“Төөрсөөр төрөлдөө” киноны Балт хоорондоо барьцалдсан улаантан, цагаантан хоёрт салгаад “хэрвээ дахиад ингэвэл…” гээд нэг нэг сум харуулдаг шиг товч бөгөөд тодорхой заалт Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд дурайж байна.
30.9.Олон нийтийн радио, телевизээр орон нутгийн Хурлын сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахыг хориглоно.
Аливаа буюу ил далд сурталчилсан мэдээ, сурвалжлага, ярилцлага болгон хориотой гэсэн үг. Зөвхөн, хэрвээ, бусад энэ тэр гэсэн ямар ч цоорхой байхгүй.
Тэгвэл 2008 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгааны кампанийн үеэр Монголын үндэсний олон нийтийн телевиз (Олон нийтийн радиог мэдэхгүй, яагаад гэвэл сонсоогүй) нэр дэвшигчдийг яаж ийгээд сурталчилж чадлаа.
Бүр 9-р сарын сүүлчээр “Гэрэлтэй цонх” хөтөлбөрөөр урьд үзэгддээгүй хүмүүс, тухайлбал “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Анандбазар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Баярмагнай уригдаж юу ч хамаагүй ярьдаг болов. Тэд хожим нэр дэвшигчид болж таарсан.
Сурталчилгааны кампани эхэлмэгц нийслэлийн ИТХ-ын 9-р тойрогт дэвшихээр шийдсэнээ зарласан “Хас” банкны захирал Ч.Ганхуягийн хэвлэлийн хурлын “Цагийн хүрд”-ээр хамгийн түрүүнд тусгайлан сурвалжилсан билээ. Араас нь сураг тасарсан Ceo Club нэвтрүүлгээ сэргээж Ч.Ганхуягийг “Оюуны ундраа” компанийн захирал Амарсайханаар жийрэглэж байгаад дахин яриулав. Улмаар Ганхуяг захирал энэ өдрүүдэд МҮОНТ-ээр хамгийн олон удаа сурталчлуулсан юм. “Хас” банкны лизингийн зээлээр “Моннис” компаниас баахан машин авсныхаа хариуд “Цагийн хүрд”-ын дугаар болгондоо “Хас” банкны тухай сурвалжлага оруулж буйгийн үргэлжлэл болой.
Нэг удаа 18 цагийн “Цагийн хүрд”-ээр нийслэлийн ИТХ-д Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн залуучууд бүгдээрээ гадаадад боловсрол эзэмшсэн, тэдний боловсруулсан хөтөлбөр сайн болсон гэж магтсан сурвалжлага үзүүлснээ 20 цагийнхаас хасчихсан байсныг саналаа. Телевизийн дарга нар хэл амнаас болгоомжилж илүү нарийн аргад шилжих хэрэгтэйг ойлгожээ. Ямар арга бодож олсныг баримтаар харуулья.
2008.10.06
“Цагийн хүрд”:
- Нийслэлд аж үйлдвэрийн парк байгуулах шаардлагатай тухай тайлбар сурвалжлага. УИХ-аас эрх зүйн орчин бий болгох ёстой гэнэ. Харин ийм парк байгуулах консерциумын ерөнхийлөгч гэсэн цол гуншинтэй Б.Энх-Амгалан хэмээх залуу хоёр удаа ярьж паркаа Хан-Уул дүүргээс байгуулж эхлэнэ гэв. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн Хан-Уул дүүрэг дэх 12-р тойрогт АН-аас нэр дэвшсэнийг мэдээж хэлээгүй.
2008.10.07
“Өглөө” хөтөлбөрийн “Замд гаръя” нэвтрүүлэг:
- Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж дүүргийнхээ нутаг дэвсгэрээр хийсэн аялал экскурс маягтай. Засаг дарга Б.Мөнхбаатарыг таниулахаас гадна дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Э.Бат-Амгалан, Э.Оюун-Эрдэнэ нарыг харуулж яриулав. (Тэд бүгд нэр дэвшигчид байв). Сүүлийн үед МҮОНТ Баянзүрх дүүргийн удирдлагатай нэлээд сүжирсэн ба хэд хоногийн өмнөх “Цагийн хүрд”-ээр тус дүүргээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нэг нөхрийн буяны ажлыг сурвалжилсныг саналаа.
“Гэрэлтэй цонх”:
- Монголын манлайлагч эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн Н.Оюундарь уригдаж өөрийн баян тансаг намтраас эхлээд Байгаль орчны яаманд ажиллахдаа байгуулсан гавъяагаа дурдаж, мөн шөнийн цагт гэр хорооллын цахилгааныг үнэгүй болгохоо амлав. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг санагдуулахгүй байна уу? НИТХ-ын сонгуулийн Сүхбаатар дүүрэг дэх 10-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч учраас аргагүй ээ.
2008.10.08
“Цагийн хүрд”:
- Хүнсний аюулгүй байдлын сэдвээр Монголын хүнсчдийн холбооны тэргүүлэгч Халтмаагийн Баттуулыг студидээ урьж ярилцав. Хүнсчдийн холбоо арав шахам тэргүүлэгчтэй боловч ганцхан тэрбээр яагаад уригдав? Яагаад гэвэл нийслэлийн ИТХ-ын Хан-Уул дүүрэг дэх 12-р тойрогт АН-аас нэр дэвшигч бөгөөд “Махимпекс”, “Талх чихэр” гээд том компаниудын захирал, бас УИХ-ын гишүүн Х.Баттулгын дүү уригдах хүсэлтээ тавьсан учраас.
“Та хариулахгүй ч байж болно”:
- Хэдэн өдрийн өмнөөс арай өөр хүн оролцох анонс яваад байсан ч ч энэ орой гэнэдүүлж байгаад Нийслэлийн ИТХ-ын дарга Г.Мөнхбаярыг авчирч хариулаад байхаас өөр аргагүй манж асуултуудыг тавилаа. Хөтлөгч Ш.Гүрбазар.
“Гэрэлтэй цонх”:
- Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын даргын тухай “Нутаг амьтай хүн” нэртэй хөрөг маягийн нэвтрүүлэг. Ямар ид шидтэй хүн болохыг ойлгосонгүй. Нутагтаа сүрхий нэр дэвшигч бололтой.
- “Зочны цаг”. “Чингис хаан” банкны хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Т.Батмагнайг урьжээ. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн Сүхбаатар дүүрэг дэх 9-р тойрогт АН-аас нэр дэвшигч байв.
2008.10.9
“Цагийн хүрд”:
- Ирэх 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн Монголд хэрхэн нөлөөлж болох тухай тайлбар дотоод мэдээнүүдийн дундуур гэнэт орж ирлээ. Ингээд гадаад харилцааны мэргэжилтэн биш дотоод улс төр судлаач Д.Мягмарсүрэнгээр тайлбарлуулж байх юм. (Обама, Маккейны түвшинд өөрийгөө таниулж чадсан энэ залуу бол Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын сонгуулийн 3-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Мягмарсүрэн).
- Сүүлийн үед орон сууцны үнэ ханш хэрхэн өөрчлөгдөж байгааг тайлбарласан сурвалжлага. Дундуур нь Zoom үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал Ж.Отгонбилэг санаа оноо хэлэв. (Нэр дэвшигч эсэхийг мэдэж чадсангүй)
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн гэр хороололд дэд бүтэц ерөөсөө алга байгаад санаа зовсон сурвалжлага. CFC группийн ерөнхийлөгч Б.Ариунболд дэлгэцнээ гарч “би энд төрсөн, тэрнээс хойш юу ч өөрчлөгдөөгүй байна, би цахилгаан татна” гэж амлаад далд оров. Мөрийн хөтөлбөрийн товчоо байгаа биз. (Нийслэлийн ИТХ-ын Хан-Уул дүүргийн 12-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Ариунболд)
- “Өнөөдрийн сэдэв: Төмөр замын цаг үеийн ажил” гэсэн ярилцлага. Монголын төмөр замын дарга В.Отгондэмбэрэлийг студид урьж нүүрс болон ургац тээвэрлэлт зэрэг намрын ажилд төмөр зам хэр бэлэн байгааг асуув. Орлогчийн орлогч нь хариулахад хангалттай байжээ. Том дарга “бэлэн” гэж хэлээд цааш ярих юм үлдээгүй учраас Мянганы сорилтын сангийн мөнгө хэзээ орж ирэх тухай ойр зуур юм сонирхсон болоод өндөрлөв. (Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүргийн 3-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч В.Отгондэмбэрэл)
2008.10.10
“Цагийн хүрд”:
- “Өнөөдрийн сэдэв: Улаанбаатар хотын ногоон бүс” ярилцлагаар “Ногоон бүс, байгаль экологи” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Ганбат студэд уригджээ. Иргэдийг гэгээрүүлэх хэрэгтэй гэсэн ганцхан санаа хэлэв. Үүний тулд хайран цагаа зориулах хэрэг байсан юм уу? (Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Ганбат бололтой)
- Хас банкны 10 жилийн ой ба шинэ үйлчилгээний нээлтийн сурвалжлага.
