 2002 оны нэгдүгээрээс том 16 зүсмийн өнгөт сарын сарын сэтгүүл болгож, угийн байсан орос хэлээрх “Радуга”-г зогсоож, кирилл бичгээр гардаг “Солонго” сэтгүүл 48 хуудастай байсныг 64 хуудастай болгож, уг нь ганц кирилл бичгээр гарч байсныг агуулгын товч болон зургийн тайлбарыг хятадаар хадах болжээ…” гэхчлэн бичжээ. Анзаарсан уу? 1999-2002 онуудад бүр оросоор гаргаж үзжээ. 

Би “Солонго” сэтгүүлийн 1997 оны нэгэн дугаарыг хадгалсан байснаа гаргаж сонирхвоос бичлэгийн хэл нь 10 гаруйхан жилийн дотор өөрчлөгдсөн санагдлаа. Бид өөрсдөө гадаад гэж гадуурхдаг европ үг хэллэгийг хүртэл хэдийнээ сурч хээвнэг дурайлгажээ. Тэр тусмаа уйгаржин монголоор нийтлэхээ бүрмөсөн больж, 13 жилийн өмнөх дугаарт ханз бараг харагдаагүй бол одоо дээр хэлсэнчлэн агуулгын товч, гарчиг, тайлбарыг хятадаар бичиж байна.  

2005 онд Улаанбаатарт төлөөлөгчийн газраа байгуулсан, одоо Монгол Улсад 2000 ширхэг сэтгүүл тараагдаж байгаа гэнэ.  Сонирхолтой нь манайд гадаад хэвлэлийн биш, “Монгол шуудан” компанийн дотоод хэвлэлийн захиалгад орсон харагддаг. 

Дэргэдээ www.solonggo.net  гэдэг дан мэдээллийн вэб сайттай, харин тэнд сэтгүүлийн тухай юу ч алга. Хамаг хэвлэл Интернэтэд шилжихийн хажуугаар Улаанбаатарт “Одон” телевиз, дээрээс нь хятад хэлтэй бол хэд хэдэн Cи Си-г  өглөө оройгүй үзэж байхад (оросоор ярьдаг Си Си хүртэл байна) “Солонго” сэтгүүл цаашдаа яах бол?  Нэгэнт бизнес биш сурталчилгаа учраас цаашдаа гарсаар байх биз.

АНУ-ын мэдээллийн агентлаг ЗХУ-д зориулан гаргаж байсан “Америка” сэтгүүлийг 1994 онд хаахдаа нэгдүгээрт, хүйтэн дайн дууслаа, хоёрдугаарт аливаа мэдээлэл гэрлийн хурдаар дэлхийг тойрч байхад хоёр гурван сар бэлтгэдэг сэтгүүл хэтэрхий удаан учраас хэмээн тайлбарлаж байлаа.  Хятад бол АНУ биш, гэхдээ өнөөдөр 1994 он биш…

Posted in + СЭТГҮҮЛ | 1 Comment »

10 номерийн “Соронз” хаачив?

Posted by tseren on 2010/06/30

2009 оны 12-р сард мэндэлсэн монголын People буюу “Соронз” сэтгүүл борлуулалтаараа 14 хоног ба сар тутмын сэтгүүлүүдийг тэргүүлж байгаа гэнэ. Рекламны,  түүнийг дагаад нийт хуудасны тоо ч нэмэгджээ. Одоо сэтгүүлүүд энэ зүгт хошуурна. Үүнээс сэргийлж “Соронз” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллэг [өгүүлэл гэх ёстой], зураг, реклам, бусад материалыг редакцийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн болон хэсэгчилсэн хэлбэрээр дахин хэвлэхийг хатуу хориглоно” гэжээ. Маш зөв.

Харин “Мөн сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг даган дууриахыг хориглоно. Оюуны өмчийн гэрчилгээгээр баталгажуулсан болно” гэж айлгасан нь дэнджээ. People-ийг шүүхэд өгөх юм болов уу? Гэрэл зураг, нийтлэл, нэр, лого, макет чимэглэлд хүртэл гэрчилгээ авч болох байх, харин нийтлэлийн бодлогод бол үгүй.  Одоо ийм сэтгүүл гаргахыг хүсэгчид “Соронз”-ыг биш People-ийг дууриасан юм гэж хэлэхэд л хангалттай.  Өнөөдөр Монголд монгол нэртэй, монгол агуулгатай Elle, Cosmopoliten, Vogue (хольсон)-ээс эхлээд улаан хүрээт Time хүртэл гардаг. Далайн цаана мэдээ ч үгүй яваа.

