АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for May, 2009

“… Шүүмжлэл маань одоо бол ер нь худлаа тал руугаа байсан юм байнаа гэдгийг зарим талаараа мэдрээд …”

Posted by tseren on 2009/05/28

Олон телевиз дамжин мэдээ уншихдаа этгээд яриагаараа ялгарч жижигхэн брэнд болсон сэтгүүлч Алтаншагай хамгийн сүүлд “Ийгл” телевизэд зурвас үзэгдээд сураг алдарснаас хойш бараг жилийн дараа 2009 оны 05-р сарын 22-ны үдэш Монгол Улсын Ерөнхийлөгч, МАХН-аас нэр дэвшигч Намбарын Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагааны үеэр Соёлын төв өргөөний тайзан дээр гэнэтхэн гарч ирлээ.

Хөтлөгч:

- Та бүхний дунд ажлаа хийж байгаа нэгэн хүсэлт тавьж сэтгэгдлээ илэрхийлэх гэсэн юм. Сэтгүүлч Алтаншагай таныг урьж байна хэмээн зарлав. Чухам ямар ажил гэдгийг хэлээгүй, тэгээд ч энэ удаагийн сонгуулиар дэлгэцэн дээр харагдаагүй болохоор хөшигний цаана далд фронтод ажилласан байж  мэдэх тэрбээр үнэхээр гарч ирлээ.

Сэтгүүлч Алтаншагай:

snapshot20090528125735

- Сайн байцгаана уу? Би та бүхэнд мэдээ танилцуулья, Алтаншагай. Энэ дууг сонссон уу? [Алга ташилт]. Яг энэ миний энэ дуу хоолой бараг сар гаруй TV9 телевизээр яваад байна л даа, “Шударга мэдээ” гээд. Би нэг зүйл хэлэх гэсэн юм. Өөрийгөө хамгаалж байна гэж ойлгоно уу яана уу, өөрсдөө мэд. Тэр “Шударга мэдээ”-г миний бие, би хийгээгүй. Алтаншагай мэдээллээ гэдэг утгаараа хийгээгүй. Тэр мэдээг хийсэн ч гэсэн тийм шударга мэдээ байдаггүй л байхгүй юу! Хүнийг яаж хутган.. гутаан доромжилж байна, тийм үү? Зүгээр одоо Алтаншагайг ард түмний зарим хэсэг ардчиллыг дэмждэг гэдэг утгаар нь мэдэх байх….Гэхдээ ардчилллыг дэмжихдээ хүнээ ялгаж дэмжих ёстой биз дээ [Алга ташилт]. Тэгээд нэг ийм залруулга хийж байгаа юм. Би ноён Энхбаярыг зарим хэвлэлээр… нэлээд сайн авч өгдөг л дөө… Гэхдээ тэр шүүмжлэл маань одоо бол ер нь худлаа тал руугаа байсан юм байнаа гэдгийг зарим талаараа мэдрээд ноён Энхбаяраас одоо албан ёсоор уучлал гуйгаад, та энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялна аа, нөгөө хүн чинь таныг хувь хүнийхээ хувьд ч тэр, хийж бүтээж байгаа юмныхаа хувьд тэр шал өөр, эсрэг тэсрэг. Би ноён Элбэгдоржтой бас хамтарч ажиллаж байсан, ямар хүн гэдгийг мэднэ… Тийм учраас би өөрийнхөө сонголтыг хийж байгаа байхгүй. Миний сонголт бол ноён Энхбаяр. Та ялна аа… Танаас уучлалт хүсье! (Очиж тэврэлдэв).

snapshot20090528130117

Сонгуулийн сурталчилгааны сүүлчийн шийдвэрлэх өдөр ноён Н.Энхбаярыг монголчууд тэр чигээрээ дэмжиж байгааг харуулж УИХ-ын гишүүдээс эхлээд ахмадууд, эмэгтэйчүүд, оюутан сурагчид, үндэстэн ястнууд, олимпийн аваргууд, бөхчүүд, цэргийн албан хаагчид, урлаг соёлын одууд гээд нийгмийн анги давхарга, ажил мэргэжил болгоноос цуглуулж Соёлын төв өргөөний тайзан дээр долоон эгнээ ярайтал суулгаж заримаар нь үг хэлүүлэхдээ Н.Энхбаярыг дэмжсэн “намын дайчин байлдагчид”-ын шинэ үеийн төлөөллийг үлдээчихэв үү гэтэл ашгүй сэтгүүлч Алтаншагай өөрөө хүсэлт тавьж энэ алдааг засчээ.

Уучлал гуйсан тухайд. Сэтгүүлч хүн өөртөө шүүмжлэлтэй хандах сайн хэрэг боловч өмнө ярьж хэлж байснаа “худлаа тал руугаа байсан” гэж үгүйсгэх нь өөрөө ”худлаа тал руугаа” байх шүү.  Урьд нь сэтгүүлч Алтаншагай улс төрчдийг, түүний дотор Н.Энхбаярыг зөндөө шүүмжилсэн байх, гэхдээ камерын өмнө улаан цайм гүтгэж суусан гэж бодохгүй байна. Өөрийгөө хүндлэх хэрэгтэй шүү! Тэр тусмаа үүнийгээ дөрвөн жилд ганц удаа тохиох  сонгуулийн урьд өдөр зөвхөн “зарим талаар” (бүрэн гүйцэт биш!) мэдэрчихээд гүйж очоод тэврэлдэх хэрэг байсан уу? Одоо яаж “шударга мэдээ” хийнэ дээ.

Эсвэл “татгалзахааргүй санал” ирсэн юм уу?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 17 Comments »

Тэргүүн нүүрний эсэргүүцэл

Posted by tseren on 2009/05/27

Саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар өдөр тутмын сонинуудын дунд хоёр туйл байсны нэг нь “Өдрийн сонин”, нөгөө нь “Зууны мэдээ”. Бүр 1999 онд төр, засгийн хоёр сониныг Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар татан буулгах нэрээр итгэлтэй хүмүүстээ авч өгсөн нь явсаар 10 жилийн дараа хэрэг болжээ. Улс төрчид холыг харах юм аа.

Өнгөрсөн саруудад хоёр сонин ямаршуу байсныг бид мэднэ. Харин санал хураалт дуусч сонгуулийн дүн тодорсон ч тэд тайвшраагүйг тэргүүн нүүрүүд илэрхийлсээр байна.

“ӨДРИЙН СОНИН”

2009.05.25-ны Даваа гаригийн дугаар шөнө дундаас хойш хэвлэлтэнд шилжиж ялалтын мэдээг тэргүүн нүүрэндээ залж амжсан байна: “02.30 цагийн байдлаар Ц.Элбэгдорж ялж байв”. Гэтэл хажууд нь “Экс ерөнхийлөгч үхэлдээ хэнийг ч буруутгахгүй байхыг хүсчээ. Тэр хаднаас үсэрч амиа хорлов” гээд БНСУ-ын Ерөнхийлөгч байсан Ну Му Хен-ы үхлийн тухай том тайлбарын эхлэлийг зураг хөрөгтэйгээр өнгө ялган онцолжээ. Солонгост гарцаагүй сенсаац боловч Монголд шууд хамаагүй энэ явдлыг тэргүүн нүүрэндээ залж гашуудсан нь хачин. “Өдрийн сонин” тэр Ерөнхийлөгчид тун сайн байж дээ…  

 2009.05.26-ны дугаарын эхний нүүр арай даруухан байв: “Ардчилсан ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө ажиллахаа амаллаа”, Н.Энхбаяр: Би санал хураалтын дүнг хүндэтгэж байна” гэсэн тайван сурвалжлагуудыг нийтэлж “Элбэгдорж 51.24 хувиар ялалт байгууллаа” гэсэн ялалтын мэдээ 3-р нүүр лүү шилжсэн байна.