- “Өнөөдрийн сэдэв: Монгол Улсад бичил санхүү үүссэний 10 жилийн ой”. “Хас” банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг студид урьж сайн гэгч яриулав. (Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн Сүхбаатар дүүрэг дэх 9-р тойрогт бие даан нэр дэвшигч Ч.Ганхуяг гэдгийг бүгд мэддэг болсон)
- Иргэд орон нутгийн сонгуульд хэрхэн оролцож саналаа өгөх тухай нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ц.Болдсайханы яриа. Ганц хэрэгтэй тайлбар байв.
- Сонгинохайрхан дүүргийг дарсан хур хог тэндхийн иргэдийг бухимдуулж байна, гэхдээ энэ асуудлыг удалгүй Японы тусламжтайгаар шийдэх гарц нээгдэж байгаа гээд УИХ-ын гишүүн кёкшүзан Д.Батбаяраар тайлбарлуулав. (Төрсөн дүү Батсайхан нь яг энэ дүүрэгт нэр дэвшиж төстэй зүйл ярьж яваа).
- Дахиад Сонгинохайрхан. Тус дүүргийн Засаг дарга Т.Найдан удалгүй “Өнөр” хорооллын арын дэнж дээр Өнөр-2″ хороолол барихаа амалсан бол нийслэлийн Засаг дарга Т.Билэгт хот баруун тийшээ тэлж хөгжих тухай мэдэгдэв. Сүүлийн хэд хоногийн турш телевиз, радио, сониноор зогсоо зайгүй ярьж цээжлүүлсэн мөрийн хөтөлбөрүүдийн нэг байна. Залгуулаад тэд МАХН-ын туг далбаа намирсан сурталчилгааны арга хэмжээн дээр зэрэгцэн сууж байгааг харууллаа. (Нийслэлийн ИТХ-ын Сонгинохайрхан дүүрэг дэх 8-р тойрогт МАХН-аас нэр дэвшигчид). Шууд сурталчилгаа байлаа.
“Гэрэлтэй цонх”:
- “Зочны цаг”. Женко группийн зөвлөх Х.Баттуул студид уригджээ. Хөтлөгчийн зүгээс “Та Хан-Уул дүүргийн 12-р тойрогт АН-аас нэр дэвшсэн. Ямар ажил хийх гэж байна. Амжилт хүсье. Хан-Уул дүүргээ хэвийн байдалд нь оруулаарай” гэчхлэн нууж хаалгүй сурталчилж өглөө. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн Хан-Уул дүүрэг дэх 12-р тойрогт АН-аас нэр дэвшигч Х.Баттуул хэдхэн хоногийн өмнө “Цагийн хүрд”-ээр Монголын хүнсчдийн холбооны тэргүүлэгч нэрээр бас уригдсан билээ.
- Сүхбаатар дүүргийн 18-р хороон дээр сонгуулийн ажил хэрхэн өрнөж байгааг сонирхуулья гэсэн сурвалжлагаар “Нью Майнд” компанийн захирал Г.Идэрмаа тус хорооны тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярив. Энэ эмэгтэй нийслэлийн ИТХ-ын 10-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч гэдгийг мэдээж хэлээгүй.
Ийнхүү орон нутгийн сонгуулийн сурталчилгааны сүүлчийн мөч – 10-р сарын 10-ны 24 цаг хүртэл МҮОНТ далд сурталчилгаа хийсээр байв. УИХ-ын сонгуулийн үеэр хулгайгаар явуулсан иймэрхүү сурталчилгаагаа МҮОНТ-ын дарга нар “сэтгүүл зүйн бүтээл байсан” гэж зөвтгөхийг оролдсон. Тэгвэл 11-ны өглөө буюу сурталчилгааны чимээгүй өдөр “Цагийн хүрд”-ээ давтахдаа нэр дэвшигчдийг яриулсан “бүтээлүүд”-ээ бүгдийг хассан байлаа. Сурталчилгаа байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн хэрэг.