АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for October, 2009

Хүн-утас: Хэн ч танихгүй

Posted by tseren on 2009/10/30

Хэд хоногийн өмнө Улаанбаатарын гудамжинд цагаан утсаар үйлчилдэг хүмүүсийн зургийг цуврал болгон нийтэлж эхэлсэн чинь нэгэн уншигч “хүний зургийг зөвшөөрөлгүй авч тавьдаг ёс зүйгүй” хэмээн намайг ичээсэн байна. Харин тийм учраас нүүрийг эгц харуулахгүй, эсвэл холоос  авсан санаатай юм аа. Бид ийм мэдрэмжтэй бол сайн хэрэг, гэхдээ зураг дарахын тулд дуранд өртөж мэдэх 10, 20, 30 … хүн тус бүртэй хэлэлцээр хийж эхэлбэл дэндэнэ ээ.  (Манай нэг хуулинд тиймэрхүү, гэхдээ хэрэгждэггүй заалт бий байх шүү).

Нэг талаас, гудамжинд гарч үйлчилгээ эрхэлнэ гэдэг бол нээлттэй хүн болно гэсэн үг. Ичих  юм байхгүй. Бусдын хүч, хөдөлмөрөөр амьдрахаас хавьгүй илүү нэр төртэй.  Харин соёлтой, цэвэрхэн … гээд  шаардлагууд тавигдах учиртай. Үнэндээ хөдөлгөөнт үйлчилгээний цэг юм шүү. Тэдэнд зориулсан хөнгөхөн тавиур, сандал байж яагаад болохгүй гэж? Гадаадын жуулчдын сонирхлыг татдаг юмны нэг ”хүн-утас” байх шүү.

Нөгөө талаас, ялангуяа эмэгтэйчүүд нүүрээ нуусхийж суудаг болохыг анзаарсан.

Ингээд дахиад нэг зургийг нийтлээд үзье. Дээрх шүүмжлэлийг хүлээн авч энэ эмэгтэйн нүүрийг огт харагдуулаагүй шүү. (Харин түүнээс тамхи, бохь авч зогссон хэсэг оюутан хэлмэгдчих шиг боллоо. Би тэднээс мэдээж зөвшөөөрөл аваагүй. Яах ёстой байснаа сайн мэдэхгүй л байна)  

Hun-utas111

Posted in НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ | 4 Comments »

Нийслэлийн төр, захиргааны 370 жилийн ой биш юмсан

Posted by tseren on 2009/10/30

Хэн нэгэн төрсөн өдрөө тэмдэглэхдээ өөрийг нь есөн сар тээж төрүүлсэн эхээрээ баяр хүргүүлээд, бэлэг аваад, заримдаа чамлаад найрлаж суудаг нь сонин санагддаг.

Монгол улсын нийслэл – Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилийн ой нэртэй бүтэн жил үргэлжилсэн шоу ашгүй нэг дууслаа. Нийслэлийн дарга, албан тушаалтнууд, төр захиргааны болон төсвийн байгууллагын нөхдүүд зүгээр л ажлаа хийснийхээ төлөө (ихэнх тохиолдолд хагас дутуу) дээрээс одон медаль хүртэж хажуунаасаа бие биенээ шагнаж Улаанбаатарт суугаа хамаг хэвлэл мэдээллийг төлбөртэй сурталчилгаа, нийтлэл нэвтрүүлгийн уралдаан нэрээр худалдан авч магтуулсаар өндөрлөв. Бүхэл бүтэн гурван зуу, нэмээд далан жилийн настай нийслэлээ хүндэтггээд даруухан байгаасай. Энэ бол нийслэлийн ой болохоос, нийслэлийн төр захиргааны ой биш юмсан

Ойд зориулж амжуулсан хамгийн том ажил гэж нийтийн тээвэрт 400 автобус шинээр явуулсан, хотын төвийг замуудыг зассан хоёрыг нэрлэж байна. Яг үнэн. Гэхдээ хотын удирдлагын гавьяа биш, дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөний ачаар 68 хувийн татвар тогтоож “Эрдэнэт” үйлдвэрийн данс руу цутгасан хамаг мөнгийг Монгол Улсыг хөгжүүлэх санд хураагаад түүнээсээ нэлээд хэдэн арван тэрбумыг нийслэлд хүртээсэн бэлэг юм.

Ерөөсөө нийслэлийн 370 жилийн ойг тэмдэглэх шийдвэрийг жил хагасын өмнө Засгийн газар мөнгөө багтааж ядаж байхдаа гаргасан, харин хямрал эхэлсэн ч цуцлаагүй үлдээсэн болохоор ингэж баярхав.

Жилийн өмнөөс эдийн засаг хямарч одоо Монгол даяар аюулт халдвар тархаж байхад нийслэлийн ойг дээгүүрээ учир зүггүй тэмдэглэсэн нь “зуд болоход чоно, зовлон болоход лам”-ыг санагдуулсан шүү!

Жирийн иргэд? Тэд удахгүй эхлэх утаандаа бэлтгэж байгаа.

Posted in НИЙСЛЭЛ УЛААНБААТАР | 2 Comments »

Утсаа аваач ээ…

Posted by tseren on 2009/10/29

1980-аад оны дундуур Иран-Иракийн дайны ээлжит тулалдаанд алагдсан иран цэргийн бугуйнд байсан электрон цаг хэдэн сарын дараа ч зогсолгүй эзэндээ дохиолсоор байгааг барууны нэгэн сурвалжлагч бичсэнийг гэнэт саналаа. 