Хамгийн сүүлд “Соронз” сэтгүүлийн 11 дэх дугаар хэвлэгдэн гарчээ. Харин таны харж байгаа №10 буюу өмнөх дугаарыг хэвлэлийн мухлаг, номын дэлгүүрт хүргүүлээд маргааш нь шахам буцаагаад хурааж авсан гэнэ. Зургаа тавиулж бичүүлсэн нэгэн эрхэм “бөөн юм болж” редакци дээр нь тавиад очиж дээ…

Posted in + СЭТГҮҮЛ | 8 Comments »

Удахгүй “Омогшил” төрнө

Posted by tseren on 2010/06/30

Спортын төв ордны өмнөх зарлалын том самбар дээрээс “Омогшил” сэтгүүл өөрийгөө омогтойхон зарлаж байна. Хамаг спортыг хамарсан нийтлэг сэтгүүл байх нь. Өнөөдөр манайд бөх, хурдан мориныхоос өөр олигтой спортын сэтгүүл алга. “Женко” Баттулгын гараас гарсан Judo, Powerlifting сэтгүүлийн хэдэн гайгүй дугаар харагдсан ч тэрүүхэндээ эргэлдэж таарна. Сүүлийн хоёр гурван жилд үзэгдсэн “Спортын цонх”, G Sport , Sole (хөл бөмбөгийн), The Fast and the Furios, Гоол, Спорт сэтгүүлүүд ээлж дараалан сураг алдарчээ. Уг нь “Таван цагираг” сонин ганцаараа эзэгнэж буй спортын хэвлэлийн зах зээлд сайн сэтгүүл хэрэгтэй.

Түвшинбаяр, Бадар-Ууган хоёрыг Бээжингээс алт авахад монголчуудад төрсөн тэр мэдрэмжээр энэ сэтгүүлийг нэрлэсэн болов уу даа. 

Posted in + СЭТГҮҮЛ | 1 Comment »

Shuud сурталчилгаа

Posted by tseren on 2010/04/23

News.mn ба Shuud.mn-ийн өрсөлдөөн энэ хаврын Улаанбаатарын гадуур сурталчилгааны  нэг онцлог байлаа. Зөвхөн компьютер асааж Интернэтэд холбогдон хаягийг бичихэд дэлгэцэн дээр нээгддэг сайтууд гудамжинд гарч  ирсэн нь манай хэвлэл мэдээлэл хэрхэн өөрчлөгдөж хаашаа чиглэж явааг харууллаа. 

Сурталчилгааг news.mn эхэлсэн боловч  shuud.mn араас нь нэхэн гүйцэж түрүүлээд нийслэлийн хэдэн ашигтай байрлалыг хориод хоног эзэгнэлээ. Хажуугаар нь “Үндэстний тойм” сэтгүүлийн  хэдэн самбар  арай ядан цухалзаж харагдсан.

Read the rest of this entry »

Posted in + СЭТГҮҮЛ, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | Leave a Comment »

Мөнгөтэй “Замын түгжрэл”

Posted by tseren on 2010/03/20

Бүр 2-р сарын дундуур сонины мухлагт Traffic Jam сэтгүүлийн анхны дугаар тавигдсан байв. Дараачийн дугаарыг олж үзээгүй тул “нэг удаагийн” амжилтгүй оролдлого байжээ хэмээн бодож билээ. Тэгтэл 3-р сарын дундуур энэ самбар тааралдав.  Мөнгө төгрөгтэй хэрнээ нэр нь аймаар хэвээрээ. Авч уншаагүй тул агуулгын талаар хэлэх юм алга.

“Да хүрээ” зах дээр зарагдаж байгаа машинуудын зургийг ярайтал жагсаасан олон сонин, сэтгүүл мэндлээд сураг тасарсныг л мэдэх юм байна. Автомашины зарын биш юмаа гэхэд тийм зарыг агуулсан “Монголын анхны автомашины төрөлжсөн сэтгүүл”-ийн анхны дугаар 2009 оны 8-р сард My Car, My Friend, дараачийн дугаар 2010 оны 2-р сард Mr.Car нэрээр хэвлэгдэн гарч телевизээр сурталчилсан. Тэгтэл саяхан TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөр Car гэдэг сэтгүүл манай телевизээр 3 сарын өмнө төлбөрт нэвтрүүлгээ цацуулчихаад төлбөрөө хийхгүй байна. Захирал нь гэрээгээ зөрчиж, өгнө гэчихээд өгөхгүй байна” гэж авч өгсөн дөө.  Хэцүү юм аа.