2009.05.27-ны дугаарын тэргүүн нүүр буцаад хачин болчихов: “МАХН-ын “Б” төлөвлөгөө буюу ялалтыг яаж хүчингүй болгох вэ?”. Бас нэг ярилцлагын гарчиг: “Сонгуулийн ерөнхий хороо сэжигтэй байна”.

Одоо сонгуулийн дүнг СЕХ-ноос бушуухан баталгаажуулж зарлахгүй бол “Өдрийн сонин” хэцүүдлээ шүү!

Тэгвэл “ЗУУНЫ МЭДЭЭ” яав?

2009.05.25-ны Даваа гаригийн дугаарын тэргүүн нүүр зөвхөн “СЕХ-ны дарга Н.Лувсанжав 21.00 цагийн мэдээгээр улсын хэмжээнд нийт сонгогчдын 64.61% санал өглөө” гэж мэдээлэв. Хэрвээ Энхбаяр ялж яваа мэдээлэл ахиухан  ирсэн бол энэ нүүр ямар их баяр хөөрөөр дүүрэх байсан бол?

 2009.05.26-ны эхний нүүрний гарчиг гайхалтай: “Н.Энхбаяр 50.31 хувийн саналаар орон нутагт ялжээ”. Одоогийн ерөнхийлөгч ингэж ялаад байхад өрсөлдөгч нь бас ялчихсан байгаа үзэгдээгүй явдлыг мэдээнийхээ дотор тун дургүй хүлээн зөвшөөрсөн харагдана. Гэхдээ хоёрдугаар нүүрэндээ “Н.Энхбаяр зангарагтай улс төрч гэдгээ харуулсан”-ыг бахархалтайгаар зарлав.  

2009.05.27-ны дугаараас сонгуулийн үнэр бүрэн арилжээ. Өнгөрсөн бүтэн сайнд болсон “жижиг” үйл явдлыг ингээд мартав уу гэтэл “Хөрөнгө оруулагчид Монгол Улсаас болгоомжилж эхэллээ” гэсэн том нийтлэлийн гарчиг байна. Ц.Элбэгдорж ялсанд гадныхан тун дургүй байгаа гэнэ.

Монголчууд буруу сонголт хийснээ цаашдаа “Зууны мэдээ”-гээс улам сайн мэдэж авах биз.

Posted in "Зууны мэдээ" сонин, "Өдрийн сонин", 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 2 Comments »

TV9 өөрөөсөө ичиж TV5 ичихээ ч болив

Posted by tseren on 2009/05/27

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн дүнгээ Хэвлэлийн хүрээлэн (өдөр тутмын болон долоо, арав хоногийн сонинууд) ба “Глоб Интернэйшнл” ТББ (улс орон даяар цацагддаг телевиз, радиогийн5-р сарын  18-22-ны таван өдрийн хөтөлбөр) хамтран хэвлэлийн хурал хийж танилцуулжээ. Үүнийг сонинууд яаж мэдээлснийг бүү мэд, харин миний үзсэн телевизүүд өөрсдөө хэрхэн танилцуулав? Хамгийн сонирхолтой нь TV9 байлаа.

ТВ-9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр.

Хэвлэлийн хурлын тухай сурвалжлагадаа зөвхөн сонинуудын тэнцвэртэй байдалд учир зүггүй санаа тавьж Хэвлэлийн хүрээлэнгийн мониторингийн дүнгээс баахан уншсанаа телевизүүдийн мониторингыг шууд алгасч зөвхөн МҮОНТ-ээр явуулсан халз ярилцлагыг хэдэн хувь үзсэн тухай дурьдаад өөрийгөө тас нууж дуусгав. Өөрөөсөө ичсэн байх.  Мониторингийн мэдээнд тус телевизэд “Нийт цагийн 71,2%-ийг эзэлж байгаа Н.Энхбаярын мэдээллийн 93,2% нь эерэг байна. Харин Ц.Элбэгдоржийн мэдээлэл нийт цагийн 28,8%-ийг эзэлж, үүний 76,9% нь сөрөг мэдээлэл байна” гээд дурайж байлаа.

TV5 телевизийн “Цаг” мэдээлийн хөтөлбөр

Дээрх хэвлэлийн хурлыг мэдээлэхдээ “нэр дэвшигчдийн сурталчилгаа эрчимтэй явагдаж байсан сүүлийн 5 хоногт дүн шинжилгээ хийхэд үндэсний хэмжээнд эфирээ цацдаг манай телевиз онц гэсэн үнэлгээ авсан байна. Хэт нэг талыг барьсан мэдээ нэвтрүүлэг гаргалгүй, тэнцвэртэй байдлаар хандсан нь ийм дүгнэлтэд хүрэхэд нөлөөлжээ” гээд сийхгүй залав. “Глоб”-ийн мэдээг үзэхэд ямар ч дүн алга. Өөртөө дүн тавиад зогсохгүй UBS, 25-р суваг телевиз тэнцвэр муутай байсныг нотолсон тоонууд уншиж тэрүүхэндээ нүглийг нь илчлээд амжив.  Хэлээгүй л болохоос биш муу дүн тавьжээ. Гэхдээ TV5 өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, СЕХ-ноос баталж өөрсдөө гарын үсгээ зурсан хуваарийг хэрхэн эрээ цээргүй зөрчсөнийг би урьд нь бичиж байсан. Зөвхөн сүүлчийн 5 хоногт 130 минутийн сурталчилгааны нэвтрүүлэг явуулах хуваарьтай атлаа 475 минутийг явуулж бараг 4 дахин хэтрүүлжээ. Тэнцвэрийн тухайд гэвэл 2 намд хоёуланд нь зэрэг худалдагдсаных.

“25-р суваг” телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөр

Мониторингийн дүнг танилцуулахдаа тус нэвтрүүлгийг нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалсан эсэх, нэгэнт тэгш боломж олгосоор атал тухайн цагт нь нэвтрүүлгээ болон ярилцлагаа өгөхгүй өөрсдийн сонголтоо хийсэн зэрэг нарийн учрыг нь төдийлөн тодруулаагүй болохоор зарим талаар бүрэн хэмжээний тэнцвэрт байдлын судалгаа гэж хэлэхэд боломжгүй харагдаж байгаа юм…” гэлээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихлаа. Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалаагүй буюу хууль зөрчсөн нэвтрүүлэг явуулдаг, өрсөлдөгч талууд заримдаа нэвтрүүлгээ өгдөггүй байхад л  хоёр талын сурталчилгааны хэмжээг хэд дахин хэтрүүлснээ хүлээн зөвшөөрөв.

