2008 оны УИХ-ын сонгуулиас хойшхи хоёр дахь 7-р сарын 1 өнгөрлөө. Эхнийхээр нь үймээн самуун дэгдэж МАХН-ын байр, Соёлын төв өргөөг галдан шатаасан, үй олон энгийн иргэн, цагдааг гэмтээж бэртээсэн, дараа нь 5 хүнийг буудаж хөнөөсөн, тэгээд хэдэн зууг шоронд хийсэн билээ. Дахиад хэд ачигдах дутуу байгаа…
Харин хоёрдахиар нь эхнийхийг эргэн дурслаа. Улс төрчдөөс эхлээд жирийн иргэд тэр хэрэг явдлын шалтгааныг “сонгууль шударга биш болсноос” гэж ярихыг өдөржин сонслоо.
Тэр ч бүү хэл экс ерөнхийлөгч Н.Энхбаяр “7-р сарын 1-ны хэрэг явдлын учрыг олохын тулд бүхнийг хийх болно” гэж тангараглаад буусны дагуу “Зууны мэдээ” сонин, TV9 телевиз санал асуулга зарлаж “Төрийн эргэлт хийх оролдлого уу?”, “Өнгөт хувьсгал хийхийг санаархсан уу?” гэх мэтээр чиглүүлж өгөөд байхад л 66 хувь нь “сонгуулийн будлианаас” гэж хариулснаар эзнээ хүнд байдалд оруулах нь тэр.
Бас энэ орой Монгол Улсын цоо шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТ-ээр ярилцлага өгөхдөө (тэртээ тэргүй буучихсан Н.Энхбаярын араас “уул тахиад байгаа юм уу, хүн тахиад байгаа юм уу?” зэрэг хэдэн үг чулуудсанаар өөр гойд юмгүй яриа болов) 7-р сарын 1-нээс сургамж авах хэрэгтэй гэхээс цааш хэтэрсэнгүй.
Уг нь ноднингийн санал хураалтын маргааш АН-ын дарга Цахиагийн Элбэгдорж өөрийн биеэр хэвлэлийн хурал зарлаж “бидэнд өгсөн саналыг луйвардчихлаа” гэж цамнаад эхэлснийг санаж байна.
Сонгууль үнэхээр будилсан юм уу? Хэрвээ бид энэ асуултанд шударгаар хариулж чадахгүй бол 7-р сарын 1-ны үйл явдалд зөв онош тавьж чадахгүй ээ. Мэдээж төгс сонгууль болоогүй. Будлиан зөрчил зөндөө гарсан. Гэхдээ сонгогчдын олонхи АН-ын төлөө саналаа өгснийг МАХН руу хэлтийлгэснийг хэн нотолсон юм бэ?
Дан ганц иргэний үнэмлэхээр санал өгүүлснийг буруутгасан АН-аас нэр дэвшигч Р.Бурмаагийн гомдлыг шүүх дэмжсэн ч сонгуулийн дүнг бүхэлд нь эргүүлэхээр биш байсан бол бусад гомдол заргууд бүгд нотлогдоогүй өнгөрсөн билээ. Надад ч гэсэн шударга бус санагдсан ч хуулиндаа тэгээд заачихсан, эсвэл түс тас журамлаагүйн улмаас бүгд л өөрсдийн зөв гэж хэрэлдэхээс хэтрээгүй реалити шоу хичнээнийг ч харав даа. Хууль нь тийм юм чинь.