Сүүлийн 3-4 жилд заримыг нь гаднаас машин оруулдаг компаниуд өөрсдөө үүсгэн байгуулсан “Автомотор”, “Авто эрин”, “Хурд & Хурд”, Autoscoum,  Autozone гээд олон төстэй сэтгүүл үзэгдэхээ больжээ. Автомашины сэтгүүл гаргах автомашин зарахаас амаргүй байжээ.   

Уг нь ийм олон машинтай улсад машины сэтгүүл байж л таарна.  Хэн хэзээ чадах бол?

Posted in + СЭТГҮҮЛ | Leave a Comment »

Бүх юмны тухай сэтгүүл

Posted by tseren on 2010/03/14

Дахиад гадаад нэртэй, гялгар хуудсуудтай сэтгүүл мэндэллээ. Редакцийн зурваст “Imagine” буюу төсөөлөл хэмээн сэтгүүлээ нэрлэсэн маань учиртай. Бид уншигч таныг “Төсөөллөөс чинагш ертөнцөөр аялуулах” нандин зорилго өвөртөлсөн учраас сэтгүүлээ ийнхүү нэрийдсэн юм” гэжээ.

Анхны дугаарт төсөөллөөр бус бодитой багтсан нийтлэлүүд гэвэл, эдийн засгийн хямралын талаар эдийн засагчдын ярианууд, төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын “Монгол Улсын хөгжлийн оньс бол Оюутолгой биш, төр олон нийтийн итгэлцэл” ярилцлага (өөрийн хүүхдийг Гадаад харилцааны яаманд дадлагажигч нэрээр сэмхэн шургуулаад төрийн албан хаагч, дипломат болгож амжсан энэ этгээд юу гэж донгодсоныг уншиж зугаацаарай), дэлхийн 66 улсаар аялж яваа Амайн тэмдэглэл, Алтан ураг хамтлагийн ахлагчийн яриа, Норовбанзад агсны тухай “Уяхан замбуутивийн наран дор эгэлгүй мөнхөд оршигч хүмүүн нийтлэл (маш сонин зургуудтай), ЭБЭХ-ний сайд Д.Зоригттой хийсэн “Хүн өөрөө төгс биш юм” (тэрээр “Ардчилсан намынхан сонгуулиар бүр дөрвөн сая төгрөг амалсан юм байна шүү дээ. Эхлээд сая, дараа нь хоёр, гурав, тэгээд 2012 он гэхэд дөрвөн сая болгоно гээд хэлчихсэн юм байна” хэмээн илчлэв), загвар өмсөгч Ч.Содтуяа, рок мангас Р.Мөнхсайханы охин Сонор, Ерөнхий сайд асан М.Энхсайхан (“Фитнесс миний хувьд жаргалтай мөч шиг санагддаг”), профессор Г.Лхагваа (“Хүн махан хоолноос татгалзсанаар насаа 33 хувь уртасгах боломжтой”), нохой судлаач С.Нямсамбуу (“Миний санаж байгаагаар улсын начин Баттогтох Токий гэдэг немц овчаркийг 10 сая орчим төгрөгөөр авч байсан гэж сонссон”), дуучин BX-тэй хийсэн гээд голдуу ярилцлагууд байна. Завсраар нь Дубайн цамхагууд, хувцасны загвар, Болор цом ялагчийн шүлэг, Астон Мартин V12 Vintage шинэ загварын машин, Ларри Кингийн дуучин Beyonce-тай хийсэн ярилцлага, америкийн оддын хов жив, 2009 оны теннисын ертөнцийн сонин хачин, Америкийн NFL-ийн багуудын нэр, NHL-багуудын тоглолт, Хаммер клуб, Андерсены Улаан шаахай өгүүлэл, Грэммийн шагналтнууд, текс мессежнээс болгоомжлох (аюултай эд байна шүү!), санхүүгийн үг хэллэгийн товчлол, Маркетинг гэж юу вэ? Ниссан, Хятадын эдийн засгийн хөгжил, шинэ загварын цаг, Бархасбадь гаригийн танилцуулга, Барак, Мишель хоёрын хамтын амьдрал, эмчийн зөвлөгөө, аялахад хамгийн тохиромжтой улсуудын жагсаалт, нөхрүүдийн хэзээ ч хийж болохгүй 10 зүйл, хоолны жор, асуулга, хуурамчаар өлсөх 4 шалтгаан, зурхай гэх мэт. Бас бизнесийн сэдэвтэй хэдэн англи текст “тоон доторх үсэг” шиг цохиж явсан. Мэдээж рекламын хуудсууд.