“Нарийн учир” гэж телевизүүд хууль зөрчихдөө сонгуулийн штабуудтай хэрхэн хуйвалдсаныг хэлсэн юм болов уу? Түүнийгээ жагсаагаад ил болгомоор юм даа.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 25-р суваг телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 3 Comments »

Телевизүүд сонгуулийн шөнө …

Posted by tseren on 2009/05/26

5-р сарын 24-нд манай телевизүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг өдөржин сурвалжилж СЕХ-ны зарласан хэвлэлийн хурлыг хэдэнтээ дамжуулсан билээ. Зарим нь бүр Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгийн төвд яваад оччихсон, эсвэл бүр холын аймгуудаас дүрстэй дүрсгүй мэдээ, сурвалжлага хүлээн авч үзүүлэв. Хөвсгөл айлын байшин  шатаасныг бид дор нь мэдэж авсан. Ингээд 22 цагт санал хураалт дуусахтай зэрэгцэн СЕХ-ноос сонгуулийн ирцыг 21 цагийн байдлаар мэдээлснээс хойш дэлгэц ширтсэн хүлээлт эхэлж хот хөдөөгүй шөнөжин үргэлжилсэн юм.

Телевиз болгон сонгуулийн дүн яаж тодрохыг цаг минут алдалгүй шуурхай мэдээлж нойргүй хонохоо амалж сүрхий эхэлсэн боловч удалгүй ямар ч мэдээлэлгүй болж усны эрэг дээр гаргаад хаячихсан загас шиг яахаа мэдэхгүй ангалзаж гарав. Өдөр дууссан нацу баше их аварсан даа. Тэгтэл шөнө дундаас хойхно АН-ын байрны хурлын танхимд тойрч суусан дарга нар, хөдөөний ганц нэг багийн санал тоолоход Ц.Элбэгдорж илүү санал авсныг тэнд овоорсон сэтгүүлчдэд дуулгаж эхлэв. Удалгүй МАХН-ны байранд сэтгүүлчдийг үүднээсээ цааш нэвтрүүлээгүй ч хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатар гарч ирээд Н.Энхбаярын түрүүлж яваа хөдөөний баг, сумдын мэдээллийг ширхэгчлэн уншив. Энэ бүгдийг “Ийгл” телевиз уламжлал ёсоороо манлайлж, бас Vivia гэдэг мундаг станцтай болсон МҮОНТ удаалан шууд дамжуулж, бусад нь тун шуурхай сурвалжилж хүргэж байлаа.

Харин намуудын мэдээлэл хоёр хоёр давтагдаж Ц.Элбэгдорж түрүүлж яваа нь илт болохын хэрээр хэдэн сарын турш сонгуулиар эцэж цуцалгүй амьсгалсан зарим телевизийн дуу нь суларсаар өглөөний 06 цагийн үед АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон шинэ өдрийн мэнд дэвшүүлсэн хэвлэлийн хурлыг “Ийгл” телевиз шууд дамжуулах тэр мөчид МҮОНТ өөрийн 40 жилийн ойн концертыг толилуулан баясгаж байсан бол  TV9, UBS телевизүүд танин мэдэхүйн гоё кино, нэвтрүүлэг гаргаж, TV5, 25-р суваг телевизүүд  эфирээ хаагаад гүн нойрссон байлаа.

P.S: Бас НТВ телевиз энэ бүгдийг шууд дамжуулсан гэж үзсэн хүмүүс хэллээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV5 телевиз, TV9 телевиз, UBS телевиз, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз | 3 Comments »

Сүүлчийн мөч хүртэл хууль зөрчсөөр өндөрлөв

Posted by tseren on 2009/05/22

Одоо яг 23 цаг 58 минут. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусч байна. Намуудын штабын дарга нар болон телевизийн захирлууд гарын үсгээ зурж СЕХ-ны тогтоолоор баталсан төлбөргүй ба төлбөртэй нэвтрүүлгийн хуваарийг манай телевизүүд ядахдаа ганц өдөр зөрчихгүй байж чадав уу?

МҮОНТ:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 21.15-21.30 15 мин – МАХН
5 сарын 22. Баасан. 21.30-21.45 15 мин – АН

Өнөөдөр МҮОНТ хэдэн минут илүү дутуу гаргасныг эс тооцвол чадлаа.

TV9 телевиз:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 18.30-19.00 30 мин – МАХН
5 сарын 22. Баасан. 21.20-21.50 30 мин – АН

Харамсалтай нь TV9 бол цайчихсан телевиз. Өнөөдөр өдөржин, оройжин сонгуулийн сурталчилгаа явууллаа. Жагсаагаад ч барахгүй. Талыг нь Н.Энхбаярыг магтахад зориулсан ч нөгөө талыг түүний өрсөлдөгч Ц.Элбэгдоржид зориулсныг шударгаар хэлэх хэрэгтэй. Ялгаа нь гэвэл түүнийг зөвхөн муулсан байлаа. [Одоо 23.50-д Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын сурвалжлага гарч байна]

TV5 телевиз:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 22.30-23.00 30 мин – АН
5 сарын 22. Баасан. 23.00-23.30 30 мин – МАХН

Тэгвэл өнөөдөр сурталчилгааны дараах нэвтрүүлгүүд явлаа.

20.30-20.43. АН-ын “Шударга мэдээ”

20.44-21.40. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяртай TV5 телевиз UBS телевизтэй хамтран хийсэн ярилцлагын нэвтрүүлэг.

22.31-23.27. АН-ын захиалгат нэвтрүүлэг. Сүхбаатарын талбай дээр болсон цуглаан сурвалжлага.

23.28-23.58 МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагаан дээр С.Баяр, Н.Энхбаяр нарын хэлсэн үгийг TV9 телевизтэй зуузай холбон үзүүлж эх орны тухай дууны клипээр чимэглэн төгсгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 28-р зүйлийн 3-т “Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэсэн байдаг. Гэтэл сүүлчийн мөчийг хүртэл төрийн хууль руугаа нулимсан сурталчилгааны кампани болж өнгөрлөө дөө.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV5 телевиз, TV9 телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

Эсвэл нээгээд … эсвэл хаагаад …

Posted by tseren on 2009/05/22

Өнөөдөр шөнийн 24 цагт буюу сонгуулийн сурталчилгаа дуусангуут www.news.mn сайт сэтгэгдлээ нээхээ зарлажээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн эхний өдрүүдэд тус сайтад тавьсан сонгуультай хамаатай төдийгүй хамаагүй нийтлэл болгоны араас залгагдсан сэтгэгдлийн хэсэгт хараал ерөөл, гүтгэлэг доромжлолын жинхэнэ дайн дэгдсэн тул 4-р сарын сүүлчээр хаачихсан юм.

Даанч хаасны ач тус нэг их гараагүй, учир нь МҮОНТ-ээс эхлээд бусад бүх телевизийн дэлгэц, сонины хуудсан дээрх МАХН ба АН-ын штабын бэлтгэсэн төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэлүүд тус сайт дээр үгээр бичсэн ямар ч сэтгэгдлээс илүү заваан, тэгэхдээ бүр өнгө будаг, дуу дүрстэйгээ байлаа.

Сонирхолтой нь, news.mn сайт сэтгэгдлээ нээх яг тэр 24.00 цагаас сонгуулийн сурталчилгааг хуулиар зогсоож байгаа билээ. Чухам хуулийн энэ заалтыг “үндэсний портал” www.GoGo.mn ишлэж байгаад өнөөдрийн 18.00 цагаас эхлэн сонгуулийн санал хураалтын дүн мэдээ гартал сэтгэгдэл бичих үйл явцыг хаахаар болжээ. 18 цагаас ч байхдаа яахав. Ноднин 7-р сарын 1-ны дараа онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигаар хэвлэл мэдээллийг хаахдаа FM-үүдийг мартчихсан юм билээ. Гэтэл СТӨ-нд байрладаг зарим FM шатаад дуугаа хураасныг бусад FM-үүд сонсоод (өөрөөр хэлбэл сонсоогүй тул) “ухамсраараа” нэвтрүүлгээ зогсоосон гэдэг. GoGo.mn үүнийг санагдуулчихлаа.