2009 оны 10-р сарын 27-ны өдөр нийслэлийн 4-р цахилгаан станцын зүүн зам дээр “Анод” банкны буюу тус банкны лизингтэй “Хюндэй” маркийн 95-34 УББ улсын дугаартай авто машины бензин дуусч улмаар жолооч О нь тээврийн хэрэгсэлээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсоож банкандаа савнаас бензин хийж байханд нь араас ирж явсан Апекс грүпийн 43-13 УБЗ улсын дугаартай “Хюндэй” маркийн хүнд даацын авто машин дайрч амь насыг нь хохироосон тухай сурвалжлагыг TV9 телевиз үзүүлэв. Дайрсан жолооч (хагас ухаантай явж харагдав) хурд хэтрүүлсэн, харин амиа алдсан жолооч ослын зогсолтын тэмдэг тавиагүй буруутай гэнэ.

Нэгэнт өнгөрчээ. Харин сэтгүүлч сурвалжлагынхаа төгсгөлд “цогцсыг бүтээсэн байхад халаасан дахь гар утас нь тасралтгүй дуугарсаар байлаа” гээд “утсаа аваач ээ” хэмээн нэхэх мэт жингэнэх тэр аяыг сонсгоход өнчирч хоцорсноо хараахан мэдээгүй ар гэрийнхэн нь нүдэнд харагдах шиг болов.

Хэлэх үг алга аа.

Posted in TV9 телевиз, НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ | 5 Comments »

Хүн-утас (цуврал)

Posted by tseren on 2009/10/25

Улаанбаатарын гудамжаар нааш цааш явж, эсэхүл хаа нэгтээ сууж үйлчилдэг цагаан утастай хүмүүсийг дүр зураг надад сонин санагддаг. Иймээс тааралдахаараа хааяа зургийг нь дардаг юм.

Харилцаа холбооны хамгийн шинэ технологи CDMA, GSM-ийг ашигладаг, тэгсэн мөртлөө биеийн  хөдөлмөр, дээрээс нь аливаа бизнест хамгийн чухал гурван зүйл - нэгдүгээрт, байрлал, хоёрдугаарт, байрлал, гуравдугаарт байрлал гэдгийг дээд зэргээр мэддэг хүмүүсийн эрхэлдэг ер бусын үйлчилгээ.  Манайх шиг “сая хүнтэй” дэлхийн зиндааны хотуудад лав алхам тутамд байх учиртай таксофоныг тэд 99 хувь орлохоор барахгүй 100 хувь илүү.  Гараа даллахад хүрээд ирдэг, зам дээр гацчихсан машины цонхоор ороод ирдэг таксофон гэж та сонссон уу? 

Дутагдал нь гэвэл олон хүний ам хүрдэг тул цэрвэмээр. Эйч 1 Эйн 1-ийг сануулья.   

Хэдэн жилийн өмнө дангаараа явдаг жинхэнэ хүн-утаснууд зонхилж байсан бол өнөөдөр хаа нэгтээ сууж хажуугаараа өнгөрснийг яриулаад, тамхилаад (бүр асааж өгдөг!), аманд нь чихэр хүлхүүлж бохь зажлуулаад үддэг бяцхан үйлчилгээний цэгэрхүү утаснууд давамгайлах болжээ.

Хэзээ нэгэн цагт ийм хүн-утас үгүй болж зөвхөн зурган дээр үлдэх буйзаа. 

[Урьд нь авсан зургууд байх учиртай, дараа оруулья. Бас шинэ зураг оруулж байя. Иймээс "цуврал" гэв]  

P1010840

Read the rest of this entry »

Posted in НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ | 6 Comments »

Эн Жи Эн ба Эф Зоон

Posted by tseren on 2009/10/25

Гэрийн суурин телефон утасны үйлчилгээ сүүлийн үед ихэд өөрчлөгдөөд байх шиг. Гэхдээ ихэнх хэрэглэгчид 34, 35, 45, 63, 68 мэтийн зургаан тоотой дугаарыг 70-аар эхэлсэн 8 оронтоор сольдог болсон гэдгээс цааш мэддэггүй, иймээс хуучин “гоё” дугаарыг илүүд үздэг хэвээрээ. Саяхан шуудангийн хайрцгаар тараасан “Монголын цахилгааан холбоо” ХК-ийн хэвлэмэл сурталчилгаанд  суурин утасны шинэ үеийн технологи нь дүрсээ харж ярихаас эхлээд 33 төрлийн нэмэлт үйлчилгээтэй гэжээ. Даанч үүнийгээ хүмүүст олигтой хүргэж чадахгүй байх шиг санагдав.

Наад зах нь оновчтой нэр алга. NGN гэж чамирхсанаас биш түүнийгээ орчуулсан юмуу тайлбарласан зүйл огт алга. Хэрэглэгчид “манайх Эн Жи Эн тавиулаад” гэж дагаж пээдийх үү? Маркетингын ажилтнууд нь шинэ бизнест нэр хичнээн чухлыг мэддэггүй бололтой. Яахав, дахиад хэдэн жил хэрэглэгчдийг балбахад цээжилнэ гэж найдав уу?

