Өнгөрсөн амралтын өдрүүдийг тааруулж хэн нэгэн “Үндэсний үйлдвэржилтийг мөхөөх өмнөдийн бодлого” нэртэй нэвтрүүлгээр Ухаа худгийн нүүрсийг шууд урагшаа БНХАУ руу ачих төмөр зам тавих гэсэн “Энержи Ресурс” компанид “үхлийн цохилт” өгөхийг оролдов.
Сүүлийн үед хамгийн том сөрөг хүчин болоод байгаа TV9 телевиз Баасан гаригийн 22 цагийн үед эхэлж, C1 телевиз 23 цагаас, хэдэн минутийн дараа SBN телевиз угсруулан довтоллоо. Мэдээж альч телевизийн хөтөлбөрт байгаагүй.
“1920 онд герман гаралтай Роберт Фридланд Богд хааныг чөлөөлж Монголыг Хятадаас салгасан бол 2000 оноос хойш бас герман цустай Фридланд бас барон Унгерн шиг үүрэг гүйцэтгэв” гэж эхэлсэн 40 минутийн нэвтрүүлэг баримт нотолгоогоор дүүрэн. УИХ-ын гишүүдээс эхлээд судлаач зэрэг олон хүнтэй уулзаж хятадууд монголын ноолуурын зах зээлийг унагасныг сануулаад “Энержи ресурс”-ийг барьж авав. Таван толгой буюу Ухаа худгаас Хятадын хил рүү төмөр зам татсанаар ашигт малтмалаа зөвхөн урагшаа зөөхөд хүрч хятадуудын эрхэнд орно, харин зүүн тийш Монголын гол төмөр замтай холбовол дэлхийн зах зээлд гаргана, бас Сайншандад баригдах аж үйлдвэрийн цогцолборт боловсруулна гэх мэт давуу талуудыг тайлбарлав. “Энержи ресурс”-ийн Ухаа худгаас шууд Хятад руу тавих замын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд дэмжээгүй атал 2008 оны сонгуулийн өмнөхөн Засгийн газраар зөвшөөрүүлж чадсан баримт (тогтоолын дор гарын үсэг нь харагдах ЗТАЖ-ын сайд байсан Р.Раш нэвтрүүлэг оролцож том том юм ярьж суух нь марзан), саяхан УИХ-ын байнгын хороогоор дэг зөрчиж оруулж гэнэт хэлэлцүүлсэн Эдийн засгийн байнгын хорооны дарга Баярсайхан, уг төмөр замын асуудлаарх ажлын хэсгийг “ичихгүйгээр” ахалсан УИХ-ын дэд дарга Батхүү нарын сонирхлын зөрчлийг дэлгэж “…Тэд Тавантолгойн хамгийн их нөөцтэй Ухаа худагийг авч үлдсэн. Тэд нүүрс зарсангүй гээд өлсөх хэмжээний хүмүүс биш… “Энержи ресурс” компани бол MSC болон Хятадын төрийн өмчийн Шинхуа группийн хамтарсан хөрөнгө оруулалттай. Энержи ресурс Ухаа худгаас хил хүртэл 240 км төмөр зам тавиулж чадвал Шинхуа группээс … амалсан… MCS групп Хонконгийн Керри групп гэдэгт асар их өртэй. Энэ өрийн зарим хэсэг нь Улаанбаатарын төв дэх 15 давхар барилгын өр найдваргүй ангилалд багтсан… Тэд УИХ-ын ихэнх гишүүдийг худалдаад авчихсан тул “Үйлдвэржүүлэлт эхэллээ” гэж хэлсэн Элбэгдоржид найдах хэрэгтэй … Хятадууд MCS компанийг дааж давшгүй их өрөөр нь барьцаалаад байна” гэх мэтээр сонин баримт, санаауудыг урсгалаа. Бас болоогүй, уг нэвтрүүлгийг хөтөлсөн үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”-ийг эрхэлдэг, иймэрхүү захиалгат нэвтрүүлгээр мэргэшсэн Гэрэлт-Од хэмээх сэтгүүлч “дараачийн дугаартаа “Энержи Ресурс”, MCS компанийн тухай дэлгэхээ мэдэгдэж байна” хэмээн амаллаа.
SBN-ээр үзэж байтал төгсгөлийн хэсгийг ямар ч тайлбаргүйгээр таслах нь тэр. Цаагуураа бөөн юм болсон биз.