Энэ бүгдийг яаж багтаав аа! Гарчигнууд маш жижиг, нэг нийтлэлд бүр алга байсны ачаар уу? Сэтгүүлийн дизайны шинэ ололт байх.

Аваад эргүүлбэл унших юм заавал олдох, өөрөөр хэлбэл бүх хүнд зориулж бүх юмны тухай бичсэн сэтгүүл байна. Чухам энэ нь эргээд маш их хүч хөдөлмөр зарж бүтээсэн Imagine болон төстэй сэтгүүлийн дутагдал болж хувирдаг. Бүх юмны тухай гэдэг бол юуны ч тухай биш гэсэн үг. Уншигчид дараачийн дугаарыг тэсэн ядан хүлээж хэвлэгдэн гармагц нь худалдаж авахын тулд чухам хэнд зориулсан юуны тухай сэтгүүл болохыг ядахдаа төсөөлөх ёстой. Харамсалтай нь, анхны дугаараас “олон сонирхолтой нийтлэлүүд багтжээ” гэхээс өөр төсөөлөл төрсөнгүй.

Загвар өмсөгч Ч.Содтуяа яриандаа “бусдаас онцлог дүр төрхийг гаргасан” байхыг тус сэтгүүлд ерөөжээ. Яг үнэн. Бусдаас өөр байхын тулд эсвэл агуулгаар, эсвэл арга хэлбэрээр, эсвэл аль алинаар давтагдахгүй байх учиртай. Тэр алга. Өнөөдөр манай сэтгүүл эрхлэгчид бие биенээ дууриан чамирхсаар байгаад англи нэр хүртэл өвөрмөц биш болжээ. Монгол хүмүүс монголчууддаа зориулсан мөртөө “Имээжин” гэх дэмий.

Posted in + СЭТГҮҮЛ | 9 Comments »

Зарлал: Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ байршуулна уу

Posted by tseren on 2010/03/10

Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг http://www.televiz.mn, http://www.khevlel.mn, http://www.radiostants.mn сайтуудад мэдээллээ байршуулахыг урьж байна.

           

Posted in + РАДИО, + СОНИНУУД, + СЭТГҮҮЛ, + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 1 Comment »

Ес далан зургаа гэж юу вэ?

Posted by tseren on 2010/03/06

Энэ бол өнгөрсөн сард мэндэлсэн шинэ сэтгүүлийн нэр. Анхны дугаарыг авч үзээд ямар учиртай нэр болохыг хайгаад олсонгүй. (Үг үсэггүй уншаагүй тул өнгөрүүлсэн байж мэдэх юм) Лав ерөнхий эрхлэгч Б.Жаргалангийн оршил үгэнд алга. Иймээс Монгол улсын утасны кодоор сэтгүүлээ нэрлэсэн гэж таав.

Сэтгүүлийн зорилго дараах тайлбараас ойлгогдоно.

Эдийн засаг, улс төр, нийгмийн тулгамдсан асуудлыг баримтад тулгуурлан сурвалжлахын зэрэгцээ хүмүүс, соёл урлаг, технологи, загвар зэрэг хорь гаруй тогтмол булантай цоо шинэ сэтгүүл юм. Боловсролын түвшин, сонирхлын хүрээ, худалдан авах чадвараараа Монголдоо тэргүүлж буй ажил хэрэгч хүмүүст зориулагдсан. Тэд бол удирдагчид, байлдан дагуулагчид. Иймд бид зөвлөгч, шинэчлэгч, тэнцвэржүүлэгч байхыг зорьж байна.

Өнөөдөр Монгол залуус Харвардад сурч, Майкрасофтод ажиллаж байна. Тэдний боловсролын түвшин, сонирхлын хүрээ, худалдан авах чадвар өдрөөс өдөрт нэмэгдэж тэд Монгол улсын ирээдүйг тодорхойлдог болж байна. Тэд бол удирдагчид, сэтгэгчид, байлдан дагуулагчид. Тэд дэлхийн түвшинд ажиллаж, дэлхийн хэмжээнд сэтгэдэг. “Ес далан зургаа” сэтгүүл тэдэнд зориулагдсан. Учир нь тэд өөр зүйлийг хүсч байгаа. Шар мэдээ, хадмал орчуулга, хоосон ярилцлага, хулгайн гэрэл зураг төдий сонин сэтгүүл тэдний шаардлагыг хангадаггүй. Тэд бодитой, тоо баримттай, дүн шинжилгээтэй мэдээлэл авахыг хүсдэг. Тэд аливаа зүйлд бүтээлчээр хандаж чөлөөтэй сэтгэж, идэвхитэй эрэл хайгуул хийж чадах сэтгүүл уншихыг хүсдэг. Ийм МОНГОЛ сэтгүүл гарахыг тэд тэсэн ядан хүлээж байгаа.