Тэд суурин төдийгүй гар утасны үйлчилгээ эрхэлдэг гэнэ. Үүрэн телефоны 5 дахь операторын сураг дээрхэн сонсоддог байсан, тэр бололтой. 1900 MHz—ийн давтамж бүхий хөдөлгөөнт холбооны утас бөгөөд хамгийн бага тарифтай, сүлжээндээ мессэж нэг төгрөг, Интернэтэд холбогдоно гэх мэтээр олон ид шидийг амалжээ. Даанч нэр нь F Zone. Бас л тайлбар үгүй. Ямар дугаартай болохыг ч “нууцалжээ”. Зоон гэж Мобиком, Юнител, Скайтел, Ж-Мобайл компаниуд үйлчилгээнийхээ зөвхөн нэг төрлийг нэрлэдэг. Тэгвэл МЦХ компанийн хэрэглэгч “Би Эф Зоон”-той болсон” тухайгаа гайхуулбал өөдөөс “Мобиком”-ынх уу гэж асууна.  Томъёон нэрнийхээ “ачаар” МЦХ өөрийгөө шууд жижигрүүлээд байх шиг.

Дээрээс нь энэ сүлжээ Монгол орныг хамарсан эсэхийг хэлсэнгүй. Зөвхөн Төв шуудангийн эргэн тойронд барьдаг утас юм уу?

Posted in Харилцаа, холбоо | 2 Comments »

“Намайг барьж байгаарай…”

Posted by tseren on 2009/10/25

УИХ-ын Чингэлтэй дүүрэг дэх 24-р тойргийн нөхөн сонгуулиар ялалт байгуулсан эрх баригч нам хууль зөрчсөнийг илчлээд зогсохгүй хариуцлага нэхэж сандаргах, магадгүй том хэрэг үүсгэх хөдөлшгүй баримт УИХ-ын гишүүн З.Алтайг ажилдаа ирэх замд нь өөрөө ороод ирэх нь тэр.

Шинээр сонгогдсон гишүүн Д.Зоригтыг тангараг өргүүлсэн нэгдсэн хуралдаан дээр түүний юу ярьсныг дор буулгав.

“Зоригт боловсролтой, чадалтай, намын залуу сайн кадр, цаашдаа төр түшилцээд явахад бүрэн боломжийн хүн гэж бодож байгаа. Аав ээжийг нь ч би сайн танина, монгол телевизэд бид бас хамт олон жил ажиллаж байсан аятайхан улсууд байдаг гэж бодож байгаа. Гэхдээ саяын болж өнгөрсөн сонгуулийн талаар би энэ хувьсгалт намын нөхдүүдэд, ардчилсан намын нөхдүүдэд ч гэсэн, Сонгуулийн ерөнхий хороонд бас нэг зүйлийг хэлмээр байна. Зоригт бол үндсэндээ өөрийн чадал чадавхи, оюун ухаанаар энэ Чингэлтэйн тойрогт ямар нэгэн шахалт… муу зүйлгүйгээр гараад ирвэл гараад ирчих бүрэн боломжийн залуу шүү дээ. Өөрийнхөө чадлаар, өөрийнхөө нэрээр. Гэтэл энэ сонгуулийн ажиллагаанд хувьсгалт намын сонгуулийн штабын нөхдүүд, би тэгэж л бодож байгаа, удирдах зөвлөл нь дээрээс удирддаг юм уу асар их хэмжээний мөнгө тараасан. Хорь хорин мянгыг гарцаагүй өгсөн ш дээ. Үгүй гэж та нар хэлж чадахгүй. Манай жолооч гэр бүлээрээ тэнд амьдардаг. Манай жолоочийнд очоод 40 мянган төгрөг өгсөн. Сонгуулийн өдөр өглөө гэрээс нь машинаар авч яваад ээжтэй нь цуг сонгуулийн штаб дээр сонгуулийг нь өгүүлээд авчирч гэрт нь буулгадаг. Мөн сайхан үйлчилгээ байгаа биз. Тэр хавийн зөндөө улсуудад Энхбатаас өгсүүлээд мэднэ хорь хорин мянган төгрөг өгсөн. 60 гаруй мянган сонгогч Чингэлтэй дүүрэгт байдаг юм бол 20 мянгаар үржээд үз. Тэрбум 200 сая төгрөг биз дээ. 40 мянган сонгогч сая саналаа өгсөн юм бол хэд болохов? Би зүгээр Зоригтийг өгсөн гэж хэлэхгүй, Зоригт арай тийм муухай юм бодож санах ийм сэхээтэн залуу биш. Ерөөсөө нэг егзөр муусайн намын сонгуулиас сонгуулийн хооронд сонгуулийг эд агуурс, мөнгө хөрөнгө, элдэв юмаар … одоо хүмүүст тарааж өгч саналыг нь авч үзэл бодлыг нь эргүүлж муйхарлаж явдаг намын нэг муухай улсуудын заваан аргыг л намын штаб нь, намын хуучин егзөр кадрууд нь хэрэглэсэн гэж л би бодож байгаа. Зоригт бол тэр 20 мянгыг мэдээ ч үгүй байх. Бүх гишүүдийг би хэлэхгүй ээ. Энэ мөнгөөр аргалдаг, өрөө чадал байхгүй, нэр хүнд байхгүй, мөнгөөр аргалж хүний сонголтыг худалдаад аваад энд ичихгүй сууж байгаа энэ хоёр нам дотор цөөнгүй улсууд байгаа шүү. Одоо ингээд л гэмгүй царайлчихсан сууж байгаа. Энийгээ дараа 12 оны сонгууль дээр та нар болиоч ээ. …

Хэрвээ З.Алтай сонгуулийн луйврыг үнэхээр таслан зогсоохыг хүссэн бол Д.Зоригтод хандаж “Танай нам мөнгө тараасныг нотолчихвол чи УИХ-ын гишүүнээсээ буцах уу?” гэх мэтээр ам өчгийг нэхэхээс эхлээд гишүүний хувьд асуулга тавих, парламентын комисс байгуулахыг шаардах, бас жолоочдоо чөлөө өгч Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар луу мэдүүлэг өгүүлэхээр илгээх, хэрвээ цаадах нь зүрх алдаад байвал өөрөө хөдөлж болохсон. Жирийн жолооч ба эрх мэдэлтэй төрийн түшээ, тэр тусмаа хамгийн “шударга” гишүүний ялгаа чухам энд байх учиртайсан.