Тэгтэл www.olloo.mn сайт өнөөдөр сэтгэгдэл авахаа гэнэтхэн зогсоочих юм.  Сонгуулийн кампанийн туршид хаах байтугай цензургүй байлгасан санагдана. (Шалтгааныг таамаглаж байна. Гэхдээ дараа хэлнэ ээ)

Ингээд сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр монголын Интернэтэд сонин сонин юм болохнээ.

(Би бас сэтгэгдэл авахаа зогсоодог юм билүү? Даанч блогийн сэтгэгдлийг яаж хаадгийг сайн сураагүй байдаг..)

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, ИНТЕРНЭТ | 7 Comments »

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз ярилцлага (Эхний сэтгэгдэл)

Posted by tseren on 2009/05/22

Ямар ч байсан энэ удаа Ерөнхийлөгчийн сонгууль халз ярилцлагатай боллоо. [Хоёрхон хоногийн өмнө Монголын үндэсний олон телевиз, радио өөрөө халз мэтгэлцээн гэж зарласан мөртлөө яг хийх болохоороо сэмхэн халз ярилцлага болгож хувиргасныг сая анзаарлаа] Өчигдөр орой буюу 21-ны Пүрэв гаригийн 21.00-23.00-д болж орон даяар шууд нэвтрүүлж үзэгч, сонсогчдоос урьдчилан хүлээж авсан 1400 гаруй асуултаас багцалж 60 асуулт бэлтгэж хайрцаглаад тэндээсээ сугалж 19 асуултыг тавьж амжив.

Тэр оройн “Цагийн хүрд”-ээр МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар “асуултуудаа урьдчилж үзүүлэхгүй, манай радио, телевизэд тэр хэдэн асуултыг багцлах байтугай өөрсдөө зохиодог мундаг сэтгүүлчид байдаг” гэж даналзаад байсан ч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр сугалж гаргасан асуултууд дэндүү жол, ямар ч найруулгагүй, заримдаа давтагдсан байх юм. Ямар сайндаа шүүхийн тогтолцооны талаар ижилхэн асуулт дахин тавигдахад нэр дэвшигч Энхбаяр ”түрүүн гарсан асуулт байна” гэж дуугарахав. Багцлах байтугай сонгож ч чадсангүй. Ерөнхийлөгчийн эрх хэмжээнд шууд хамаарахгүй баахан асуултууд гарлаа. Үнэхээр мэтгэлцүүлье гэсэн бол тэртээ тэргүй хариулж амжихгүй 60 асуулт бэлтгэх бус, харин хамгийн чухал хэдэн асуултыг тэр мундаг сэтгүүлчдээрээ бэлтгүүлэх байж  дээ. Харин ч хоёр нэр дэвшигч өөрсдөө овсгоо гаргаж тавьсан асуултаас зөрж байж бага сага мэтгэлцсэн шүү!

Ярилцлагын эхний хэсэгт Н.Энхбаяр илүү, төгсгөлийн хэсэгт бараг тэнцүү байж, харин Ц. Элбэгдорж чангахан дуусгах шиг санагдлаа.

Эхлээд нэр дэвшигчид сонгогчиддоо хандаж нэг минутийн үг хэлэхэд Н.Энхбаяр сурталчилгаагаа аавынхаа төрсөн нутгаас эхэлж ээжийнхээ төрсөн нутагт дуусгасан тухайгаа зарлав. Элбэгдоржийн юуг сануулаад байгаа нь шууд ойлгогдов.

Дараах асуултууд байлаа.

1. Монгол орны эдийн засгийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

2. 7-р сарын 1-ны үйл явдлыг хэрхэн үзэж байна вэ?

Хөтлөгч Ц.Мөнхтөр будлив уу, эхний хоёр асуултын хариултыг Ц.Элбэгдоржоор эхлүүлсний дараа л “асуултыг ээлжилж хариулах ёстой юм байна” гэж сая нэг ойлгов.

3. Газрын лицензийг хэрхэн цэгцлэх вэ? Гадаадын иргэдээс буцааж авах тухай.

Газрын лиценз гэж чухам юуг хэлэв? Нэр дэвшигч Энхбаяр таав бололтой хотын газрыг ч, ашигт малтмалын лицензийг ярив.

4. Шүүхийн шударга тогтолцоог хэрхэн хангах вэ?

Хулгай хийгээд 10 жилийн ял авсан эмэгтэйн жишээг Ц.Элбэгдорж хэлмэгц Н.Энхбаяр “Элбэгдоржийн тэр яриад байгаа давтан хулгай хийгээд 10 жил авсан эмэгтэйг би зарлиг гаргаж өршөөсөн” гээд өөртөө оноо нэмэх нь тэр.

5. Хөдөөгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхийн тулд ноолуурын татварыг чөлөөлөх боломжтой юу?

6. Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар?

  Н.Энхбаяр хариулахдаа, Элбэгдорж нэр дэвшигч Архангайн цагаан идээг ярилаа. Миний багаасаа идэж өссөн Архангайн ааруул амттай шүү. Өрсөлдөгчдөө баярлалаа гэж дахиад овсгоо гаргав.

7. Одоогийн шүүхийн тогтолцоог хэрхэн дүгнж байна вэ?

8. Бүсийн төвүүдийг эрчимтэй хөгжүүлэх талаар таны бодлого?

Ц.Элбэгдорж сайн мэдэхгүй байгаа бололтой “Бүсийн төвүүдээс гадна орон нутгийн хөгжлийг ярих хэрэгтэй.. “ гээд баахан хальсан бол Н.Энхбаяр “Энэ бол миний хамгийн их анхаарал тавдаг асуудал гээд 8 бүсийн төвийг нэгбүрчлэн нэрлэж байгаад хариулав. Үнэхээр мэддэг юм байна.

9. Монголчууд бүтэн хоёр жил сонгууль хийж байна. Үүнийг өөрчлөх арга байна уу?

Н.Энхбаяр “Бид өдөрт Оюутолгойгоос 1 сая доллар алдаж байна. Сонгуулийг нэгтгэх хэрэгтэй

Ц.Элбэгдорж “Саналыг худалдаж авна гэх юм аа… Худалдаж авахгүй гэхлээр булааж авна гэх юм. Булаалгахгүй гэхлээр шоронд хийгээд байх юм..

10. Монгол оронд засаглалын хуваарилалт ямар байна вэ?

Ямар “мундаг” асуулт вэ? Яг үүнийг ашиглан Н.Энхбаяр гэнэтийн дайралт хийж “Бороо гоулдын тогтвортой байдлын гэрээгээр 43 тонн алт олборлосноос бид150 сая доллар алдсан… Энэ гэрээний цаана авлига байгаа гэж Элбэгдорж ярьдаг… Энэ гэрээг Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа хийсэн… Би энд Элбэгдоржийн тухай ярьж байгаа юм биш… ” гээд Элбэгдоржийг угсруулан нэрлэж шууд буруутгалаа.

11. Ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол хамтарсан засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ?

Н.Энхбаяр: Би эх орны хишгийг санаачилсан хүний хувьд энэ Засгийн газрыг дэмжиж ажиллана.