Бямба гаригт довтолгоо бараг зэрэг суларч 23 цагаас зөвхөн “25-р суваг” телевиз, харин Ням гаригт гаригт буцаад чангарч TV9 телевиз өөрөө хоёрдахь удаагаа, гэхдээ бүр оргил цагаар буюу 20.40 цагаас, араас нь “25-р суваг” телевиз дахиад хоёрдахь удаагаа, нэмээд BTV, ТМ телевизүүд хүч хавсрав.
Энэ нэвтрүүлгийн цаасан хувилбар болон төстэй нийтлэл сонинууд дээр гарсан. Харин зурагтаар ингэж гэнэдүүлж дайрсан тул “Энержи ресурс”-ийнхэн ням гаригт түргэн авч мэдэгдэл гарган зогсоохыг оролдов. Түүндээ Ухаа худгаас төмөр зам тавихыг Засгийн газрын тогтооолоор зөвшөөрснийг сануулаад “өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Энержи ресурс” компани болон түүний хувь нийлүүлэгчид болох MCS, Петровис, Шунхлай компаниудын нэр хүндийг унагах санаархалтай бохир захиалгат үйл ажиллагаа явагдлаа. Хүлээцтэй хандахад хязгаар гэж бий. Энэ үйлдэл нь улс орны эдийн засгийн эрх мэдлийг гартаа оруулах харийнхны бодлого байв уу? Монгол төрийн нэрийг барьж хувийн эрх ашиг, бизнесийн атаа жөтөөгөө бүхнээс дээгүүрт тавьсан атгаг санаа байв уу? … Цаашид энэ мэт хар пиарын материал ямар нэгэн хэвлэлээр гарвал бид захиалагчийг олон нийтэд ил тод зарлаж гар хөл бологчдийг нь хуулийн байгууллагад шалгуулж нэр төрөө сэргээлгэх болно… “Энержи ресурс” компанийг гүтгэн доромжлох, хар аргаар мохоож чадахгүй гэдгийг захиалгат нэвтрүүлгийн эзэнд хандан мэдэгдэж байна” гэжээ.
Телевизүүд “Энержи ресурс”-ийн мэдэгдлээр амьсгалах ээлж ирэв. TV5 гэхэд “Цаг хөтөлбөрийнхөө өмнө, хойно, дундуур уншсан бол UBS, НТВ, SBN бүгд телевизүүд ч дутахгүйг хичээв. TV9-ын “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрөөр мэдэгдлийг уншаад, залгаад тэрхүү “гүтгэлэг”-ийн нэвтрүүлгээ цацаж, араас нь дахин мэдэгдлийг уншиж зугаацав.
Амралтын өдрүүдэд дэлгэцэн дээр ийм юм болж өнгөрлөө. Өнөөдрийг хүртэл Оюутолгойн ард халхлагдаад байсан сая биш, тэрбум биш, их наядын төлөө тэмцэл ийнхүү дэлгэцэн дээр ил гарав. Ийм чухал асуудлыг хэвлэл мэдээллээр хэлэлцэж чи би-дээ тулах нь зүйн хэрэг, харин яагаад зөвхөн захиалгат нэвтрүүлгээр үзэлцдэг юм бэ? Манайд хараат бус бөгөөд өндөр түвшинд хүрсэн судлаач, шинжээчид, бас хараат бус хэвлэл мэдээлэл алга учраас тэр.
“Энержи ресурс”-ийн нэрлэхээр айлгаад байгаад “захиалгат нэвтрүүлгийн эзэн” (эзэд биш эзэн гэснийг анзаарна уу) дээр дурдсан УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр болон дараа нь “”Энержи ресурс”-ийн төмөр замыг эсэргүүцэн тэмцэлдсэн сайд бөгөөд “Женко” Х.Баттулгыг гэж үзвэл тэрбээр хэвлэл мэдээллэээр олигтойхон хэлэлцэж шуугихыг хүлээж ядаад арга барахдаа захиалж эхэлсэн биз.
Одоо “Энержи ресурс”-ийн ээлж ирлээ. Өчигдрийн мэдэгдлүүд хүртэл төлбөртэй байснаас зайлахгүй.

МҮОНТ-ийн Пүрэв гаригийн хөтөлбөрт 21.15 цагаас “Орхон гол нутгаа тэжээнэ” нэртэй 30 минутын нэвтрүүлгийн нэр дурайхыг үзээд олон нийтийн телевиз гол усныхаа төлөө дуугарахаар шийдсэнд баярлахыг шахав. Харин үзэнгүүтээ Орхон гол дээр усан сан байгуулах төслийг есөн шидээр сурталчилсан захиалгат нэвтрүүлэг болохыг мэдээд гонсойход хүрлээ.