Гэтэл яав? Танхимд байхгүй хувьсгалт намын штаб гэгчийг эзгүйчлэн харааж хэд цамнаад, харин цаадуулынхаа хулгайлж өгсөн юмыг аваад УИХ-ын танхимд ороод ирснийг нь мэдсээр байж Зоригтод тал засч байж хоёр нүүр гаргах нь тэр.

“Намайг барьж байгаарай” гээд бариулаад хэн хэндээ хал балгүй агсарч бусдын зугаа гаргадаг нэгнийг санагдуулчихлаа.

Posted in 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль, УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ | 4 Comments »

Үүрэн телефоны компаниуд ямар өнгөтэй вэ?

Posted by tseren on 2009/10/22

Тэдгээр компанийн лого, үйлчилгээний танилцуулга, хэвлэлийн болоод телевизийн сурталчилгаа, вэб сайт, үйлчилгээний танхимуудын гадаад, дотоод чимэглэл, ажилтнуудын хувцсыг хүртэл анзаарвал дараах өнгөтэй:

“Мобиком” – улаан (тэгэхдээ бүр час улаан)

Юнител – ногоон (нов ногоон)

Жи мобайл – шар (шав шар)

Энэ гурав тус тусдаа нэг л өнгийг дагнан ашиглаж өөрийн болгож чадсан. Лого зэрэгтээ хар өнгийг ашигладаг бол зөвхөн үндсэн өнгөө тодруулахын тулд.

Одоо Скайтел үлдчихлээ. Яагаад гэвэл дээрх гурав шиг өөртөө оноосон нэг өнгө үгүй, харин зэвхийдүү шар ба бүдгэвтэр цэнхэрийг холилдуулан ашигласныг анзаарлаа. Уг нь Скай нэрээ бодсон ч цэнхэр (цэв цэнхэр) юмуу хөх (хөв? хөх) өнгөөр дагнавал дээр бус уу? Тэр ч бүү хэл 2000 оны үед анх нээгдэхдээ лого, урианы уралдаан зарлаж “Хөх тэнгэрийн … холбоо” (эсвэл “Цэнхэр тэнгэрийн … холбоо”) гэснийг шалгаруулсан санагдана.

Скайтел -  цэнхэр (цэв цэнхэр)?

Мэддэг хүмүүс нь мэдэж байгаа байлгүй дээ…

Posted in Эд юмс, хэлбэр загвар | Leave a Comment »

“Мөнгө дагасан үнэн”

Posted by tseren on 2009/10/22

МҮОНТ өнгөрсөн Бямба гаригт Лүнгийн хэргийг орон даяар шууд цайруулсан нь багадав бололтой дараачийн Лхагва гаригт арай өөрөөр давтлаа. Энэ нь Лүнгийн замын төгсгөл рүү уригдан очиж бэлтгэсэн “Зам дагасан үнэн” захиалгат нэвтрүүлэг юм.

Намрын зэврүүн шөнийн түнэл харанхуйг зүсэх хүчирхэг машин, техникийн гэрэлд зогсоод хэдэн сараар гэр орондоо харилгүй, үр хүүхдээ ч үзэлгүй зүтгэж буйгаа өгүүлэх ажилчид, Лүнгийн замыг замыг хэрхэн өдий өдий хүргэснээ танилцуулахдаа хүртэл хөдөө хөрж гадаа гандаж харагдах “Очир төв” компанийн дарга нарын дүр зураг сэтгэл хөдлөм…

Ажилчид нь баатарлаг (энэ замаас тавилцаад буцсан хятад ажилчид ч бас баатарлаг!), захирал нь чадварлаг, УИХ-д гараад суучихсан эзэн нь бүр илүү овсгоотой атал Лүнгийн зам тендерт амалсан хугацаанаасаа жилээр хоцорсон нь огт ойлгомжгүй. Цаашилбал, хавийн газрыг там болгосон, өвс бэлчээр сүйтгэсэн … нь бүр хачирхалтай. Гагцхүү МҮОНТ-ийн нэвтрүүлэгт энэ бүхэн багтаагүй. Яагаад гэвэл зам биш “Мөнгө дагасан үнэн” юм. Хэрвээ маргааш хэн нэгэн захиалбал архи, уурхай, хүн … гээд ямар ч нэртэй хамаагүй мөнгийг дагаж сурвалжилна…

Нэвтрүүлгийн төгсгөлд “Очир төв” компанийн гүйцэтгэх захирал ярихдаа, Лүнгийн зам дуусахад 10 км дутуу, замын ажил 11-р сарын 10 хүртэл үргэлжилдэг , хэрвээ цаг агаар саатуулахгүй бол “энэ ондоо багтааж ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” [яг ингэж хэлэв] гэв. Дуусгана гэсэн үг үү, дуусгахгүй гэсэн үг үү?