2008 оны сонгуулийг явуулсан хууль бол МАХН ба АН хоёр зөвшилцөөд нэг хөнжилд ороод байсан 2005 оны 12-р сард төрсөн “хүүхэд”. Цаадуул нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг “огцрууллаа.. болилоо… тэгвэл огцрууллаа… “ гэж сандалтай нь дэнжигнүүлсээр байгаад амжуулчихсан эд. АН-ынхан сайн хуулийг бус Ерөнхий сайдын суудлыг сонгосон ч МАХ намынхан хэргээ дуусмагц хагас сарын дараа хөмрүүлж орхисон …
Дараачийн буруутны тухайд. 2008 оны УИХ-ын сонгуулийн “будлианы” гол буруутнаар тодроод байгаа СЕХ-нд хэн хэн орсон билээ? Хоёр нам бас л зөвшилцөж “дарга нь манайх, дэд нь танайх.. гээд хувааж авцгаасан санагдах юм.
Бас сонгогчдын нэрсийн жагсаалт, санал хураалт, тооллого, нэгтгэлийг ямар үл мөргүй будлиулдаг 90-ээд оны “Алтан цөгц”, Өнөрмаагийн гал мэт ид шидийн аргуудыг хэрэглэсэн гэж ноднингоос хойш хичнээн шуугив? Тэгвэл 2008 оны сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүний лав тэн хагаст намаасаа томилогдож очсон ардчиллынхан хаана байв? Сонгуулийг шударгаар явуулахад оролцох, хяналт тавихад өөр юу хэрэгтэй юм бэ? Гадаадынхнаар хуулиа батлуулж, сонгуулиа хийлгэх байсан юм уу?
Тэгчихээд “сонгууль шударга бус боллоо” хэмээн албан ёсоор турхирахад (мэдээж Магнай, Батзандан, Жаргалсайхан нар буухиалан үргэлжлүүлсэн) саналаа хайр гамгүй өгсөн АН нь ялаагүйд бухимдсан баахан залуучууд доргиж 2008 оны 7-р сарын 1-ны шударга ёсыг тогтоох хувьсгалын баатрууд гэж гэж дүрдээ итгээд …. нэг мэдэхэд түймэр, үхэл, хагацал, шоронгоор төгссөн.
Дашрамд дурдахад, 2008 оны сонгуулийн дүнг будлиантуулсан нэг хэрэг бараг нотлогдсон нь Баянгол дүүргийн сонгуулийн тойрогт АН-аас нэр дэвшигч, УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнийн хамсаатнуудынх. Шүүх хурал дээр АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ирээд шүүгчдийг эгцлэн харж дарамтлаад суучихдаг. Хөөж гаргалтай биш…
Тэгвэл одоо 2008 оны сонгуулийг луйвардуулсан гэх АН-ынхан луйвардсан гэх МАХН-тайгаа дахиад л эвсээд (харин үүнийг шинэ Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн байхдаа эсэргүүцээд дийлээгүй санагдана) яваа. Уг нь хоёр нам УИХ-ын танхимд хайр майргүй үзэлцээд (эрхбиш насанд хүрсэн хүмүүс учраас гайгүй биз) дэлгэрэнгүй бөгөөд цоорхойгүй хууль гаргах ёстой атал найзалчихлаар нэг л өдөр сонгогчид нь гудамжинд үзэлцэж эхлэнэ биз дээ?
7-р сарын 1-ны аймшигт хэрэг явдлын учир шалтгааныг парламентын комисс байгуулан жинхэнэ үнэнийг тодруулж зарлахын оронд иргэний нийгмийн байгууллагууд бүтэн жилийн турш хийж байгааг дууриаж нэгэнт өнгөрсөн хүний эрхийн зөрчлийг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгуулж, бас өршөөлийн хууль, нөхөн төлбөр зэргээр хоёр нам нүглээ халхлан сугарч үлдлээ. Зөвхөн цагаан байр, цагдаа, залуучууд гурвын хооронд нэг юм болоод өнгөрсөн юм шиг…
Чухамдаа 7-р сарын 1-ны хариуцлагыг дээрээсээ бөгөөд өөрөөсөө эхлээд тооцсон бол шинэ Ерөнхийлөгчийн амалсан тэр шударга ёс Монголд тогтох эхлэл болохсон.
Харамсалтай нь дахиад хойшиллоо…