Ц.Элбэгдорж: Олон удаагийн амлалтуудыг нийгмийн амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан Засгийн газрыг байгуулсан… Одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл дан нэг намаас байгаа. Одоо Ерөнхийлөгчийг сонгохдоо үүнийг анхаарах хэрэгтэй.

Тэрбээр шинэ аргумент гаргаж ирлээ.

12. Хэрвээ та ерөнхийлөгчөөр сонгогдвол үндэсний уламжлалыг авч үлдэх асуудлыг системтэй явуулж чадах уу?

Н.Энхбаярын ганц чаддаг сэдэв тул “хөдөө орон нутгаараа явахдаа өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдөг… Би Ерөнхийлөгчийн хувьд санаачлага гаргаж Төрийн дууллаа шинэчилсэн…” гээд авч өглөө.

13. Говь болон алслагдсан бүс нутгийн талаар онцгой арга хэмжээ авах цаг болсон юм биш үү?

Ц.Элбэгдорж: Өмнөговь аймагт АН олонхи болж нийт иргэддээ 50 мянган төгрөг тараагаад өгсөн. Одоо 7 сард бас 50 мянган төгрөг өгнө…

14. Малчдын нийгмийн даатгалын төрөөс хариуцдаг болох тухай?

15. УИХ-ын гишүүн ба Засгийн газрын гишүүдийг заагласнаар төрийг сайжруулж чадах уу?

Ц.Элбэгдорж: Авлигачид төрөөс 3 тэрбум доллартай тэнцэн мөнгө завшсан байна гэсэн тоо гарсан байсан… Оюутны төлбөрийг гар дээр нь тавьж өгөх хэрэгтэй. Сургуулиа, багшаа өөрөө сонгодог байх хэрэгтэй…гэж өрсөлдөгчийнхөө сурталчилгааны нэг гол хөзөр болоод байгаа үнэ төлбөргүй боловсролын талаар байр сууриа илэрхийлэв. (Ийм л асуудлыг тусад нь тавьж мэтгэлцүүлэх байсан юм).

16. Стратегийн ордуудыг ашиглаж эргэлтэнд оруулах талаар таны бодол?

Ц.Элбэгдорж: Хувьцаа болгож ард түмэндээ өгнө. Ерөнхийлөгч гадаадынхан ирэхэд нь ард түмэндээ хувь болгоод өгчихсөн гэж хэлж чаддаг ерөнхийлөгч байх ёстой.

Н.Энхбаяр: Миний байр суурь дэндүү тодорхой… Элбэгдоржтой нэг зүйл дээр санал нийлэхгүй. Хувьцаа хэлбэрээр өгвөл 1990-ээд оны ягаан тасалбар шиг юм болоод иргэд алдчих вий…

17. Өмч хувьчлал хэр зэрэг шударга болсон бэ? Орон сууц? ….Газар гэж битгий хэлээрэй….

Н.Энхбаяр: Өмч хувьчлал нэрээр ягаан цэнхэр тасалбараар үйлдвэрүүдийг авсан гэж ард түмэн маань ярьдаг.

Яг энд Ц.Элбэгдорж чангарч хариу дайралт хийлээ: “Өнөөдөр хүмүүс [Н.Энхбаяр гэсэн үг] амлаж болох бүх юмыг амлаж байна. Харин шударга ёсыг л амлахгүй байна… Социализмын үед гаднаа 500 хонь хэвтүүлчихээд эхнэр нь амаржихад хонь гаргаад шөл уулгачихаж чаддаггүй байсан… Дэлхийн гал зуух болсон Таван толгойг өгөх юм бол ….. хувьцаа нь дараа жил өснө…. Бид Бороо гоулдын гэрээг ашигтай, татвар авахаар байгуулсан байхад дараа жил нь [Энхбаяр та өөрөө] гарч ирээд өөрсдөө татвараас чөлөөлөөд өөрсдөө [Сү.Батболдоос өөр хэн байхав] хувь ороод авчихсан байсан

Хэрвээ жинхэнэ мэтгэлцээн байгаад цааш үргэлжилсэн бол сонгогчид хэн нь хэн болохыг мэдэж авах байсан биз.

18. 7-р сарын 1 давтагдахгүй байж болох уу?

Ц.Элбэгдорж: Шударга ёсон дээр эв нэгдэл суурилдаг. Хүүхдийг нь буудчихаад ээжтэй нь эв нэгдэл ярьж болохгүй!

Н.Энхбаяр: Би зарлиг гаргаж Монгол даяар тархахыг зогсоож чадсан. АН-ын штабын хүмүүс санал сайн авч чадвал 10000 төгрөг өгнө гэсэн байгаа. Шударга сонгууль явуулахад үнэхээр бэлэн байна уу? .. Өдөөн хатгачихаад зөвтгөж ярьж болохгүй. Уучлал гуйх хэрэгтэй..

Зөвхан энэхэн хэсэг жинхэнэ мэтгэлцээн байв.

19. Ажилгүйдэл юунаас үүдэлтэй вэ?…

Мэдээжийн асуулт учраас хариулт сонирхолтой байсангүй.

Төгсгөлд нь хоёр нэр дэвшигч сонгогчиддоо хандаж тус бүр 2 минутийн үг хэлэв.

Ц.Элбэгдорж: Миний өвөө Монгол нь Ховд аймгийн Мөстийн Бодончийн хавцалд төрсөн. Миний аав Мөст суманд төрсөн… би ээжийнхээ хамгийн бага нь … Захны даавуугаа янданд нааж индүүдээд явдаг байсан … Би 4 хүүтэй…

Н.Энхбаяр: Би өрсөлдөгчийнхөө талаар өөрийн зохиол гэсэн тараагаагүй… Монгол улс салаа замын уулзвар дээр ирээд байна… Бүтээх үү, нураах уу?… Эвийн хүч дотор шударга ёс багтаж байгаа…

Одоо л жинхэнээсээ мэтгэлцэж эхэлсэн ч ярилцлагын цаг дуусч хөтлөгч Ц.Мөнхтөр “Нэр дэвшигчдийн халз ярилцлагыг МҮОНТ амжилттай зохион байгууллаа” хэмээн гялс дүгнэж амжив.  Энэ бол түүний хамгийн сайн хөтөлсөн хэсэг.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 21 Comments »

Хэд дахин хэтэрсэн “тэнцвэртэй” сурталчилгаа

Posted by tseren on 2009/05/21

Маргааш өндөрлөж байгаа сонгуулийн сурталчилгааны кампани дэндүү муухай болж өнгөрөхнээ.

Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу улс орон даяар нэвтрүүлэг явуулдаг 6 телевиз, нэг радиогоор явуулах нэр дэвшигчдийн төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлгийг сар өдөр, эхлэх дуусах цаг минут, үргэлжлэх хугацааг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор баталсан юм. Цаана нь “Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэсэн хуулийн заалт  арыг нь даана. Нэг үгээр бол, нэр дэвшигчдийн сурталчилгааг дур зоргоороо явуулахыг хязгаарлаж, дээрх телевизүүдийг хөндлөнгийн, түүний дотор намуудын сонгуулын штабын дарамтаас хуулиар хамгаалж өгсөн хэрэг. “Хуваарьгүй юм чинь ямар ч арга алга” гээд буцаагаарай гэж. Мэдээж хуваарьтай нэвтрүүлгээр элдэв гүтгэлэг сэлт гарч болох ч өнөөдрийнх шиг тархи угаах хэмжээнд хүрэх ёсгүй байлаа.

Харамсалтай нь манай телевизүүд сэтгүүл зүйн үүргээ бүрэн умартаж МАХН ба АН-ын сонгуулийн хоёр штабын эрхшээлд орж хэдэн төгрөг аваад шууд тохиролцдог байжээ. Асуухлаар, тэнцвэртэй байсан, “заримдаа нэг нам нь нэвтрүүлгээ авчирч өгөөгүй өдөр нөгөө намын нэвтрүүлэг давж гараад тэнцвэргүй харагддаг” мэтээр толгой эргүүлж эхэллээ. Үнэн хэрэгтээ огт тийм биш, “заримдаа нэвтрүүлгээ авчирч өгөөгүй” байхад л аль аль намын захиалгат нэвтрүүлэг CЕХ-ны хуваариас хэд дахин хэтэрч сүүлдээ эх захаа алдаж хавтгайрсан билээ.

Жишээ болгож TV5 телевизийн ганцхан үдшийн захиалгатай нэвтрүүлгүүдийг жагсаав. Энд “Цаг” мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлсэн сонгуулийн сурталчилгааны төлбөртэй мэдээ, сурвалжлагуудаас эхлээд уран сайхны киног хүртэл зай завсаргүй шахам сөөлжин чигжсэн хоёр нэр дэвшигчдийн тухай клип, урт богино яриануудыг огт тооцоогүй юм шүү.

2009 ОНЫ 5-Р САРЫН 18. ДАВАА.

СЕХ-ноос баталсан хуваарь
Тус телевизээр явуулсан сурталчилгааны нэвтрүүлгүүд
21.20-21.25
5 мин
МАХН-ын төлбөртэй нэвтрүүлэг
18.20-18.40.
АН-ын захиалгат нэвтрүүлэг.
Ц.Элбэгдоржийн хэлсэн үг. Дотроо “Шагналыг үнэ цэнэтэй болгоно” гэх мэт хэд хэдэн бүлэгтэй.
20.10-21.03.
МАХН-ын захиалгат “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлэг.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцож голдуу АН ба нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухай шүүмжилж ярилаа.
22.38- 22.45.
АН-ын захиалгат нэвтрүүлэг. Ямар нэгэн нэр, оршилгүй, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс бүрджээ.
22.59- 23.10.
АН-ын захиалгат нэвтрүүлэг. Дотроо Гүтгэлэг1,  Гүтгэлэг 2, Гүтгэлэг 3 … гэх мэтээр дугаарласан.
23.11-23.20.
АН-ын захиалгат нэвтрүүлэг. “МАХН-ын шударга гишүүд ярьж байна” нэртэй
23.22-23.47.
МАХН-ын захиалгат нэвтрүүлэг. “Шинэ Монголын залуус хөгжлийн төлөө хамтдаа” нэртэй. Лектор Даваахүү, Хатанбаатар нар Н.Энхбаярын үнэ төлбөргүй боловсролыг дэмжиж 21 аймагт лекцээ үнэ төлбөргүй уншиж байгаа тухай.

Одоо ядахдаа сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр Монгол Улсын хууль ба СЕХ-ноос баталсан хуваарийг ягштал сахиж хойшид  ийм юм хийхгүй гэдгээ харуулж яагаад болохгүй гэж?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV5 телевиз | 7 Comments »

МҮОНТ сонгуулийн сурталчилгааны хуваарийг “тэнцвэртэй” зөрчиж байна.

Posted by tseren on 2009/05/21

Өчигдөр оройн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу тэнцвэртэй явуулж байна гэж тайлбарлаад үүнийгээ МАХН ба АН-ын сонгуулийн штабын дарга нараар нотлуулав. Тэд “тэнцвэртэй сайн явж байгаа”-г баталж өглөө.

Үнэн үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар улс орон даяар нэвтрүүлгээ цацдаг телевиз, радиогоор зөвхөн СЕХ-ны баталсан хуваарийн дагуу сурталчилгаа явуулахыг заасны дагуу МҮОНТ-д өчигдөр буюу 5 сарын 20-ны Лхагва гаригт МАХН-аас 19.30-19.45 цагт, АН-аас 19.45-20.00 цагт 15 минутын үнэ төлбөргүй сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тохиролцож МҮОНТ-ийн захирал ба намуудын штабын дарга нар гарын үсгээ зурж СЕХ-ны тогтоолоор баталжээ.

Өчигдрийн МҮОНТ хөтөлбөрт ч энэ хоёр нэвтрүүлэг хуваарийн дагуу явлаа. (Минут нь бага зэрэг илүү дутуу байсныг орхиё). Гэхдээ сурталчилгаа үүгээр зогссонгүй:

21.35 – 21.50. АН-ын сурталчилгааны нэвтрүүлэг.

21.50 – 22.07. МАХН-ын сурталчилгааны нэвтрүүлэг тус тус явлаа.

Харав уу? МҮОНТ хоёр намын сонгуулийн штабтай хуйвалдаж (өөр ямар үгээр хэлэхэв?) хуваарьт ороогүй хоёр нэвтрүүлгийг нэмж явуулсан байна. Хууль зөрчихийг харилцан тохирч үйлдсэн тул хоёр намын штаб “МҮОНТ тэнцвэртэй байгаа шдээ” гэж хайцаалсан хэрэг. Чухам ийм залилангаас сэргийлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд “Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэсэн тусгай заалт оруулсан байдаг.

Бас нэгэн зүйл. Тэр 21.50-иас гарсан МАХН-ын захиалгат нэвтрүүлэг нь нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг үндэс угсаагаар нь доромжилсон “Монголоороо л үлдэх юмсан” байх юм. Үндэсний эв нэгдлээс эхлээд хамаг сайн сайхан зарчмыг ягштал баримтлуулахын тулд хараат бус байдлыг нь хуулиар хамгаалж өгсөн Монголын үндэсний олон нийтийн телевиз ийм юм гаргах ч гэж дээ.  Мөнгө цагаан, МҮОНТ-ийн нүд улаан ажгуу.

Арилжааны телевизээс ялгаа алга. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МҮОНТ-ын “Монголын мэдээ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн цагаа намуудад нэг минутыг нь 500 мянган төгрөгөөр зарсаар өдий хүрчээ. Гэтэл МҮОНТ-ийн бүх нэвтрүүлэг, түүний дотор мэдээллийн хөтөлбөр бэлтгэх зардлыг төсвөөс болон үзэгчид хураамжаараа төлдөг. Чоно борооноор гэдэг шиг МҮОНТ сонгуулийг далимдуулан хулгайн бизнес хийж байгаа хэрэг. Хэрвээ тус телевиз ядахдаа “Цагийн хүрд”-ээрээ сонгуулийн үйл явцыг хэнээс ч мөнгө авахгүйгээр үнэн бодитой бөгөөд тэнцвэртэйгээр мэдээлж чадахгүй юм бол олон нийтийн телевиз гэсэн нэр зүүж төсвөөс мөнгө аваад, татвар төлөгчид бид өгөөд яах юм бэ?

Хамгийн харамсалтай нь МҮОНТ-ийнхэн өөрсдөө энэ бүхнийг одоо хүртэл “ойлгоогүй” тууж яваа бололтой.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

МАХН-ын үнэртэй фашизм

Posted by tseren on 2009/05/20

Өчигдөр орой TV5 телевизийн оргил цагаар МАХН-ын захиалгат нэвтрүүлгийн цагаар “Монголоороо л үлдэх юмсан” нэртэй эрэн сурвалжилсан нэвтрүүлэг үзлээ. Сэтгүүлч бүсгүй Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн удам угсааг тодруулахаар Ховд аймгийг зорин нисч нутгийн иргэдтэй уулзаад иржээ. Хөгшид голдуу хүмүүс ам уралдан ярина:

- Элбэгдоржийн өвөө – Монгол нэртэй хүн Шинжаанаас 10 орчим насны шар хүүхэд дагуулж орж ирсэн…

- Элбэгдоржийг хятадын эрлийз юм байгаа юм гэж хэлдэг…

Бусад яриаг алгасья. Ховдчууд нэг нэгнээ ингэж муулдаг хүмүүс байна. 

Өөрт нь хамаатай л биш бол мэдээлэл гаргаж өгдөггүй Улсын төв архиваар энэ сэтгүүлч орж 1933 оны хүн амын тооллогоор Цахиа нэртэй хүн бүртгэгдээгүй, тэгэхлээр Монголд байгаагүй гэх мэтээр ухаж төнхөн, бас ШУА руу утасдаж уугуул иргэн гэсэн ойлголтыг тодруулаад амжжээ.

Ийм их нотлох баримтаар зэвсэглэсэн сэтгүүлч маань Ц.Элбэгдоржийг халх ч биш, захчин ч биш … гэж оношлоод зогсохгүй “Монголыг зөвхөн монголчууд удирдсан цаг л монгол хүнийг хайрлана” гэж анхаарууллаа. Тэгснээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг үндэс угсаагаар нь ялгах гэсэнгүй хэмээн хаяагаа малтаад О.Дашбалбарын “Монголоороо л үлдэх юмсан” шүлгийн нэрний ард орж дуусгав.

Сонгуулийн солиорол иймдээ тулжээ. Ц.Элбэгдорж Монгол Улсын уугуул иргэн мөн гэж хүлээн зөвшөөрөөд нэрийг нь дэвшүүлсний дараа юу яриад байна аа? Ховд аймгийн зарим сумынхан Элбэгдоржийн өвөг дээдсийг урдаас орж ирсэн гээд дургүй, магадгүй гадуурхдаг байж. Тэгээд юу гэж? Хаа сайгүй хүмүүс нутаг нугын үзэл гаргаж илүү дутуу юм ярьдаг. Үүгээр албан ёсны улс төр хийж болох уу? Болохгүй гэдгийг нэвтрүүлгийн захиалагч МАХН маш сайн ойлгож иймээс сэтгүүлчээр могой бариулсан хэрэг. Цаадах нь “миний бие сэтгүүлч Д.Ариунаа” гэж сагсуурч байгааг бодоход овоо мөнгө цүнхэлсэн байж таарна. Сүүлдээ хэт чармайж Цахиагийн төрсөн бууцыг хайж гэж Ховдоор баахан хэсэж харагдав. Тэр хүн чинь урдаас аавыгаа дагаад орж ирсэн юм бол төрсөн бууц нь Монголоос яаж олдох вэ дээ?

Мөнгөөр хэн нэгний бууны нохой болдог сэтгүүлч ийнхүү нэгээр нэмэгдэв.  Бас Мөст сумын Засаг даргын орлогч З.Рагчаабазар гэдэг төрийн албан хаагч хүн бусдын удам судрыг муулаад зогсож байгаа бол энэ төр нэг л биш ээ…

Хэд хоногийн өмнө хас тэмдгээр гоёсон ширүүн залуучууд хэвлэлийн хурал дээр үг үсгийн зөрөөгүй адил юм яриад сууж байсан шүү!

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 48 Comments »

МАХН ба АН – 3:2 болоод байна.

Posted by tseren on 2009/05/20

Элбэгдоржийн хэлсэн зарим үгийг нь тасалж залгах аргаар гуйвуулсан “солонгос” бичлэгийг илчилсэн ээлжит няцаалтыг өнгөрсөн долоо хоногт АН-ынхан үзүүлж солонгосчуудаас мөнгө авсан аваагүйн төлөө МАХН ба АН-ын цусгүй тулааны оноог 2:2 болгож тэнцүүлсэн ч МАХН-ын салж өгсөнгүй. Тэд “Монгол Улсын Их гишүүн Ц.Элбэгдоржийг дэмжигчдийн уулзалт” гэсэн фоныг харуулж байгаад хандив цуглуулсан эсэхээ зарлахыг тасралтгүй шаардсаар өдий хүрлээ.

Үүнийг Ерөнхий сайд С.Баяр өөрөө манлайлж юуны өмнө Солонгост болсон уулзалтын бичлэгийг бүтнээр үзүүлэхийг АН-аас шаардав. Нэг их улс төр яриад байдаггүй МУИС-ын хууль зүйн сургуулийн захирал, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн С.Нарангэрэл: Би сүүлийн үед техникийн хүмүүсээс хүний толгойг эвлүүлгээр солих боломжтой эсэхийг асуухад боломжгүй гэсэн… Хуульч хүний хувьд ч боломжгүй гэж бодож байна… гэж сонин юм ярьсан (мэргэжлийн хүмүүс бол мэднэ, харин хуульч яаж мэддэг байна?) бол УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж Ц.Элбэгдоржийг Солонгос явах байтугай солонгос кино үзэх ч завгүй явна гэж худлаа ярьсан гэж “Ерөнхийлөгчийн сонгууль эхэлснээс хойш … “ гэж хэлснийг нь гуйвуулж өөрөө худлаа ярихын зэрэгцээ бичлэгэн дээр хайрцаг харагдсан, ийм хайрцгийг санал, эсвэл хандив авахад ашигладаг хэмээн нотолж хууль зүйн талаас “баараагүй” болгов. Өчигдрөөс уулзалтын бичлэг дотор нуугдаж байсан “хандив” гэсэн үг илэрч хэл судлаачид, орчуулагчид хөдөлгөөнд орлоо. 

Иймээс оноо 3:2 болж бөмбөг АН-ын тал руу даваад байна.

Уг нь солонгосын цагдаагийн байгууллага хуурамч бичлэгт тоглосон хүмүүсийг хэдийнэ олсон, хэрвээ Элбэгдоржийг зүгээс хүсэлт тавибал тэднийг баривчилахад бэлэн хэмээн мэдээлсэн боловч Элбэгдорж тийм хүсэлт гаргасан тухай юу ч сонсдохгүй байх юм. Хэрвээ тэр “жүжигчид”-ыг бариулсан бол эндээс очсон “уран бүтээлчид”-ын нэр болон жинхэнэ захиалагчид зах зухаасаа тодрохсон…

Одоогоор АН таг чиг.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 7 Comments »

Авлигын загалмайлсан эцэг хаачив?

Posted by tseren on 2009/05/18

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв. Өөрийг нь бараг л хятад мэтээр шиг харуулж байгаа “цэвэр монгол” ерөнхийлөгчийн талын хорон сурталчилгаагаар бүтэн сар балбуулсны эцэст Элбэгдорж дээл өмсөж уурга шүүрэн мордож адуун дундуур нааш цааш давхиснаа морь уургалж үүндээ ихэд сэтгэл хангалуун алсыг ширтсэн бичлэг шинээр гарч ирлээ. Тэгснээ хэн нэгний гэр барилцаж зогсож харагдана. Дээл нь ч зохижээ. Жирийн монгол эрийн дүр байна.