Лүнгийн хэрэг хэдэнтээ цайрч одоо нэгэнт баатарлаг үйлс, түүхэн гавъяа руугаа явж байгаа тул ажилчдаа цааш зовоолгүй гэрт нь хариулж, дутуу замаа ирэх хавар эртхэн, тэгээд чанартай тавьж дуусгаасай билээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

“Лүнгийн хэрэг”-ийг дахин цайруулав

Posted by tseren on 2009/10/17

“Очир төв“ компанийн захирал Д.Дамба-Очир Улаанбаатараас Лүнгийн чиглэлд 106 км замыг тавьж чадах хүн хүч, технологи, санхүүгийн чадавхаа элдвээр гайхуулан тендерт шалгарсан ч хоёр жилийн дотор замыг орчны бэлчээртэй нь хамт там болгож хувиргаад баруун зүгийг зорьсон хүмүүс болоод нутгийн малчдын хараалыг ид идэж байсан тул тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ ямар ч шаанс байгаагүй юм. Гэхдээ мань эр Улаанбаатараас TV5-ын сэтгүүлч Дагиймаа, “25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүү (Сонгууль-2008: “Лүнгийн хэрэг”-ийг хэн цайруулав?), дээрээс нь Орхон аймгийнхаа бүх хэвлэл мэдээллийг ховх худалдан авснаар (нэлээд хэдэн км зам тавих мөнгөө зарцуулсан биз) сонгогдон УИХ-д шургалж амжсан юм.

“Энэ намар дуусгахын хооронд юун сүртэй юм” гэж тэр сэтгүүлчид хамгаалаад байсан Лүнгийн зам өнөөдөр байдаггүй ээ. Ядахад “тэмээн дээр ямааны гарз” гэгчээр 2008 оны наадамд зориулж Хүй долоон худаг руу бас л “Очир төв”-өөр тавиулсан хэдхэн км замыг өнгөрсөн зун буцаагаад хуулж дахин тавихад хүрсэн билээ.

Тэгвэл 2009 оны 10-р сарын 17-ны МҮОНТ-ийн “Ярилцья” хөтөлбөрт Д.Дамба-Очир гишүүн баатарлаг дүрээр гарч ирэв. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган дээр Эрдэнэтийн зэс баяжуулах үйлдвэрийг нэхсэн зоригтноор тодорсон тул уригдсан ажээ. Өөрийгөө сэмхэн өргөж хэлснээр, “Эрдэнэтэд захирал байхдаа” (уг нийгмийн асуудал хариуцсан захирал байсан гэдэг) үүнийг санаачилж УИХ-ын гишүүн болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гардан суулгаж өгсөн ч “хэрэгжүүлээгүй Засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүй байна” хэмээн дүгнэж даналзав аа. 

Хариуцлагыг бусдаас нэхэх ёс суртахууны өндөр түвшинд хүрсэн энэ лут эрхмээс сэтгүүлч Ц.Мөнхтөр “Лүнгийн хэрэг”-ийн талаар асуухгүй байж чадаагүй нь мэдээж. Хариултууд гайхалтай!

- “Очир төв” компани ажилчдаа ажилтай байлгах үүднээс энэ замыг авсан … Зам яагаад удаад байна вэ гэвэл өөрийн хөрөнгөөр барьж байгаад гол бэрхшээл байгаа юм…

Уг замын мөнгийг төсвөөс үе шатаар өгч байгаа, харин хугацаандаа дуусдаггүй учраас мөнгө нь дагаж хоцордог. Саяхан Засгийн газар арга тасрахдаа “Очир төв”-д зориулсан бонд гарган мөнгөөр угжин эрхлүүлж эхэлсэн…

Хөтлөгч асуултаа чангаруулж “Яагаад 120 км замыг хуулаад хаячихсан юм бэ? Нэг хэсгийг хуулж зам тавьчихаад дараачийн хэсгийг хуулж болоогүй юм уу?” гэв

Дамба-Очир юу гэж хариулсныг та хэзээ ч таахгүй!

- Манайх европын технологи хэрэглэж байгаа…

Европ технологи биш Дамба-Очирч арга. Нийслэлд хууль зөрчөөд ч хамаагүй, ямар нэгэн аргаар суурь ухаад барилга зоочихвол цайрдагтай яг адил. 120 км-ын хучилтыг туушид нь хуулаад хаячихсан учраас яамнаас хүсээд хүсээд гэрээгээ цуцалж өөр компанид өгч чадахгүй болгосон хэрэг.

Улмаар Дамба-Очир давшилтанд орж “Төв зам учраас ингэж хэл ам их гардаг байх. Бас намайг УИХ-ын гишүүн болсонтой холбоотой байх” гэж бараг л Лхүмбийн хэргээс өөрийгөө цагаатгалаа.

Арга тасарсан сэтгүүлч “Тэгээд Лүнгийн зам маань хэзээ ашиглалтанд орох вэ? гэж асуулаа.

- 11-р сард орох БАЙХ…

Орохгүй гэсэн үг. Цаашаагаа өвлийн хүйтэн, цас мөс… Ингээд туршлагатай сэтгүүлч Ц.Мөнхтөр түүнд талархсанаа илэрхийлснээр “Лүнгийн хэрэг“-ийг дахин нэг удаа цайруулж өглөө. Монголын сэтгүүлчид Дамба-Очирыг барахгүй юм байна.

Одоо миний хувьд ганц найдвар бол Ерөнхий сайд С.Баярын бие нь сайжраад Солонгосоос бушуухан ирж Дамба-Очирыг баахан сэтгүүлчидтэй хамт дагуулан Лүнгийн замын ундуй сундуй дээр очоод саявтар Маршалын баригдаагүй гүүрний дэргэд нэгэн захирлыг загнасан шигээ загнах.

