АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘"Зууны шуудан" сонин’ Category

Аяганы хариу өдөртөө …

Posted by tseren on 2010/03/23

Хэдэн жил тээж яваа гомдлыг нь тайлалцаж өгсөн Үндэсний зөвлөлийн гишүүн, “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболдыг МҮОНТ өчигдөр орой урамшуулж 2010 оны 2-р улирлын хэвлэл захиалгын энэ өдрүүдэд ус, агаар мэт хэрэгтэй сониных нь сурталчилгааг орон даяар хийж өгөв. Монгол Улсад ийм агуу өдөр тутмын сонин байдаг гэж энэ мөчийг хүртэл зүүдлээ ч үгүй явсан биз, үзэгчид.

3-р сарын 22-ны Даваа гаригийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлагууд дотроос хамгийн урт (4 минутаас давсан) нь энэ байлаа.

Хөтлөгч: “… хэн нэгэн мөнгөтэй хүний захиалгаар нийтлэл мэдээлэл гардаг болсон энэ цаг үед хэнд итгэх вэ гэсэн уншигчдын тээнэгэлзээг өөрчлөх цаг болсон гэж үзэг нэгтнүүд маань уриалж байна. Монголын нийгмийг гэгээрүүлэх үүргээ мөнгөөр биш сэтгүүл зүйн том ёс зүйгээр удирдах тийм эр зориг энэ салбарынханд байгаа. Улс төрчдөөс ангид захиалгагүй сэтгүүл зүй сонин хэвлэлийн салбарт орон зайгаа олсон таатай мэдээллээр бид “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байна. Сурвалжлагч “Нийгмийг эмчлэгч нь, хоточ нохой мэт үнэнч байгч нь, бас дөрөвдэх том засаглал нь сэтгүүл зүй. Энэ салбарт цэвэр тунгалаг байж чадвал эцэс төгсгөлгүй мэт өнөөгийн улс төржилт, хэн нэгнийг хардсан чулуу боож шидсэн тэр л мэдээллүүд бидний тогооноос гарах ёсгүй юм. Үүний оронд харин олон нийтэд толгой бөхийн тэдний төлөө ажиллах ёстой төрийн өндөр дээд эрхмүүдийн ажлыг үнэнч шударгаар нийтэд дэлгэх захиалгагүй сэтгүүл зүй монголын сонины салбарт нэвтрэх цаг болжээ. Цаг үеэ эмчлэх сэтгүүлчдийн ёс зүйг байх ёстой тэр л байр сууринд нь аваачих захиалгагүй нийтлэл, мэдээллээрээ ”Үндэсний шуудан” сонин олны анхаарлыг татаж байна. Энэ сонины хамт олны 80 хувь нь сэтгүүл зүйд 10-20 жил ажилласан, “Бодлын солбицол”, “Ардын эрх”, “Зууны мэдээ” зэрэг сониныг үүсгэн байгуулж байсан мэргэжлийн сэтгүүлчид юм. Тус сонин хэвлэлийн зах зээл дээр ганц зүйлээр тод ялгардаг, энэ нь ардаа ямар нэгэн эзэн, улс төрийн намын харъяалал, компанийн өмчлөлгүй цорын ганц сонин юм. [Ерөнхий эрхлэгч Б.Ганболдын яриа. Нэгэнт сурталчлуулж байгаа болохоос сониноо магтах нь мэдээж тул ишлээд яахав] Сэтгүүлч: Энэ ч утгаараа “Үндэсний шуудан”-гийн нийтлэлийн бодлого нь нийгмийн олонхийн эрх ашгийг хамгаалсан, захиалгагүй учраас үнэний дуу хоолой болж чаддаг гэсэн дүнг тэдэнд уншигчдаас өгч монголын хамгийн олон захиалагчтай өдөр тутмын сонингуудын аман хүзүүнд давхиж явна… [Хамт олны магтаал. Бас л ойлгомжтой тул алгасав] Сэтгүүлч: Сүүлийн үед дуулиан тарьсан “Үндэсний шуудан” сонины нийтлэлүүдээс дурдвал УИХ-ын гишүүдийн тойрогтоо хуваарилсан 76 тэрбум төгрөгийн луйвар, гишүүдийн хууль баталсныхаа төлөө авах болсон 35 сая төгрөгийн булхайг тууштай эсэргүүцэж нийгмийн дэмжлэг болон холбогдох байгууллагуудын анхаарлыг татаж чадсан юм байна. “Үндэсний шуудан” сонины нийтлэлийн бодлого нь нийгмийн сайн сайхан, нийтийн эрх ашиг, шударга ёсны төлөө байдаг. Харин үүн дээр нэмээд ногоон сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө нийтлэлийн бодлогынхоо нэг хэсгийг зориулж ирсэн байна. Үүний нэг илрэл нь Тужийн нарсыг нөхөн сэргээх ажлыг анх санаачилж гурван жил дараалан улс орон даяар хөдөлгөөн илрүүлсний үр дүнг өнөөдөр энэ ойн 60 гаруй хувь нь сэргэснээр монголын ард түмэн мэднэ. Дээжилж барьдаг нь дээшээ харсан биш, харин ч ард олныхоо дунд байж чаддаг “Үндэсний шуудан” орон нутагт ч захиалгынхаа тоог нэмэгдүүлж нийгмийн түүчээ байх, өглөө бүр таныг шинэ мэдээллийн талхаар дайлахаар захиалгаа эхлүүлснээ бас уламжилж байна аа”

Манай мэдээллийн хэрэгслүүд дотроос өдөр тутмын сонинууд хамгийн чанартай нь. Тэдгээрийн дунд “Үндэсний шуудан” гарцаагүй урдуур давхидаг байж болно. Тэглээ гээд олон нийтийн телевиз ингэж намба алдан нялуурч болох уу?

Posted in "Зууны шуудан" сонин, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 40 other followers