Гэхдээ нэмэргүй ээ. Энэ бол Н.Энхбаярын ганц чаддаг жанр. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны эхний өдрөөс дээлнээс салахаа болж саяхан Бурхан халдун ороод хамаагүй гоё клипэнд (баахан морьтнуудын дунд хатируулж яваа эзэн Чингэс шиг эрийг санав уу?) тоглоод ирсэн. Ерөөсөө Энхбаяр Элбэгдоржоос хамаагүй өндөр (МАХН-ын сурталчилгааны хэлээр бол урт хүзүүтэй) учраас илүү сүрлэг харагдана. Бүгд л наанаа “хүний нуруу туруу ямар хамаатай юм!” гэж хилэгнэх боловч наад зах нь монгол эрчүүд өөрсдөө өндөр, хүүхнүүд өндөр нөхөртэй байдгийг хүсдэг…

МАХН-ын сурталчилгааны нэг хөл чухам үүн дээр тогтож байгаа. Ерөнхийлөгчийн хувийн TV9 телевизийн “Но[ц]той мэдээ” “манайд гадаад орны төрийн тэргүүнүүдтэй дороос биш, урдаас нь гар барих ерөнхийлөгч хэрэгтэй”, бас “… хоёр нутагтан… захчин… ” гэх мэтээр зогсоо зайгүй авч өгдөг. Харин Элбэгдорж “тэгээд юу гэж … “ хэмээн хариулдаггүй, “тийм ээ би захчин..” гээд бахархдаггүй. Америкийн ерөнхийлөгчөөр хар арьст Обама сонгогдоод Change хийгээд явж байхад шүү.

Тэгсэн атлаа өрсөлдөгчийнхөө сул талыг дэлгэж чадахаа больсон байна. Нөгөө авлигын загалмайлсан эцэг хаачив? Хоосон лоозонгоор гүтгэж яллахыг хэлээгүй юм шүү. Түүний Ерөнхий сайд болсон 2000 оноос хойш эх захаа алдсан Улаанбаатарын газрын наймаа, Туулын эрэг, дархан цаазат Богд хаан уулын Зайсангийн барилгууд (хэрвээ Элбэгдорж тэнд амьдардаг гэсэн мэдээлэл үнэн бол ёстой хохь нь)-ыг яагаад нэхэхгүй байна? Н.Энхбаярын үед үйлдэгдсэн гаалийн Баатарын хэрэг, түүнээс МАХН-ын данс руу орсон наад зах нь 100 сая төгрөг? Нөгөө 500 сая төгрөгийг хахууль аваагүй “шударга” явдлын жинхэнэ үнэн? Төгсгөлд нь Н.Энхбаярын хөрөнгө орлогын мэдүүлгийн тоо, цифрүүд? TV9 телевиз, “Зууны мэдээ” сонин, Төрийн ордны зүүн талын барилга?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 8 Comments »

Үнэгүй лекцийн цаадах далд хүчин

Posted by tseren on 2009/05/18

Физикч, философич, доктор З.Бат-Отгон “Тэнгэрлиг Монголчуудын оюун санааны далд хүчин” нэртэй цуврал лекц уншиж байгаа. Далд ухамсар энэ тэр гээд хачин юм ярихыг нь телевизээр зөндөө сонссон тул сонирхоогүй, харин лекцээ үнэ төлбөргүй уншина гэсэн тодотгол анхаарал татлаа. Өчигдөр уг лекцэнд суусан нэг хүний ярьснаар, Бат-Отгон лекцээ “Н.Энхбаярын төлөө саналаа өгөөрэй” гэж дуусгасан гэнэ ээ. Тэнгэрлэг монголчуудад үнэгүй лекц уншуулдаг далд хүчин хэдийнэ буй болжээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | Leave a Comment »

Гүтгэлгийн шуурганаас “аврагдлаа”

Posted by tseren on 2009/05/15

“Хөлөг онгоцны мэдээ” (Shipping News) гэж америкийн кино бий. Далайн эргийн боомт хотын сонины эрхлэгч нэг удаа ажилчин залууг сурвалжлагч болохыг ятгаж иймэрхүү хичээл заадаг.

- Тэр үүлийг харж байна уу? Чи сурвалжлагч хийвэл яаж бичихэв?

- Үүл нүүж байна …

- Биш ээ! Бөөн хар үүл гарч аймшигт шуурга дэгдэхнээ гэж бич!

- Шуурга болохгүй бол яахав?

- Аймшигт шуурганаас аврагдлаа гэж бич!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэг иймэрхүү. “Гүтгэлэг” – няцаалт – “гүтгэлэг” – няцаалт …. Сүүлдээ хэн нь юугаа нэхээд байгааг тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч шиг ойлгоход бэрх болов. 

Хамгийн сүүлийн хэдэн жишээг сануулахад, СЕХ-ноос Энхбаярыг 60 хувиар ялуулахаар бэлтгэж байгаа, эсвэл “Шууданч бор шувуу“ нэртэй нэр хаяггүй товхимол, АН-аас сонгуульд “зарцуулж байгаа” 11 тэрбум төгрөг зэрэг гүтгэлгийн эздийн овог, нэр, ажил албан тушаал тодорсон уу?  Заавал хариуцлага тооцно гэж ам тангараг өргөөд байсан хаачив?

Хоёр нам бие биенээ ээлжилж гүтгэсэн байх тул хоёулаа ээлжин дээрээ амаа хамхихаас өөр аргагүй болжээ. Өөр тайлбар олдохгүй байна.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 8 Comments »

МАХН ба АН – 2:1

Posted by tseren on 2009/05/15

МАХН-ын зүгээс Ц.Элбэгдоржийг солонгосын шашны байгууллагаас сонгуулийн хандив авсан тухайд бичлэг тарааж хүнд цохилт өгсөн бол АН-ынхан хэд хоногийн пауз авсны дараа З.Энхболд нар дээрх бичлэгийг Солонгосоос өөр бичлэг ирүүлж няцаагаад дээрээс нь цагдаад хандаж оноог тэнцүүлсэн билээ. Тэгтэл өчигдөр МАХН сөрөг дайралтанд орж цагдаад адилхан хандсан төдийгүй УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Ж.Сүхбаатар, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатар нар Ц.Элбэгдоржийг гаднаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрөхийг шаардлаа.

Оноо 2:1 болов.

Ажиглаад байхад МАХН-ын сурталчилгаа илүү цэгцтэй, дэс дараатай, бас холын төлөвлөгөөтэй байжээ. Бүр 4-р сарын хорьдоор Ц.Элбэгдоржийг гаднын мөнгөөр сонгуулийн ажил зохион байгуулсныг баримтаар дэлгэхээ амалж байсан бол удалгүй үүнийг нотолсон гэх бичлэг www.youtube.com-д тавигдав.

Харин АН-ынхны хувьд МАХН-аас тавьсан “бууны нохойнууд”-тай мод саваагаар цохилцож, Ц.Элбэгдорж нь тов тодорхой хариу өгөхийн оронд (чухам үүн дээр МАХН тоглож байгаа) хагас “Эксел”-ийн мөнгө эх орноо худалдахад багадана (нөгөөдүүл нь тэгэж гуйвуулбал яана?) гэхчлэн цэцэрхэж байх зуур Ерөнхийлөгч Н.Энхбаяр сурталчилгааны бусад орон зайг ганцаараа эзэгнэж өчигдөр гэхэд нийслэлийн гэр хорооллын нэгэн айлын байшинг барьж дуусгаад сүүлчийн хадаасыг алхаар түс түс цохин оруулж гайхууллаа.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 5 Comments »