- Где дорога? [Энэ завсарт Дамба-Очир баахан ярина] За одоо би ярьж болох уу? Би зам харахгүй байна. Энийгээ дуусаагүй байж танайх Хүй долоон худагт өөр ажил аваад явж байсан. Төсвөөс танд …. тэрбум төгрөг өгсөн байна. Зам харагдаж байвал би ажил хийсэн гэж үзнэ. Гэтэл та 11-р сард дуусах БАЙХ гэж хээвнэг ярьж байна… Одоо дуусгах юм бол дуусга…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 9 Comments »

Хэлмэгдэгсдийн талбай …

Posted by tseren on 2009/10/17

Helmegdegsdiin hushuunii urd

Улаанбаатарт нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбай, ундны усны эх үүсвэр зэрэг 54 байршилд газар олгохгүй байх жагсаалтад Монголын үндэсний түүхийн  музейн урд талын хэлмэгдэгсдийн талбай орсон билээ.  Барилга барих тухай бодож ч зүрхлэхгүй газрыг Нийслэлийн ИТХ-аас өршөөж шоудсан нь сонин. “За яахав, бид харж үзээд энд чинь барилга барихаа болилоо шүү” хэмээн  ихэрхээд ч байгаа юм шиг… 

Өнгөрсөн арваад жилд цэцэрлэгт хүрээлэн, зүлэг мод, хүүхдийн тоглоомын талбай, явах замаа хүртэл алдаж хэлмэгдсэн нийслэлийн иргэдэд зориулсан хөшөө  биш юмаа гэхэд самбар босгох жижигхээн талбай нийслэлд олдох болов уу?

Posted in Хот төлөвлөлт ба газар олголт | Leave a Comment »

“Хүүхнүүд хүүхнүүддээ маш дургүй”

Posted by tseren on 2009/10/16

Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшсэн хүүхнүүд хүүхнүүдтэйгээ үзэлцээд, бас тэднийг бичдэг сэтгүүлч хүүхнүүд нэр дэвшигч залууг л дэмжсэн нийтлэлүүдийг (өмнөх “Сэтгэгдэл оруулах боломжгүй” бичлэгийг үзээрэй) уншихад “хүүхнүүд хүүхнүүддээ дургүй” гэдэг үнэн байж магадгүй. Үг, өгүүлбэрээс нь харахад “маш дургүй” бололтой.

Энэ удаагийн санал хураалтаар эсвэл ялна, эсвэл ялагдана. Хоёрдугаар байр, мөнгөн медаль гэж үгүй. Иймээс Д.Зоригт ялахнээ. Харин хүүхнүүд бие биенээ намнасаар байна. Бараг бүх сонин, сайтад өнгөтөөр тавигдсан “24 дүгээр тойргийн хоёр хатагтай хэн нь хэн бэ?” (... Г.Уянга: Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 20 жил улс төрд идэвхитэй ажиллах боломжтой. Р.Бурмаа: Нөхрөөсөө салсан. 3 жилийн дараа тэтгэвэрт гарна. Тийм учраас сонгогчиддоо тараасан бүх материалд хэдэн онд төрсөнөө бичдэггүй… ) гэсэн харьцуулалт үүний бас нэг жишээ.

Магадгүй тэдэнд хэн нэгэн “туслаад” байна уу?

Posted in 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль | 7 Comments »

“Сэтгэгдэл орох боломжгүй”

Posted by tseren on 2009/10/16

Сонин юм анзаарлаа. Вэб сайтад нийтлэгдсэн өгүүллийн араас уншигчид элдэв юм бичдэг зовлонтой асуудал бий. Уг нь сэтгэгдэл бичих ёс зүйн дүрэм маягийн юм зарлаад илт хараал ерөөл, АНУ-аас дөнгөж оруулж ирсэн компьютерийн зар сэлтийг хасаад байж болохсон. Даанч манай сайтууд залхуурч зүгээр л сул тавьдаг хэрнээ “эгзэгтэй” нийтлэлийн сэтгэгдлийг шууд хаачихаж байна. Яагаад?

Хэд хоногийн өмнө нэрт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Агуу Монголын залуу нас чи алдахаасаа бүү айтугай” гэж уриалсан (…энэ удаагийн сонгууль эхлэв үү үгүй юу энэ залуу халуун насыг минь элдвээр харааж зүхлээ. Учир нь МАХН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтийн нас дэндүү залуу байна гэнээ. Боловсрол мэдлэг нь болж байна, харин залуу байгаа нь буруу гэцгээж байна. Ажиглаад байхад залуу халуун бүхнийг үгийн илдээр хайр найргүй сийчиж амтай болгон зоргоороо элдвэлдэг муухай зуршил тогтчих гээд байх тул харин миний залуу нас эмнэг адуу мэт цамнаж үгээ хэлэхээр үзгээ шүүрлээ…. Авилгад идэгдэж өдрөөс өдөрт доройтох нийгмээ шинэчлэхийн төлөө сэтгэл зүрхэндээ гал асаан нэр дэвшсэн Дашдоржийн Зоригт чи бас бидний залуу нас…) бичлэг www.news.mn-д нийтлэгджээ.