Тэд Орхон голын усыг далангаар боож томоохон усан сан байгуулна, тэгвэл олон сайхан Орхон, Хэрлэнг бий болно, 30МВт-ийн усан цахилгаан станц байгуулж эрчим хүч үйлдвэрлэнэ, усан сан дүүрэхлээр бусад газар луу урсгана, ингэснээр усаар гачигдаг говийн аймгуудыг ундаална, тэнд байгуулагдах томоохон үйлдвэр, аж ахуйн газруудыг усаар хангана гэхчлэн төслийнхээ ид шидийг угсруулан магтав. Гэхдээ надад Орхон голын усыг газар доогуур булсан төмөр хоолойгоор говь руу урсгаж Оюутолгой, Тавантолгойд (энэ хоёр нэрийг яах аргагүй дурдсан) зориулах эцсийн зорилготой гэж ойлгогдлоо. Саяхан манай Засгийн газар “Айвенхоу Майнз”-ийн мэдэлд Оюутолгойн дорхи гүний усыг шилжүүлсэн гэрээг байгуулсан бол одоо Орхоны усыг хүргэж өгөхнээ? Монголд усны хэрэглээ 10 дахин нэмэгдэх тооцоо, “Гүний усаа хайрлая” уриа хоёрыг зүгээр нэг давтаагүй биз. Лав монголын хүн ам 10 дахин нэмэгдэхгүй…
Харин Гансүх сайд “Энд гол тасарна гэсэн ойлголтыг толгойноосоо авч хая” хэмээн тушаасан бол МҮОНТ-ийн нэр нь үл мэдэгдэх баатар-сэтгүүлч “Орхон голын усан боомтыг Дөргөн Тайширын усан цахилгаан станцтай харьцуулан ашиггүй юманд мөнгө зарцуулах гэлээ гэж улс төржүүлэн ад үзэх хүмүүс байна. Тэдний зарим нь голын усыг бүрэн таслах гэж байна, голоо тэгэж хэрчүүлэхгүй хэмээн эх орон байгаль орчноо хамгаалдаг ардын баатар болж байгаа нь нууц биш ээ” хэмээн хэнийг ч юм довтолж, дээрээс нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэгэнт орсон, шийдвэр хэдийнэ гарсныг анхааруулаад “Хил даван урсчихдаг гол дээрээ боомт далан барьж их уснаас нь балгын төдий ердөө гуравхан хувийг ашиглан ангасан цангасан говь нутгаа тэжээлээ хэмээн буруутган эсэргүүцэх “эх оронч” гарахгүй байх аа” хэмээн төгсгөв.
Хөөрхий тэр “эх орончид” нь хаана байгаа, хэзээ тэгэж дуугараад одоо хөхөрч няцартлаа балбуулж суугаа юм бол доо, бүү мэд.
Уржигдар “25-р суваг” телевизийн “Хэлэлцүүлэг” нэвтрүүлэг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Э.Мөнх-Очир, Д.Зоригт, Д.Одхүү нарыг урьж 2008 оны сонгуулиар Ардчилсан намын түрүүлж амалсан 1 сая, МАХН-ын давуулж амалсан 1,5 сая төгрөгийг хоёуланг нь бэлэн мөнгөөр өгүүүлэх хөдөлгөөнийг санаачилсан ҮШН-ын Б.Цогтгэрэл, бас нэг нөхөр, Г.Уянга нартай зэрэгцүүлж суулгаад нэлээд сайн мэтгэлцүүллээ. Харин амлалтуудаа хэдийнэ нэгтгээд “Хүний хөгжлийн сан” нэрээр бүр гоёыг амалж яваа улс төрчид “бид энд хэн нэгэнд боорлуулахаар ирээгүй” хэмээн нам дарж “Энэ бол хоёр намын улс төрийн амлалтын тухай нэвтрүүлэг. Монтажлахдаа энэ талаас нь хийгээрэй” гэж Г.Уянгыг хэлэхэд Хүрэлбаатар гишүүн “Монтажлах юм бол шүүхэд өгнө шүү” гэсэн хариу барьж байлаа.
Ноднин зуны УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшигчид болон Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баярт нарт зориулсан хоёр дугаараас хойш “Үндэстний тойм” сэтгүүлийг хараагүй явснаа саяхан болж өнгөрсөн УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн, ЭБЭХ-ний сайд Дашдоржийн Зоригттой дугаарыг санаандгүй олж үзлээ. Чингэлтэй дүүргийн олон мянган айлуудаар үнэгүй тараагдсан, иймээс номын дэлгүүр, сонины мухлагаар үзэгдээгүй биз