Хуурай сүүгээр найруулсан ба гашилдаг жинхэнэ сүүний ялгааг хэлж өгсөн “Монгол сүү юу? Monmilk үү?” багц өгүүлэл болон www.biznetwork.mn сүлжээний үүсгэн байгуулагч В.Баярсайхантай хийсэн “Технологийн хөгжлийг толгойлоод явж байдаг хэсэг хүмүүс байдаг” ярилцлага, нийгмийн сүлжээтэй холбоотой тайлбарууд анхаарал татлаа. Бусад нь залуучуудад зориулсан элдэв сонирхолтой нийтлэл, цуврал зургууд байна. Харин энэ бүхнээс сэтгүүл маань юугаараа чухал, өөрөөр хэлбэл дараачийн дугаарыг худалдан авч унших том шалтгааныг олж харсангүй. Хичнээн сайн нийтлэлүүдийг ч зүгээр нэг эмхэтгэх нь шилдэг сэтгүүл болоход хангалттай биш болов уу. Магадгүй залуус надаас өөрөөр шийдэж байнгын уншигчид нь болбол сайн хэрэг.

Тус сэтгүүл http://www.esdalanzurgaa.com  гэсэн эвтэйхан вэб хуудастай ба тэндээс сэтгүүлийн хуудаснуудын ерөнхий дүр төрхийг харж болно.

Posted in + СЭТГҮҮЛ | 4 Comments »

Телевизийн том том сэтгүүлүүд

Posted by tseren on 2010/02/21

Телевизийн мэдээний сэтгүүлүүдийн тулааны талбарт байдал ямар байна?

TV9 телевизийн Инфо ТВ сэтгүүл хуудаснууддаа улам их сонин хачныг чихэж эрээлж мяраалахын зэрэгцээ өөрийгөө “Үндэсний шилдэг сэтгүүл”-д өргөмжилж амжсан бол UBS телевизийн TV Zone сэтгүүл хуудасныхаа хэмжээг тэлсээр “том сугалаатай том сэтгүүл” болчихсон даналзах болжээ. Долоо хоног бүр уншигчдынхаа дунд сугалааны тохирлыг явуулдгаа чамлаж 2010 онд бүр 3 машин амлаад байна. Эхнийхийг ирэх 4-р сарын 11-нд хожуулна. Түүнд оролцохын тулд 90-99 дэх бүх дугаарыг (энэ долоо хоногийнх №93) худалдан авсан байх ёстой гэнэ.

“Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаарыг УИД-т борлуулж байгаа охидууд “Боловсрол” телевизээс гаргаж байгаа шүү гэж танилцуулав. Тэгэхлээр дээрх гурван сэтгүүл бүгд ардаа нэг нэг телевизтэй болж таарлаа. 

Харин ямар нэг телевизээс биш “Өдрийн шуудан” сониноос эрхэлдэг TV Week сэтгүүл Ням гаригт үзэгдээгүй, бодвол Даваа гаригаас тарах биз.  Мөн “зуугийн мэдээ”-нээс төрсөн “ТВ 7 хоног” сэтгүүлээр онцын сонин юм ажиглагдсангүй.

Цагаан сарын өмнө мэндэлсэн “Алтан Фэнгшүй ТВ” сэтгүүл дараачийн долоо хоногийг алгасаад дахин өнөөдөр дахин төржээ. Фэнгшүй нь тэгэж зөвлөсөн юм болов уу? Хавтсан дээрээ бичсэн “Фэнгшүйгийн зөвлөгөө, зөн совин, домын ид шид”-ийн хажуугаар оруулсан телевизийн хөтөлбөрүүдийг долоо хоногийн өдөр өдрөөр ялгахгүйгээр, телевизүүдээс хүлээж авсан тэр чигээр нь урсгасан харагдана. Фэнгшүйд нь нийцлээ гэхэд үзэгчдэд бөөн ядаргаа.

P.S: TV Zone томроод ч тэр үү, “мянгын” биш “1500-гийн” мэдээ болжээ.

Posted in + СЭТГҮҮЛ, + ТЕЛЕВИЗ | 6 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 79 other followers