Хоёр биенийхээ залуу насыг дуудсан уян налархай мөрүүдийн араас уншигчид, Д.Зоригт ах чинь дунд насных, үүний оронд жинхэнээсээ залуу Жавхлан, Уянга нарыг төлөө цамнаад өгөөч гэх мэтээр бичиж таарна. Тэр тусмаа ийм мундаг нийтлэлийг захиалагчид нь хэдээр үнэлснийг сонирхож ч магадгүй. Иймээс “Энэ мэдээнд сэтгэгдэл орох боломжгүй байна” гээд хаачихаж. Сүүлийн өдрүүдэд түүний туурвисан “Д.Зоригт: Би төр түмэндээ хүчээ өгөх гэж зүтгэж байгаа жирийн л залуу”, “Энэ чинь ардчилал юмуу, Р.Бурмаа” гэх мэт нийтлэл, ярилцлагуудад бас л “Сэтгэгдэл бичих боломжгүй”.

www.sonin.mn сайтад бүр илүү нэрт сэтгүүлч Б.Ганчимэгээс МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригтод зориулсан “Дөчин насных нь босгон дээр дөрөөнд нь сүү дусааж угтаарай!” нийтлэл тавигджээ. (… Д.Зоригт сайд гаднаасаа зөөлөн, даруу хүн харагддаг. Зөөлөн, даруу төрхнөөс нь үүдээд зарим хүн түүнийг зориггүй гэж харах гээд байдаг тал ажиглагддаг. Мэдээж улстөрч хүнд зориг чухал. Зоригийн тухайд Д.Зоригт хар багаасаа л шийдэмгий товарищ байсан нь анзаарагддаг… Төрд ажилласан намтраас нь ёс суртахууны өндөр үнэлэмж ханхалдгийг Ерөнхий сайд С.Баяр онцгойлон иш татаж байна лээ. Үүгээрээ тэр цэвэр тунгалаг нэр хүнд, ёс суртахууны гэрэл гэгээтэй жишгийг улс төрд босго болгон тавьж байгаагаа зарласан гэж бид хүлээн авч байна…) Эдгээр гоё үгнүүдээс юу ханхлаад байна аа? Иймээс “Сэтгэгдэл оруулах боломжгүй”. (Сониноос, энэ ярилцлага маргааш нь алга болчихов. Үүргээ биелүүлсэн тул хассан бололтой)

Харин www.gogo.mn сайт уг ярилцлагыг одоохондоо байлгаж харагдана. Төгсгөлд нь “Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгvй байна” гэжээ. Уучлал гуйх нь аргагүй. Өмнөөс нь ичсэн биз.

Posted in 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль | 6 Comments »

Сүхбаатарын талбай дээрх “хайрцаг”

Posted by tseren on 2009/10/15

Энэ долоо хоногоос Д.Сүхбаатарын талбай дээр ийм том хайрцаг тавигдлаа. Эхлээд төмөр каркас угсарч тусгай модон фанер бололтой хавтангаар бүрсэн энэ байгууламж гаднаа ямар нэгэн хаяг, тайлбар үгүй ч хамгаалагч залуугаас асуухад тэрбээр цаана харагдах MCS-ийн Central Tower-ийн нэгдүгээр давхрын Louis Vuitton хаягийг зааж “тэрний шоу болох юм байх” гэлээ. Францын цүнх, чемоданы гэгддэг брэнд Монголыг байлдан дагуулж байгаа нь энэ.  Жанжин Сүхбаатарын хөшөө намс.

Жагсаж болдоггүй шоудаж болдог Сүхбаатарын талбай  дээр боссон хамгийн том байгууламж энэ болов уу…   

SB talbai deer

Read the rest of this entry »

Posted in НИЙСЛЭЛ УЛААНБААТАР | 4 Comments »

“Өнөөдөр”-ийн чулуудсан яс

Posted by tseren on 2009/10/13

УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд сонинууд заваарч өгч байгаа бололтой. Монголын хэвлэл мэдээлэл дундаас өөрийгөө хамгийн цэвэрт тооцдог “Өнөөдөр“ сонины өчигдрийн дугаарын  Hot news буланд “М.Ичинноров “дүрдээ итгэв” гарчигтай мэдээ нийтлэгджээ.

“Хуульч М.Ичинноров улс төрийн бохир тоглоомоор өөрийгөө илэрхийлэхийг хүссэн бололтой. СЕХ-нд бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ хуулийн дагуу зохих материалаа бүрдүүлээгүй гэх тэрбээр АН-ын нэр дэвшигч Р.Бурмаагийн нэр хүндэд халдсан мэдэгдлүүд хийх болсон билээ. Нөхөн сонгууль тойрсон улс төрд нөхөөс маягаар ийнхүү хөл тавьсан энэ эмэгтэй саяхнаас бүр ч “дүрдээ итгэж, Р.Бурмаагийн эсрэг хүйтэн дайн зарлаад байна. СЕХ-ноос М.Ичинноровын бие даан өрсөлдөх асуудлыг дахин авч хэлэлцэх сураг гарсан. Гэвч энэ үр дүн түүнд хэрэггүй аж. “Сонгуульд өрсөлдөх боломж алга” хэмээн мэдэгдэж, хэвлэлийн бага хурал зарлахаар зэхэж буй М.Ичинноров өдөр тутмын сонинуудад Р.Бурмааг элдвээр гоочилсон төлбөртэй нийтлэл хэвлүүлэхээр гуйж явна. “М.Ичинноров хөөрхөн, Р.Бурмаа муухай” гэж тунхагласан уг төлбөрт нийтлэлийн өндөр зардлыг хэн төлж байгаа нь сонин хэвээр үлдэв”

Нээрээ сонин юм даа гэж бодов. Тэгтэл “Өнөөдөр” сонины яг энэ дугаарт “Нөхөн сонгуулийн анир буюу Р.Бурмаагаас М.Ичинноров хүртэл” өгүүллийг тэргүүн нүүрнээсээ хоёрдугаар нүүрэнд дамнуулан саарал дэвсгэртэйгээр ихэд чухалчлан нийтэлснийг уншаад  нүдэндээ итгэсэнгүй. Хэдэн ишлэл авья:

… Учир нь түүнийг [Ичинноровыг] нэр дэвших сургаар Р.Бурмаа ихэд цухалдсан гэдэг. Тэрбээр М.Ичинноровын нэрийг тойргийн хороогоор хасуулахаа мартсангүй… Р.Бурмаа Ичинноровоос сэргийлэн ийнхүү нэрийг нь хасаж сүр хүчийг үзүүлэв… түүнийг нэр дэвшүүлэхгүйн төлөө, М.Ичинноровын тухай мэдээ гаргахгүй гэсэндээ зарим сонин, телевизүүдэн мөнгө амлаж байсан сураг бий… М.Ичинноровын нэрийг хассан Чингэлтэй дүүргийн тойргийн хорооныхон Нийслэлийн Ардчилсан нам гэсэн микроавтобуснаас бууж ирсэн гэсэн… Энэ бүх үйл явдлуудаас харахад М.Ичинноровоос Р.Бурмаа айж түүнийг нэр дэвшсэн тохиолдолд өөрөө сонгогдохгүй байх магадлалаа олж харсан учраас ийм бохир арга хэрэглэжээ гэж үзэхээс өөр тайлбар байхгүй мэт санагдана… Хүний эрхийн хуульч бүсгүйтэй нэг тойрогт өрсөлдөхөөс юунд тэгтлээ айж өөдгүй арга хэрэглэх болсон нь хачирхалтай бөгөөд харамсалтай… Р.Бурмаа хатагтай нас залуу, боловсролтой, дайчин эмэгтэйчүүдэд дургүй юм гэж үү?…

“М.Ичинноров хөөрхөн, Р.Бурмаа муухай” гэсэн хов живийн цуглуулга мөн байна! (“М.Ичинноров “дүрдээ итгэв” мэдээг www.mongolnews.mn сайтдаа тавьсан мөртлөө энэ өгүүллийг орхисон нь учиртай байж). Төгсгөлд нь мутраа хайрласан Д.Гансүх нэртэй сэтгүүлчийг харах юмсан…

Хулгайч хулгайчаа бариарай гэж орилдог тал бий. Харин өөрөө хулгай хийчихээд бариарай гэж дэмийрэв бололтой, “Өнөөдөр” сонин. Тэгэхлээр “нийтлэлийн өндөр зардлыг” хэн төлж байгааг тус сонин мэдэхээр барахгүй (зардал “өндөр” гэдгийг хүртэл сайн мэджээ. Золтой л тоог нь бичсэнгүй) аваад халаасалчихсан, эсвэл хоёр нэр дэвшигч эмэгтэйн хооронд яс чулуудаж, үүгээрээ өөр нэгэн нэр дэвшигчид тус болж харагдлаа.

P.S: Үлдсэн өдрүүдэд сонгуулийн сурталчилгааг анзаарья байз.

Posted in 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль | 7 Comments »

Ямар сайхан юм бэ?

Posted by tseren on 2009/10/10

Бямба гаригт МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар өөрийн телевизийн “Ярилцъя” хөтөлбөрт оролцож гурван жил хагас эзэлсэн суудлаа хэн нэгнээс тас харамлаж дахиад арван жил тухалсан ч гайхах явдалгүй тухай санаагаа түс тас хэлж орхив. Мэдээж манж өгүүлбэрээр жийрэглэсэн.

… Намайг энэ албан тушаалд байлгахгүй байх сонирхолтой хүмүүс бий …Үндэсний зөвлөл Ерөнхий захирлыг хуулийн дагуу дахин томилсон… Цаашаа хичнээн ч ажиллаж болно. Би үүнийг өөртөө хамааруулаад хэлж байгаа юм биш… Би Би Си, Эн Эйч Кей-гийн захирал арван хэдэн жил болсон байдаг… Би үүнийг өөртөө хамааруулаад хэлж байгаа юм биш…

М.Наранбаатар захирал Их Британийн BBC, Японы NHK гэдэг олон нийтийн хоёр том телевизийг маш сайн судалсан нь сайшаалтай. Өөрийн биеэр тийшээ айлчилж, Интернэтээр хайж, бас саяхан болж өнгөрсөн ABU-гийн чуулганд ирсэн японы төлөөлөгчдөөс “Танай захирал хэдэн жилийн хугацаатай вэ? Нээрээ юу? Ямар сайхан юм бэ!хэмээн дахин дахин лавлаад баримт нотолгоотой юм хэлсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Гэхдээ BBC юмуу NHK-гийн захирлууд татвар төлөгчид буюу үзэгчдийн мөнгийг хуулийн дагуу зарцуулж ил тод тайлагнадаг (манай нөхөр ноднин 148 сая төгрөгөөр хэтрүүлчихээд санхүүгийн тайлангаа тас нуучихаад байгаа), иймэрхүү зөрчил гаргавал “энэ албан тушаалд байлгахгүй сонирхолтой” хүмүүс гарч ирээд огцруулдаг, цаашилбал олон нийтийн телевиз гэж МҮОНТ шиг төр, засгийн телевизийг хэлдэггүй, олон нийтийн телевиз том компаниудийн мөнгөөр нэр, хаяггүй захиалгат нэвтрүүлэг явуулдаггүй, сонгуулийн үеэр улс төрийн намуудад  “тэнцвэртэй” худалдагддаггүй, 7-р сарын 1-4 болон Оюутолгой гэрээг батлахын өмнөх шиг эгзэгтэй өдрүүдэд олон нийтийнхээ дуу хоолойг хаадаггүй … гэх мэт “жижиг сажиг” зүйлийг огт сонирхоогүй нь илт.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »