АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for July, 2008

Tuul River Countryside компани TV9 ба “25-р суваг” телевизийг амархан буулгаж авлаа

Posted by tseren on 2008/07/31

Гачууртад Туулын эрэг дээр  Улаанбаатар хотын ундны усны бүсэд гольфийн талбай байгуулахаар наадмын өдрүүдийг угтуулан эксковатораар газар хагалж эхэлснийг нутгийн иргэд хармагцаа очиж эсэргүүцсэн төдийгүй телевиз дуудаж сурвалжлуулсан тэр маргаан нийслэлд урьд нь гарч байсан бүх маргааны нэгэн адил дуусч байх шиг. Товчоор хэлбэл, компаниуд дийлдгээрээ дийлж, иргэд ялагддагаараа ялагдаж, гагцхүү зөвшөөрөл өгсөн дарга нар огт цухуйхгүй үлдэж байна.

Энэ маргааныг хамгийн сайн сурвалжилсан нь TV9 телевиз. Сэтгүүлч Отгонжаргал нутгийн иргэдтэй хамт хамгаалалтын албаныхантай үзэлцэж, ажилчидтай хөөцөлдөж, зөвшөөрөл олгосон Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, одоо  УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын хаягаар хатуу үг хэлж, улмаар мэргэжлийн хяналтынхан болон БОЯ-наас хүн аваачиж тэнд гольфийн талбай барих нь хууль зөрчсөн болохыг хэлүүлж барилгын ажлыг зогсоох ам шийдвэр гаргуулж иргэдтэй хамт баярлаж байв.

Харин  өнөөдөр тэр гольфийн талбайг барьж байгаа Tuul River Countryside компанийн дэд захирал эмэгтэйтэй ярилцлага хийснээ үзүүллээ. Олон хоног олдохгүй байсан компанийн төлөөлөл (жинхэнэ эзэд нь тодорхойгүй үлдсэн ч) ийнхүү дэлгэцийн өмнө  гарч  ирсэн нь өөрсдөө хүссэнийх. Цаад эзэд нь тийм команд өгчээ. Ингээд бүх зөвшөөрлийг хуулийн дагуу авсан, Улаанбаатар хотын газар зохион  байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж ИТХ-аар баталсан учраас Мөнх-Очир дарга зөвшөөрөл олгосон, Туул голд ямар  ч хор нөлөөгүй, ажлын байр олноор бий болно, Гачуурт тосгоныхныг ажилд авна гэсэн тайлбарууд урсав. Сэтгүүлч маань түүний аманд бүрэн багтаж “зөвшөөрөлтэй юм байна” гэж хүлээн зөвшөөрөн бууж өглөө. Түүнд өөр мэдээлэл, хөндлөнгийн тайлбар, эрэн сурвалжилсан баримт дутаж байгаа нь илт.

Орой “25-р суваг телевиз” бас энэ талаар сурвалжлага үзүүлэв. Гольфийн талбайг бариулахгүй гэсэн иргэдийн байр суурийг сэтгүүлч Оюунбат үзэгчдэд  дэлгэрэнгүй сонсгов. “Зөвшөөрөл олгосон дарга нар лав монгол хүн биш” гэж зарим иргэд бухимдана. Энэхүү сурвалжлагын араас “хоёр талын байр суурийг тэнцвэртэй үзүүлэх үүргээ биелүүлж” гэсэн тодотголтойгоор нөгөө  Tuul River Countryside-ийн дэд захиралтай ярилцав. “Гацууртынханд ажлын байр олон гарна, одоо хэлмэрч, хөтөч, туслах ажилчин хэрэг болно” гээд нөгөөдөхөө амлав. Гацууртынхан бүгд гадаад хэлтэй учраас хэлмэрчийн ажилд орж тайвшрах юм байна л даа. Бас гольфийн талбай байгуулахыг хориглохоо камерийн өмнө амалж байсан мэргэжлийн хяналтын байцаагч Оюунчимэг “зөвшөөрөлтэй юм байна, арга алга” гэснээ байгаль орчны үнэлгээгээр “Туул голд үзүүлэх нөлөө дунд зэрэг” гэж хэлснийг харуулав. Гэхдээ ярилцлага авсан сурвалжлагч Ганзориг энэ мэт асуулт тавиагүй. Учир нь  тэрбээр саяын сонгуулиар Э.Мөнх-Очирын сурталчилгааны сэтгүүлчээр ажилласан билээ.

Tuul River Countryside компани TV9 ба “25-р суваг” телевизийг дуудаж ганц ярилцлага өгөөд амыг  нь хялбархан таглачих шиг боллоо. Одоо Гачууртын иргэд телевиз дуудвал энэ хоёр телевиз очихгүй, элдэв шалтаг хэлнэ…

Posted in 25-р суваг телевиз, TV9 телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | 2 Comments »

МҮОНТ-ээр Шангри-Ла-гийн тухай баярын сурвалжлага эгшиглэв

Posted by tseren on 2008/07/31

MCS групп компани Сүхбаатарын талбайн зүүн урд барьж дуусч байгаа офисийнхоо  урдах цэцэрлэгийг сэргээж эмнэг булгиулж байгаа хүүхдийн баримлыг шилжүүлэн усан оргилууртай болгосноо албан ёсоор зарласан хэвлэлийн хурлын сурвалжлагыг бүх телевиз үзүүллээ. Зарим телевизийн сурвалжлага шууд л “бизнес мэдээ” нэр зүүжээ. Тэгвэл МҮОНТ энэ тухай сурвалжлагаа баярын хөгжим эгшиглүүлэн байж ер бусын хүндэтгэлтэйгээр толилуулав. “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр бүрт заавал 1-2 төлбөртэй сурвалжлага сэмхэн ордог, нэг нь энэ бололтой.

Шангри-Ла зочид буудал хэмээх 16 давхар хосгүй луйвраа MCS-ийнхэн хэрхэн хэвлэл мэдээллийг ашиглан амжуулж, сүүлдээ нууж хаахаа ч больж, одоо бүр нийслэлд хаана газар авч юу байгуулахаа өөрөө шийдчихээд зарладаг болсноо энэ хэвлэлийн хурлаар харуулсныг нэг ч сэтгүүлч ойлгосонгүй. 2003-2004 оны үед Сүхбаатарын талбайн дэргэд өндөр барилга босгох сураг дуулаад олон нийт эсэргүүцэж эхэлмэгц MCS монголын хамаг хэвлэл мэдээллийг Хонконг руу айлчлуулснаар Шангри-Ла хэмээх диваажинг барихгүй л бол наанадаж Улаанбаатар хотын, цаанадаж Монгол орны хөгжил цэцэглэлт бүрэн зогсоно гэдэгт монголчууд сэнхэрсэн билээ. Гэтэл өнөөдөр Шангри-Ла биш MCS группийн ээлжит офис сүндэрлэжээ. Яахав, асар том барилга болохоор илүү давхруудаа бусдад түрээслүүлж “Гариг ертөнцийн худалдааны төв” гэх ч юмуу нэрлэнэ биз.

Харин жинхэнэ Шангри-Ла зочид буудлаа барих газраа Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн дотор сэмхэн аваад хашаалчихсан атлаа MCS группийн ерөнхийлөгч Ж.Од  үүнийгээ “паркийн газар биш” утгатай юм ярьж сууна. Баянхошуу юмуу Долоон буудлын газар юм байна л даа.  Жинхэнэ Шангри-Лаг барихад эргэн тойронд арвин зай талбай байх ёстой гэнэ. Удалгүй хүүхдийн парк маань Шангри-Лагийн үүдний цэцэрлэг болж, харин хажууханд нь завилсан их Д.Нацагдорж буудлын үүд сахисаар үлдэнэ. Тойруулаад хэдэн цэцэг тариад өгнө. Дургүй хүргээд байвал зайлуулсан ч чадна.

Хэвлэлийн хурлын үеэр MCS групп дархан цаазат Богд уулын Хүрхрээгийн амыг эзэмшихээр шийдсэн тухай “баяртай” мэдээ дуулгав. Яасан гоё цанын бааз байх тухай танилцуулгад уярсан телевизийнхэн  яагаад?  гэсэн асуулт тавих сөхөөгүй, хэдэн жилийн өмнө Шангри-Лаг магтсан шигээ оройжин сурталчилж өглөө.  Цанын баазын нэрийн цаана, цанын баазын араас юу юу босохыг яг мэдэж байгаа юм уу? Шангри-Ла харсаар байтал офис болж хувирчихаад байхад…

Монголд MCS юу хүснэ, монголын төр зөвхөн зөвшөөрлөө өгөх үүрэгтэй болжээ. Богд уул, Хүрхрээгийн амыг цаашдаа яах тухайгаа эхлээд төр бодож болгоогоод ард түмнээсээ асуумаар юм даа. Нөгөө дархан цаазат газар, хот төлөвлөлт, газар олголтын ил тод байдал, өрсөлдөөн, төсөл шалгаруулалт, дуудлага худалдаа яасан бэ?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | Leave a Comment »

Балай хэвлэлийн хурлууд үргэлжилсээр. Гэхдээ сэтгүүлчид хаяж гарч сурч байна.

Posted by tseren on 2008/07/30

Өнөөдөр зурагтаар хэвлэлийн хурал хоёрыг бүрэн эхээр нь үзлээ. Сэтгэгдлээ хуваалцья.

Нэг.
“Чингэсийн Монгол төр” бүх ард түмний хөдөлгөөний гуншинтай гурав дөрвөн хүн ээлжит хэвлэлийн хурал-лекцээ “Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд сонсгов.  Араас нь хурал байгаагүй бололтой бүтэн цаг гаруйн турш монголын төр ямар муухай байгаа (үүнтэй санал нийлж болох юм) тухай ярьж, иймээс өчигдөр Сүхбаатарын талбай дээр 76 хүнтэй “жинхэнэ” парламент байгуулсан тухай зарлан тунхаглав. Дундуур нь Чингэсийн төр барих онол Монголыг аврана, Чингэс хааны дэлхийн академийн П.Даваанямыг Монголын Улсын Ерөнхийлөгч зөвлөхөөрөө ажиллуулах ёстой гэх мэтээр урсгалаа.

Тэд хэддэх удаагаа үүнийгээ лекцэлж байгааг бүү мэд, гагцхүү тэр онол, Давааням хоёр Монголыг чухам яаж аврахыг одоо хүртэл хэн ч ойлгоогүй билээ. Зарим сурвалжлагч энэ талаар асуухыг оролдсон нь тэднийг уурыг хүргэж “Бид бүтэн цаг яг энэ тухай яриад байхад “Ийгл” телевиз” биднийг тодорхой юм хэлээгүй гэсэн, би ч бас сэтгүүлч, ер нь та нар зүгээр л тэнцвэртэй мэдээл” гэж загнаснаар сэтгүүлчид дуугаа хураав.

Хурлын төгсгөлд “Өчигдөр сонгогдсон 76 элч хүрэлцэн ирсэн байна, эндхийн камер эргэж харуулдаггүй юм байна, иймээс та нар  өөрсдийгөө ард түмэндээ мэдүүлээдхээч” гэхэд танхим тэр чигээрээ уухайгаар дүүрлээ. “Монгол ньюс”-ийнхэн энэ “түүхэн” мөчийг ард түмэн заавал харах ёстой гэж үзсэн бололтой камераа анх удаа эргүүлэн харуулахад танхимд зөвхөн чингэсчүүд алгаа дэлгэн хурайлж зогсох ба бүх сэтгүүлч хаяад явчихсан байв.  

Тэр орой би нэг ч телевизээр энэ хурлын тухай сурвалжлагыг олж үзээгүй. (Нэмж хэлэхэд жинхэнэ парламентын даргаар П.Даваанямын ах нь сонгогдсон аж)

Хоёр.
Өөрийгөө Говийн хөгжлийг дэмжих төрийн бус байгууллагын төлөөлөл, бас Өмнөговь аймгийн Манлай сумын иргэн Х.Сугар гэж танилцуулсан нэгэн эрхэм хэвлэлийн бага хурал хийв. Төр гацсанаас болж говийнхон хохирч байна, тухайлбал, ноолуурыг нь 32 мянган төгрөгөөр авахгүй гацаад байна, үүний гол буруутан Ц.Элбэгдорж гээд өнгөрсөн 18 жилийн турш түүний үйлдсэн бүх нүглийг тоочсон илтгэл шахуу юмыг нэг амьсгаагаар уншлаа.

Асуулт, хариулт эхлэв. Эхний сэтгүүлч (“Монгол ньюс”-ийн мэдээллийн төвийн камер эргээгүй учраас чухам хэн болох нь харагдсангүй):

- Та аль намын гишүүн бэ? Та энэ хурлыг байгууллагаа төлөөлж хийж байна уу?
- Би МАХН-ын гишүүн. Би говийн ард иргэдийнхээ байр суурийг илэрхийлж байна… 

Дахиж асуулт гарсангүй. Тийм шаардлага ч байсангүй. Манай сэтгүүлчид иймэрхүү балай хурлыг ингэж тарааж цаг заваа хэмнэж сурч байгаа нь сайн хэрэг.

Орой нь хэд хэдэн телевиз энэ тухай сурвалжлага үзүүлэв. “25-р суваг” ба UBS телевизүүд Х.Сугарыг “говьчуудын төлөөлөл” гэж хөөргөсөн бол TV9 телевиз Ц.Элбэгдоржийн эсрэг дайралтыг хасч зөвхөн ноолуур сэлтийг ярьсан болгож харуулав. TV9 заримдаа Ерөнхийлөгч шиг “эв нэгдлийг сахих” юмаа.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | Leave a Comment »

МҮОНТ-ийн “Хар, цагаан”-ыг захиалсан ч болно

Posted by tseren on 2008/07/29

Өнөөдөр нээгдэж өгөхгүй байгаа УИХ-ын чуулганы хуралдаанд АН-ын дарга Ц.Элбэгдорж орж ирээд Ерөнхийлөгч болон МАХН-ынхныг зад загнаад гарч явсан билээ. Цуг байсан З.Энхболд гишүүн үг хэлэхдээ, энэ хагас, бүтэн сайн өдөр МҮОНТ дээр бэлтгэсэн бөгөөд АН, ардчиллыг харааж зүхсэн нэвтрүүлэг явсан тухай хэлэв. Тэр хоёр өдөр хаагуур юу явсныг үзээгүй, харин өнөөдөр буюу Мягмар гаригийн оройн 18.30-19.00 цагаас “Хар цагаан” буюу “Босго” нэртэй захиалгат нэвтрүүлэг TV9 телевизээр гарлаа.

Уг нь 7-р сарын 1-ны үйл явдлаар манай телевизийнхэн түүний дотор МҮОНТ-ийн найруулагч, соёлын гавъяат зүтгэлтэн Го.Бадарч баримтат нэвтрүүлэг хийхээр шийдсэн бол сайн хэрэг. Өөрийгөө тоодог сэтгүүлч болгон үүнийг эрэн сурвалжилж дэлгэн харуулаасай.

Харамсалтай нь хачин нэвтрүүлэг үзлээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр МАХН-ын захиалгат нэвтрүүлгийг нууцаар хийж баригдаагүйдээ эрдсэн Го.Бадарч энэ удаад багаа хуулж хаяад хар цагаандаа гарч өөрийн бэлтгэдэг  “Хар цагаан” нэвтрүүлгээ МАХН-ын захиалгыг биелүүлэхэд гамгүй зориулжээ.

“Би өнөөдөр 60 нас хүрч байна, гэхдээ тэр яахав, 7-р сарын 1-ны үйл явдал хэцүү байна” гэж эхлээд МАХН-ын шатсан байшин дотуур нааш цааш холхих зуураа АН-ыг газар доогуур ортол муулсан нэвтрүүлэг байв. Байраа шатаалгасан МАХН-ыг өрөвдөж, байрыг нь шатаагсдыг өмөөрөөд байгаа АН-ыг баахан муулж гашуудсанаа “Ямар азаар МАХН ялаа вэ?”, эсвэл “Монголд өнгөт хувьсгал хийх гээд чадаагүй, болж” гэхчлэн баясаад ч байх шиг. Энэ мэтээр хагас цаг дүвчигнэхийг сонсоход захиалагчид нь маш их мөнгө төлжээ гэж ойлгогдож байлаа. Дахиад жаахан нэмсэн бол АН-ын байр луу ганцаараа дайрч ороход бэлэн харагдсан шүү.

Би нэвтрүүлгийн агуулгын зөв бурууг шүүхгүй, нөгөө олон ургальч үзэл, талуудын байр суурь хаачсаныг нэхэхгүй, харин Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээс ийм нэвтрүүлэг гарч болох уу гэж асуух гэсэн юм. Дарга нар нь “манайх биш, манайхаар гараагүй” гээд зайгаа барихаар бэлдчихсэн биз. Гэтэл МҮОНТ дээр хийсэн гэдгийг Энхболд гишүүн хэлсэн төдийгүй нэвтрүүлгийнхээ  төгсгөлд нэрээр нь жагсаасан найруулагч, зураглаач нар бүгдээрээ МҮОНТ-ийнхэн байх юм. Го.Бадарч өөрөө МҮОНТ-ын урдаа барьдаг уран бүтээлч, иймээс ноднин тодорхойлж соёлын гавъяат зүтгэлтэн цол олгуулсан билээ. Тэрбээр энэхүү нэвтрүүлгийг бэлтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн TV5, TV9 телевизэд төдийгүй МҮОНТ-дээ талархлаа илэрхийлэхээ мартсангүй. Ингэж илчлэх гэж байх уу?

Олон нийтийн радио, телевизийн хууль ч бүр өнгөрчээ. Ядахдаа МҮОНТ-ийн Үндэсний Зөвлөлөөс баталсан сонгуулийн сурталчилгааны хугацаанд баримтлах бодлого, журамд “нам эвсэл, нэр дэвшигчдийн сурталчилгаанд олон нийтийн радио, телевизийн лого, шторк ашиглахыг, олны танил болсон нүүр царай, дуу хоолой бүхий олон нийтийн радио, телевизийн сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгч, уран бүтээлчид оролцохыг хориглоно” гэж бичсэн байна. Сонгууль дууссан учраас уландаа гишгэж болно гэж бодов уу?

Бадарч тэгэж бодоод зогсохгүй цагаандаа гарчээ. Нэвтрүүлгийнхээ төгсгөлийн хэсгийг УИХ-ын хүний эрхийн дэд хорооны хуралдаан дээр МҮОНТ-ийн удирдлагыг дуудаж шүүмжилсэн З.Энхболд нарыг балбахад  зориулав. Ингэхдээ зарим санааг М.Наранбаатар захирлаараа хэлүүлж байна. Тэгснээ “Урьд нь бид дөрвөн жилийн өмнө төр барьж байсан намуудын гар хөл болж байсан нь үнэн, одоо бол үгүй” гэсэн мэдэгдэл маягийн юм уншлаа.

Одоо МҮОНТ намуудын гар хөл болохгүй, зүгээр л нэг намын захиалгаар ажиллах юм байна. Аргаа ч өөрчилж. Энэ удаад уран бүтээлчиддээ “гүн туслалцаа үзүүлж” захиалгат нэвтрүүлэг хийлгээд өөр сувгаар цацууллаа.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Телевиз | Leave a Comment »

Монголын хэвлэл мэдээлэл С.Эрдэнээс айдаг…

Posted by tseren on 2008/07/26

Өдөр ТМ телевиз, орой TV5 телевизээр УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшигч АН-ын С.Эрдэнийн булхайг илчилсэн нэвтрүүлэг үзүүллээ. Хөтөлбөрт ороогүй, гэнэт “хулгайгаар” үзүүлсэн тул эхлэлийг өнгөрүүлж нэрийг нь харж чадсангүй, гэхдээ дундуур нь “Эрүүгийн гэмт хэрэгтнүүд Монголын төрд тавтай морил” гэсэн үгс байн байн гарч байв. Төгсгөлд нь нэр хаяг алга, гэхдээ түүний өрсөлдөгч бөгөөд яг одоо зарга хийж байгаа Н.Баяртсайханы зүгээс болов уу.

Нэвтрүүлгээс үзэхэд С.Эрдэнэ хөгийн нөхөр юм байна. Нийгмийн даатгалын хөрөнгөөр ичгүүр сонжуургүй туйлж байгаа хориод баримтыг нэгд нэгэнгүй дэлгэж баримтаар нотолжээ. Эрүүгийн гэмт хэрэгтэн гэж зөв хэлжээ. Сонгуультай холбоотой жишээ гэвэл сурталчилгааныхаа хамаг материалыг нийгмийн даатгалын мөнгөөр хэвлүүлсэн хамгийн бага булхай. Өөрийн удирддаг УНДЕГ, түүний харьяа байгууллагаас 30 гаруй хүнийг өөрийн нэр дэвшсэн 25-р тойргийн хороодод томилон ажиллуулсан байх юм. Төрийн албан хаагчид үүнийг зөвшөөрсөн хэрэг үү? С.Эрдэнэ “орон сууцны дэмжлэг” нэрээр тус бүрт нь бэлэн мөнгө, заримд нь бүр арав гаруй сая төгрөгийг сонгуулийн өмнө гаргаж өгчээ. УНДЕГ-ын хөрөнгө оруулалт, тендер хариуцсан мэргэжилтэн Д.Үүрийнтуяа 25-р тойргийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа санал хураалтын дүнгийн протоколыг хуудсаар нь сольж үүнийгээ зөвтгөх гэж хэвлэлийн хурал хийж идэвхийлэн ажилласны учир нь С.Эрдэнийн удирдлага дор ажилладаг, дээрээс нь АН-ынх, түүнээс 14 сая төгрөгийн “орон сууцны дэмжлэг”, урьд нь 3 удаа орон сууц авсан гэнэ. Бас С.Эрдэнэтэй хамтран тендерийн мөнгө идэж суугаад гарсан нэгэн аж.

Өнгөрсөн 5-р сард С.Эрдэнийг Авлигатай тэмцэх газар шалгахаар өгсөн байхад АН түүнийг нэр дэвшүүлсэн байх юм.

Ийм хүнийг “эрүүгийн гэмт хэрэгтэн” гэж тодорхойлохоос өөр яахав. АН сонгуульд нэгэнт ялагдсан болохоор тун удалгүй С.Эрдэнэ албан тушаалаасаа хусагдана, араас нь түүний хамаг булхай сад тавина. Иймээс УИХ-д сонгогдож Занданшатар, Хүрэлсүх, Бадамжунай нар шиг халдашгүй эрхээр хамгаалагдахын тулд яахаас ч буцахгүй болжээ. 2006 онд “Ийгл”-ийн сэтгүүлч Батжав С.Эрдэнийн булхайн зах зухыг сөхөж эрэн сурвалжилж явсан ч түүнийг элдвээр дарамталж, бас Ийгл-ын америк эзэн монголын  “дотоод хэрэг”-т хэт их оролцохгүйгээр шашнаа сурталчилж суухыг илүүд үзэж Батжавыг АНУ руу цагаачлуулж намжаасан байдаг.

“Эрүүгийн гэмт хэрэгтнүүд Монголын төрд тавтай морил” нэвтрүүлгийн маргааш С.Эрдэнэ мөн АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү нарын хамт хэвлэлийн бага хурал хийлгэж сонгуулийн булхай, шударга ёс, ард түмний сонголт, СЕХ-ны дарга Баттулгын алдаа завхралын талаар баахан ярив. Гэтэл нэг ч сэтгүүлч С.Эрдэнээс “Үнэн үү” гэж асуугаагүйгээр барахгүй нэг ч асуулт тавьсангүй. 

Дээр дурдсан ноцтой баримтууд илэрч гараад байхад манай телевизүүдийн камерууд УНДЕГ-ын үүдэнд зоолттой, С.Эрдэнийг, Үүрийтуяа тэргүүтэй бусад 30-аад албан хаагчидтай нь хамт мөшгөөд салж өгөхгүй эрэн сурвалжилж баймаар санагдах юм.  Монголын хэвлэл мэдээлэл С.Эрдэнээс айдаг нь үнэн юм байна.

P.S: Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан С.Эрдэнийн зарим булхайг илчилж хэвлэлийн хурал хийлгэснийг C1 телевиз үзүүлээгүй, харин С.Эрдэнэтэй өөртэй нь байн байн ярилцлага хийж байлаа. АН-ын дарга “Женко” Баттулгын телевиз нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнийн халаасанд элбэгхэн багтдаг.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

Хэн гялбуулаад байна?

Posted by tseren on 2008/07/24

2008 оны 7-р сард “Гялбаа” сэтгүүлийн 48 дахь дугаар нь хэвлэгдэн гарчээ. Дөрвөн жилийн турш сар тутам алгасалгүй гарч чадсан сэтгүүл Монголд өөр байхгүй биз.

Юу яасан гялбаа билээ? Монголд суудаг Зийв Розенберг хэмээх жүүд эрийн аппаратын гэрэл гялбаж монголын загвар өмсөгч, урлаг соёлын одод болсон охид, бүсгүйчүүдийн зураг тус сэтгүүлийн хавтас болон хуудаснууд дээр буухыг хэлж байна. Тэднийгээ “Gyalbaa-Cover girls” хэмээн өргөмжилж өнгөрсөн хавар өөр хаа ч биш, Төрийн ордны арын цэцэрлэгт мод тарьж сүйд болсон байх юм.  Сэтгүүлийн үндсэн агуулга ердөө энэ. Бусад нь нь сонирхолтой биш.

Харин сонирхолтой юм гэвэл Зийв Розенбергийн ер бусын даруу зан юм. Би түүнийг сэтгүүлийн эзэн гэж боддог байтал редакцийн танилцуулгаас харвал зүгээр л фото зурагчин бөгөөд фто эдитор  юм байна. Нэрээ хүртэл тайрч Зив Розен болгожээ.

Харин сэтгүүлийн хэвлэл нийтлэгч (publisher) нь Д.Анхцэцэг нэртэй бүсгүй аж. Сэтгүүлийг санаачлагч нь “Зэт фото эженси“ бөгөөд түүний захирал нь бас л Д.Анхцэцэг. Гэхдээ тэр Зэт үсэг нь Zeev Rosenberg өөрөө ажээ. Ёстой л нөгөө тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу? гэдэг болоод байна.

Арваад жилийн өмнөөс Израилаас Монголд ирж суурьшиж манай цагдаагийн дарга нартай нийлж “Бамбай” хамгаалалтын алба, машины номерийн үйлдвэр байгуулж, үл хөдлөх хөрөнгийн болон бусад бизнес эрхэлж яваа мөртлөө сүүлийн хэдэн жил “Гялбаа” сэтгүүлийн жирийн нэг зурагчин дээр “буусан” нэгэн. 

Тэрхүү Анхцэцэг хэмээн паблишер бүсгүй Зийв Розенбөргийн “Гялбаа” сэтгүүл дэх халхавч, харин “Гялбаа” сэтгүүл бол түүний бусад бизнесийн халхавч бололтой. Манайд гоё сайхан хүүхнүүдийн нүүр царай, бие цогцсыг илэн далангуй харуулсан зурагтай  сэтгүүл гаргах “соёл”-ыг дэлгэрүүлж байгаа энэ эрхэм өөрийгөө бага зэрэг “нүцгэлэх” цаг болсон байх аа.

    

Posted in Сэтгүүл | 6 Comments »

Uptown өөрийгөө Монголын №1 сэтгүүлээр өргөмжлөв

Posted by tseren on 2008/07/23

2005 оны хавар Kiss нэртэй, тэгэхдээ нэг талаасаа охидод, нөгөө талаасаа хөвгүүдэд зориулсан хавтсаар эхэлсэн авсаархан сэтгүүл гарч эхэлснээ 7 дугаарын дараа арын хавтсандаа Uptown хэмээх давхар нэр зүүв. Нэг мэдэхэд Uptown сэтгүүл тусдаа томоор гардаг болсон байлаа. Эхний дугааруудыг телевизээр маш их сурталчилсныг санаж байна.

Uptown гэж юу вэ? Кирилл үсгээр Аптаун гэж бичсэн ч ойлгомжгүй хэвээрээ. Анх редакцийн тайлбарт Оксфордын тайлбар толийг ишлэж байгаад “In the upper place of city or town” хэмээн задлаад ”Оюун ухааны төв”  болгон орчуулж тайлбарласан бол 2008 оны 3-р сарын дугаарт Ерөнхий сайд С.Баяр ярилцлага өгөхдөө өөрийн тайлбарыг хийсэн нь сонин.

-Сэтгүүлийн маань нэр “Uptown” учраас яриагаа хотын сэдвээс эхлэх үү? Та манай сэтгүүлийг олж үзсэн үү, таны сэтгэгдэл?

-Би ганц нэг дугаар үзсэн. Өнгөлөг сайхан сэтгүүл санагдсан. Өнгөт том том зурагтай, олон рекламтай зузаан сэтгүүл бол гадаадад хэдийнээ хэвшсэн формат. Манайдаа бол шинэ л зүйл. Нэр нь ч содон юм. Яагаад Uptown гэсэн юм бол, ийм сайхан сэтгүүлд сайхан монгол нэр оноож болоогүй юм байх даа гэж бодсон шүү. “Uptown” гэдгийг махчилбал “Хотын дээд хэсэг” гэж орчуулж болох ч угтаа бол “Олны хөлөөс хол, тансаг хороолол” гэсэн үг гэж би ойлгодог. “Аптаун” гэж манайд урьд байсангүй, одоо л зах зух нь бий болж байж магад. Гаднын сонгодог утгаар нь бол би uptown биш, downtown гэх газарт хамаарагдана. Өөрөөр хэлбэл би хотын төвд, түм тужигнэж, бум бужигнасан газар төрж, өссөн хүн. Гэхдээ тэдний ойлголт, манайхны бодит байдал хоёр одоо ч гэсэн хол зөрүүтэй л дээ… 

     

Uptown өөрийгөө эхлээд The Real Magazine гэж их л бодитой нэрлэдэг байснаа С.Баяртай ярилцахдаа аль хэдийнэ “Mongolian #1 magazine” гэж дурайлгадаг болсон байлаа. Үнэхээр тийм үү? 

Анх “Яг одоо та бүхний гарт Vogue, Elle, Bazaar гадаадын сэтгүүлээс  огтхон ч дутахгүй  монголын сэтгүүл дэлгээтэй байна”  гэсэн бичиж байсан. Тэр үнэн. Барууны сэтгүүлийг яг дууриаж чаджээ. Эргүүлж үзэхэд бараа, үйлчилгээний реклам сурталчилгаа пиг дүүрэн байх ба завсраар нь гоо сайхны зөвлөгөө, хувцас, загвар, хөгжим, оддын амьдрал гээд тансаг сайхан амьдралын тухай өнгөт өгүүлбэрүүд. Зуу гаруй хуудастай жинхэнэ ГЯЛГАР сэтгүүл. Бас тэгээд сар тутам гаргаж чадаж байна.

Uptown бол сайн, сайхан юмнуудын талаар бичдэг сонирхолтой, өнгөтэй, зузаан, сайн сэтгүүл мөн, гэхдээ одоо цагт энэ нь өөрөө шилдэг байхын баталгаа биш. Хувь ширхгээрээ №1 юм болов уу? “Хэвлэгдсэн тоо 10000” гэж зарлажээ. Итгэхгүй байна. Манайд сонин хэвлэлийн хувь ширхгийг хянадаг тогтолцоо үгүй учраас нотлох аргагүй. Магадгүй хуудасны тоо, цаасны зузаан, жин (нэлээд хэдэн кг байх), бас гоё гялгар, эсвэл дизайны хувьд №1 байж болох юм, гэхдээ бүхэлдээ, бүх юмаараа “Mongolian #1 magazine”  гэж сагсуурах нь зүгээр л маркетингийн арга. Ядахдаа ганц удаа оны сэтгүүлээр шалгарчихаад тэгэж бичмээр юм даа. (Харамсалтай нь манайд тэгэж шалгаруулдаггүй)

Сэтгүүлийн эзэмшлийн тухайд гэвэл Magic Kiss нэртэй компаниас гаргадаг байж магадгүй. Ийм нэртэй хэвлэл нийтлэлийн компани биш, гоо гайхны салон дуулддаг. Гэхдээ Uptown, Kiss, бас Life Style (“Амьдралын хэв маяг” гэж орчуулжээ) – Idea Generator гэдэг гурван сэтгүүлийн улсын бүртгэлийн дугаар, хаяг сэлт нь байнга холилдоод явдаг, нэг л угшилтай байх.      

Бас нэг зүйл. Uptown сэтгүүл www.uptownmag.mn сайттай гэж дугаар бүртээ бичдэг боловч тэр нь ажиллахгүй байна. №1 сэтгүүл ийм байж таарахгүй.

Posted in Сэтгүүл | 5 Comments »

“Хоёр нүүртэй” сэтгүүлүүд

Posted by tseren on 2008/07/20

Сэтгүүлийн зах зээлийн сонин хачныг үргэлжлүүлэн тоймолж байна.

Монголд хоёр нүүртэй, тэр ч бүү хэл гурван нүүртэй сэтгүүл хэд хэд гарч байна. Сонин байгаа биз?

Хамгийн түрүүнд Лэди төвөөс эрхлэн гаргадаг тэр сэтгүүлийг нэрлэх хэрэгтэй. Анх Business Lady байж мөнгөтэй хатагтай нарыг гоё моё гэж хөөргөж байгаад төлбөртэй ярилцлага хийж эхэлснээ мөнгөтэй бөгөөд сагсуу эрхмүүдийн түнтгэр түрийвчийг зүгээр үлдээх хайран санагдсан бололтой сэтгүүлийнхээ арын хавтсыг Businessman гэж нэрлэн ойр зуурыг ярилцан нийтэлж, сүүлдээ төрийн албан тушаалтнууд өөрийгөө сурталчлахдаа төсвийн мөнгийг огт харамлахгүй байгааг анзаарч “Төрийн хүн” гэсэн гуравдахь нэр гаргаж ээлжилдэг болсон юм. Лав Нийгмийн  даатгалын газрынхан ийм нэрээр тодрохыг хүсч дарга С.Эрдэнэ манлайлан  одоо УИХ-ын сонгуулийн 25-р тойрог дээр холион бантан хутгаж суугаа Үүрийнтуяа гэгч эмэгтэй удаалж, нийгмийн даатгалын бусад дарга нар энэ хавтсан дээрээс буухаа больсон. Сүүлийн хоёр жилийн Business Lady, Businessman, “Төрийн хүн”  бүгдээрээ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болж хувирав. Багануур дүүргийн Засаг дарга, “Ноён группийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат, “Атимос” ХХК-ийн захирал Я.Батцэцэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ гээд нэрлэж болно.   

Дараачийн хоёр нүүрт сэтгүүл бол “Үндэстэн”-ий бөх”. Эхлээд ийм нэрийг сонгож бүдүүн бөхчүүдтэй ярьж байсан ч тэднээс Бат-Эрдэнэ аваргаас өөр хүн нэр дэвших шинжгүй байсан тул сэтгүүлээ нөгөө талаас нь “Сүлд” хэмээн  нэрлэж байгаад Ерөнхий сайд С.Баяр, шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Арвин, Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Засаг дарга асан Ц.Батбаяр нарын зургаар сэтгүүлээ хавтаслажээ. Тэдэнтэй хийсэн сонгуулийн сурталчилгааны ярилцлагууд мэдээж дотор нь бий.

“Гэр бүл, зохистой амьдрал” төвийн сар тутмын сэтгүүл анх “Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд” гэж эхчүүд, бүсгүйчүүдээ дээдэлсэн сайхан нэртэй байснаа нэг мэдэхэд “Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд” гэсэн урвуу нэрийг араасаа зүүж, энэ хаврын 4,5,6-р сарын 3 дугаарын хавтсан дээр МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал, Н.Болормаа, АН-аас нэр дэвшигч Х.Тэмүүжин нар ээлжлэн заларсан харагдав.

Хоёр нүүртэй байх нь сонгуулийн үеэр их хэрэг болдог аж.

Posted in Сэтгүүл | 7 Comments »

Ц.Мөнх-Оргил хэзээнээс худлаа ярьж эхэлсэн бэ?

Posted by tseren on 2008/07/18

7-р сарын 1-ны өдрийн үймээн самуунаар С.Баярын Засгийн газар муу ажилласны улмаас хүнии амь нас үрэгдсэн гэж үзээд огцруулах саналыг АН-ынхан гаргасныг энэ удаагийн УИХ-ын чуулганы сүүлчийн нэгдсэн хуралдаанаар (Мягмар гаригт болох хаалтыг эс тооцвол)  хэлэлцлээ.

Хэвлэл мэдээллийг ярихгүй хаачихав. Онц байдлын өдрүүдэд МҮОНТ-ээр үзүүлсэн дуулиант клипийг (Эхний хэсэгт нь МАХН-ын байр луу дайрна гэсэн Л.Магнайн үг, бас үдшийн бүрэнхийд БНН-ын дарга Б.Жаргалсайхан хэсэг иргэдээр хүрээлүүлчихсэн тэмцэж барихыг уриалж байгаа, дараачийн хэсэгт эмнэлэгт хүргэгдэж ирсэн бололтой, “О.Магнай” гэсэн бичигтэй малгай өмссөн залуу түүнээс сая төгрөг авсан тухайгаа дультран ярьсныг үзүүлсэн, гэхдээ хожим оюун ухааны хомсдолтой болж таарсан) онц байдлын штабаас зориуд бэлтгэж ард иргэдийн тархийг угаахыг оролдсон тухай асуултанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, дээрээс нь Онц байдлын штабын даргаар ажилласан Ц.Мөнх-Оргил хариулахдаа,

-   Сонгуулийн штабаас янз бүрийн клип бэлтгээгүй. “25-р суваг” телевизийнхэн гэмтлийн эмнэлэг дээр очиж тэр залуутай уулзаж сурвалжилсныг бусад телевизүүд үзүүлсэн байсан. Тэрнээс биш бид зориудаар бэлтгэсэн юм байхгүй…” гэв.

Тэр өдрүүдэд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга дэд хурандаа Т.Сайнжаргал (хэд хоногийн дараа хурандаа цол авсан) МҮОНТ-ын зочны суудлыг ганцаараа эзэгнэж дээр дурдсан бичлэг (клип)-ийг, үймээн самуун дэгдээсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна гэсэн зарын хамт хэдэн ч удаа үзүүлэв дээ. Хэрэв Онц байдлын штаб бэлтгээгүй юм бол МҮОНТ өөрөө, тэгэхдээ ЗГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Батбаатарын мэргэн удирдлагын дор бэлтгэсэн болж таарна. Гэхдээ МҮОНТ-ийн хөтлөгч уг клипийг үзүүлэхийн өмнө “Сайнжаргал дэд хурандаагийн авчирсан бичлэгийг үзүүлье” гэсэн тайлбар хэлж байсныг саналаа.

Эрхэм гишүүн худлаа ярьжээ. Клипийг Онц байдлын штабын өрөөнд бэлтгээгүй байх, гэхдээ тус штабын захиалгаар хаа нэгтээ мэргэжлийн хүмүүс бэлтгэн гурван өөр телевизийн бичлэгийг нийлүүлж монтажилсан байв. Тэгээд ч Онц байдлын штаб зөвшөөрөөгүй бол МҮОНТ-ээр нэг ч удаа үзүүлэхгүй байсан.  Хамгийн марзан юм гэвэл, Ц.Мөнх-Оргил МҮОНТ-ээс бусад телевизийг хаачихсан мөртлөө “25-р суваг” телевизийнхэн гэмтлийн эмнэлэг дээр очиж тэр залуутай уулзаж сурвалжилсныг телевизүүд үзүүлсэн байсан” гэж улаан цайм залсан байх юм.

Ц.Мөнх-Оргилын улайхгүйгээр худлаа ярих авьяасыг би нэг удаа биширсэн шүү. 2003-2004 оны үед хэвлэл  мэдээлэлтэй холбоотой асуудлаар болсон семинарт Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд түүнийг оролцоход нь тэр жил тэнгэрээс унасан мэт гэнэт мэндэлсэн TV9  телевизийн үүсгэн байгуулагч хэн болохыг хэвлэл мэдээллийн улсын бүртгэл хариуцсан сайдаас мэдчих санаатай би асуулт тавьсан. Тэрбээр хэлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа бололтой доошоо харж хэсэг бодсоноо За байз. Олон юм бүртгэдэг болохоор би сайн санахгүй байна. Та ерөөсөө манай яаманд албан бичиг хийгээд өгчих. Манайхан хэлээд өгнө” гэв. Маргааш нь бичиг явуулсанд ХЗХДЯ дэд сайд шигээ хэдэн хоног бодолхийлсны эцэст тэр үед TV9-ын захирлаар тавигдаад байсан Н.Дуламсүрэнгийн нэрийг өгч билээ.

Хэдэн жилийн дараа ерөнхийлөгч Н.Энхбаяр TV9-ын нууцаа задлахдаа Мөнх-Оргилыгоо марталгүй илчилж (Энхбаярч арга барил мөн дөө!) “Надад Японоос телевизийн студи бэлэглэчихээд би түүнийг хадгалж байтал Мөнх-Оргил надад “суваг байна” гэсэн, тэгээд TV9-ыг байгуулсан” гэхчлэн сэтгэлээ онгойлгосныг санаж байна уу? Яг тэр үед TV9-ын удирдах зөвлөлд Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, бас ерөнхийлөгчийн төрсөн дүүгийн хамт гурвуулаа багтаж байсан ч түүний санах ой миний  асуултанд хариулах хэдхэн секундын хооронд сааталд орсон байж.

Ийм онигоо байдаг. Аав нь: Би чам шиг жаахан байхдаа худлаа ярьдаггүй байсан. Хүү нь: Та тэгээд хэзээнээс эхэлсэн юм бэ?  Эрхэм гишүүний худлаа ярих нь нэлээд хэдэн жилийн  өмнө эхэлсэн юм шүү.

Энэхүү нэгдсэн хуралдааны үеэр Б.Жаргалсайхан гишүүн хүртэл “Телевизээр гарсан эвлүүлгийг ЦЕГ дээд зэргийн бүдүүлгээр эвлүүлсэн. Жаргалсайханы хэлснийг доогуур нь титр  гүйлгээд…” гээд хашгирч байсан. Жаргалсайхан хэлсэн гэхгүй л юм бол тэрбээр энэ удаад бараг үнэнийг хэлжээ. (Гэхдээ бүдүүлэг биш сайн хийсэн эвлүүлэг байсан. Сайнжаргал дэд хурандаа бичлэгүүдээ авчраад МҮОНТ-ээр хийлгэсэн байж магадгүй)  

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой өөр нэг санааг Су.Батболд гишүүн хэлээд авчээ.
-    Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч анхаарах хэрэгтэй. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх юм уу, хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар байх юм … (Цаашаа сайн сонсогдоогүй, учир нь яг энэ мөчид Жаргалсайхан гишүүн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Амарболдын урд очоод чангаар хэрэлдэж эхэлсэн тэр шуугианд дарагдав)

Хувийн хэвшлийнхийг түр орхиё. Хэвлэл мэдээлэлд гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох эсэх тухай санаа эрхэм гишүүдийн амнаас цухалздаг болж. Энэ бол юуны өмнө бөгөөд зөвхөн “Ийгл”-ын тухай юм.  Тус телевизийн захирал Том Терри Сү.Батболд гишүүний дээрх үгнээс сүйд болж байна. Бас Онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцсэн 7-р сарын 2-ны УИХ-ын хаалттай хуралдаанаар “Ийгл”-ийн тухай юу ярьсныг манай парламент дахь нууц мэдээлэгчээсээ сонсчихсон цааш ховлож сууна. Хэд хоногийн дараа АНУ-ын конгрессийн гишүүдэд Монголд болсон  эмх замбараагүй байдал, ардчиллын нөхцөл байдал, түүний дотор хэвлэлийн эрх чөлөөний талаарх товч мэдэгдэл хийгдэх юм байна.

Тусгаар улс байна даа, хол ойроос хэн юу гэж зандчихийг нэг их тоохгүйгээр өөрсдөө шийдэх юмсан. Мэдээлэл бол амьгүй ашигт малтмал биш. Даанч сүүлчийн өдрүүдээ өнгөрүүлж байгаа одоогийн ба түүүнийг бага зэрэг засвар оруулаад копидчихсон юм шиг шинээр сонгогдсон парламентын байж байгаа царай нь…

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, TV9 телевиз, Телевиз | 5 Comments »

Хоёр магнатын алдаа буюу телевиз, сонин хоёрын аль нь хүчтэй вэ?

Posted by tseren on 2008/07/18

2008 оны УИХ-ын сонгууль энэ асуултанд товч бөгөөд тодорхой хариу өгсөн юм.

Олны мэдэх хэвлэл мэдээллийн гурван эзэн болох “25-р суваг” телевизийн захирал З.Алтай, “Сэрүүлэг” сонины үүсгэн байгуулагч С.Баярмөнх, “Хүмүүс” сонины үүсгэн байгуулагч Р.Хадбаатар нар саяын сонгуульд нэр дэвшсэн билээ.

Монголын хамгийн том хоёр сонины эзэд аль ноднингоос сонгуульд бэлтгэж эхэлжээ. Хадбаатар гэхэд “Хүмүүс” сонины уншигчдын клубыг ганцхан нэр дэвших Хөвсгөл аймагтаа байгуулж (нийтдээ 40 мянган гишүүнтэй Монголын хамгийн том төрийн бус байгууллага болсон гэдэг) тус клубын буюу уншигч, редакцийн уулзалт нэрээр концерт, бэлэг, мөнгө, хонжвор, үнэгүй сонин, сурталчилгаагаар хөвсгөлчүүдээ таслаагүй. Бас аймгийнхаа 120 гаруй багийн даргыг Бээжин хотноо хоёр ээлжээр аялуулсан юм. Сонгогчдоо өөр яаж халамжилсныг бүү мэд.

С.Баярмөнх ч нэг их дутаагүй. Нэр дэвшихэээр шийдсэн Баянхонгор нутагтаа бас л “Сэрүүлэг”сонины уншигчдын клуб (өөр ямар ч аймагт байгуулаагүй) байгуулж ноднингоос хойш баянхонгорчуудаа сэрээсээр  сонгууль хүргэж чадсан. Дуучин Баясгалан “Сэрүүлэг”-ийн нүүр царай болж Баянхонгорт хаваржих шиг болов. Бэлэг дурсгалын талаар зөндөө дуулдаж байсан.

Дээрээс нь хоёулаа ноднингийн болоод энэ жилийн Монголын хэвлэлийн магнатаар бие биенээ ээлжлэн тодруулж том пиардсан төдийгүй хамгийн гол нь хоёулаа хамгийн хүчирхэг МАХН-аас нэр дэвшсэн байлаа. Өөр ямар ч улс төрч, бизнесмен, нийгмийн зүтгэлтэнд ийм олон давуу тал зэрэг бүрдэхгүй. УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад өөр юу хэрэгтэй юм бэ?

Телевиз чухал гэдгийг тэд ойлгож байсан. Баярмөнх бүр TV8 нэртэй телевиз байгуулсан төдийгүй Баянхонгор, бас Хөвсгөл аймагт нэвтрүүлгээ дамжуулж үзүүлсэн гэдэг. Өөрөө ч хэд хэд гарсан. Хадбаатар МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний хувьд өөрийнхөө Хөвсгөл аймагт хийсэн “айлчлал”-ынхаа тухай мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгийг Үндэсний телевизээр сэм сэмхэн оруулж байв. Гэхдээ хоёр магнат маань өөрсдийн эзэмшдэг сониноо тойрсон сурталчилгаанд хэт эрдэж хугацаа алдсан бололтой. Зөвхөн сонгуулийн кампанийн төгсгөл рүү телевизийн сурталчилгааны хажууд бусад сурталчилгаа юу ч биш, бүх телевизээр зэрэг бөмбөгдөх хэрэгтэй гэдгийг гэнэт ухаарч гэртээ хонуулдаг, хоол хийдгээс эхлээд бусад бүх нэвтрүүлэг, ярилцлагыг бөөн бөөнөөр захиалж угсруулан орцгоосон боловч нэгэнт хожимдсон байлаа.

“25-р суваг” телевизийн захирал З.Алтай сонгуулиас ердөө сар гаруйн өмнө нэр дэвшихээ зарласан бие даагч. Тэрбээр тойрогтоо цөөхөн хүнтэй уулзалтууд хийж, сонгогдвол үзүүлээд өгнө гэж баахан сүржигнэснээс биш, мянга мянган хүнийг доргиосон концерт, найр найдам зохион байгуулаагүй. бэлэг сэлт тараагаагүй байх. Зөвхөн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээ 25-р сувгаараа сарын турш үзүүлж энэ олон жил үүргэвч үүрээд хаагуур зовж зүдрэн аялснаа сануулахад л ялалт халаасанд ороод ирэх нь тэр. Гурван өрөө байр амалсан хотын экс мэр  Ц.Батбаяр, алт эрт нүхээ малтчихсан хашир гишүүн Д.Ганди, баян бизнесмен Д.Ганхуяг, ноднингоос хойш Хонгорт, хотод, Улиастайд хаа ч хамаагүй хэн нэгний эрхийг хамгаалж тодорсон Б.Мөнхтуяа гишүүн, гурван жил жагсаж даналзсан Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан гээд өөртэйгээ өрсөлдсөн болгоныг давж тойрогтоо төдийгүй Монголд хамгийн олон санал авсан юм. З.Алтайн мэдэлд бүхэл бүтэн телевиз байсан, түүнийгээ тултал ашиглаж чаджээ.

Улс төрийн том намуудад хамаагүй, шинээр сонгогдсон хоёрдогч нэр дэвшигч бол Иргэний эвслийн тэргүүн, Ногоон намын дарга Д.Энхбат юм  Гэхдээ маш олон хүн түүнийг нам, эвслийн гуншингаар биш харин “Форум-ын Энхбат” гэсэн хоёрхон үгээр таниад сонгосон. “Форум” бол 2004-2006 онуудад МҮОНТ-ээр явуулж байсан нөгөө нэвтрүүлэг гэдгийг хүмүүс мартаж амжаагүй байжээ.

P.S: “Өнөөдөр” сонины саяхны нэг дугаарт бичихдээ “Сэтгүүлч Д.Цэрэнжав гуай зурагтаар ярьж байна. “Demokratie буюу англиар Democracy гэдэг үг нь эртний Грекийн demos (ард түмэн), kratia (засаглал) гэсэн үгнээс үүдэлтэй. Бид үүнийг “ардчилал” хэмээн орчуулдаг. Махчилсан утгаараа ар түмний засаглал гэсэн үг юм. Харин энэ удаагийн сонгуульд telecracy буюу зайнаас засаглах үйл явц давамгайлж байна” гэсэн юм. Tele гэдэг нь алсаас, зайнаас гэсэн утгатай грек үг. Түүний хэлсэн үг үнэн болохыг өнгөрсөн хоёр өдрийн үйл явц тод харууллаа” гэхчлэн бичжээ. Гэхдээ би теле гэдэг үгийг телевиз гэсэн тов тодорхой утгаар хэрэглэсэн юм шүү.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, TV8 телевиз, Сонинууд, Телевиз | 1 Comment »

Туулын эргээр чухам юу болоод байгааг телевизүүд мэдэж байгаа…

Posted by tseren on 2008/07/17

Чоно борооноор гэдэг шиг сонгууль тойрсон үймээн самуун, хэрүүл маргааны сиймхийгээр нэр нь үл мэдэгдэх компаниуд Туул голын ай сав, далан дотор  ёстой нэг “амжуулж”  байгаа нь телевизийнхны дуранд өртлөө.

Хоёр хоногийн өмнө TV9 телевиз Гачуурт орчимд Туул голын ундны  усны ариун цэврийн бүсийн ногоон зүлэгтэй хөрсийг трактор бульдозероор хагалаад дуусч байгааг харуулж Гачууртын зарим иргэдтэй хийсэн ярилцлагыг үзүүлэв. Гадаадын нэгэн компани гольфийн талбай байгуулах юм гэнэ. Тэнд байсан компанийн гадаад дотоод ажилтнууд монгол гэртээ нуугдчихаад ярилцлага өгөхгүй зугтацгааж байв.  Сэтгүүлч Отгонжаргал энэ сурвалжлагыг бэлтгэжээ.

Өчигдөр орой МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр яг энэ талаар өөрийн сурвалжлагыг үзүүлэв. TV9-ийнхтэй төстэй, гэхдээ бүтэн хоног өнгөрөөд байхад хууль зөрчсөн шийдвэр гаргаж зөвшөөрөл олгосон албан тушаалтны нэрийг хэлэх юмуу тэднээс тайлбар авах зэргээр шинэ юм нэмсэнгүй.

Харин өнөөдөр TV9 дараачийн сурвалжлагаа үзүүлж МҮОНТ-ийг давж гарав.  Энд Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай Tuul River Countryside компанид гольфийн талбай барих зөвшөөрлийг Баянзүрх дүүргийн Засаг дарга байсан, одоо Улаанбаатар хотын ерөнхий менежер, удахгүй Булган аймгийг иргэдийг төлөөлөн УИХ-ын гишүүний суудалд залрах Э.Мөнх-Очир олгосныг тодруулсан төдийгүй түүнд хандаж энэ шийдвэрээ цуцалж нэр нүүрээ цэвэрлэхийг уриаллаа.

2003 оноос нийслэлийн Засаг дарга М.Энхболд Туул голын ундны усны ариун цэврийн бүсийг Зайсангийн гүүрээс Маршалын гүүр хүртэл ухрааж Төв цэнгэлдэхийн эргэн тойронд барилга барих зөвшөөрөл олгож эхэлсэн билээ. (Ноднин наадмын сурын талбайн урдах зурхайг барилгын талбай болгочихоод энэ жил төсвөөс 100 гаруй сая төгрөг зарцуулж хэдхэн метрийн цаана шинээр барихад хүрсэн). Улам даварсан М.Энхболд дахиад зүүн тийш сэмхэн газар олгосноор тухайлбал, Дүнжингарав гэдэг аварга том худалдааны төвийг бариад дуусч байна. Үүнийг хэвлэл мэдээллээр шуугиад эхэлмэгц НИТХ-ын дарга Н.Болормаа намын даргаа цээжээрээ хамгаалж тэнд байсан гүний худгуудийг бас л төсвийн мөнгөөр нүүлгэж өгсөн юм.

Хотын том дарга нар ингэж дургиад зүв зүгээр өнгөрч болоод байгааг харж зоригжсон Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Мөнх-Очир өөрийн дүүрэгт хамаардаг Гацуурт хавьд үлдсэн сая хүнтэй хотын ундны усны сүүлчийн бүсэд халдсан нь энэ. Цаадуул нь наадмын хоёр өдөр сэмхэн амжуулахаар шийдсэн ч тэнд саалийн хэдэн үнээ, чөдрийн ганц морио бэлчээдэг малтай иргэд телевиз рүү утасдсанаар шинэ гишүүний паян дэлгэгджээ. Дашрамд хэлэхэд Мөнх-Очир дарга Налайх орох замд буюу  Хонхорын орчимд Богд уулын дархан цаазтай бүсэд цагдаагийн нэгэн томоохон албан тушаалтанд газар олгочихсон, тэр нь газраа хашаалахаар хэдэн цэрэг ирүүлэхэд хөгшид хүүхэд эсэргүүцэн хэсэг бужигнасан явдал бий.

Урсан өнгөрч байгаа 2008 он бол Улаанбаатарын урдуур үерлэн урсах Туул гол руу Улаанбаатар хотын Засаг дарга Т.Билэгтийн ичгүүр сонжуургүй довтолгооны жил болж байх шиг. Саяхан TV9 телевизийн өөр нэгэн сурвалжлагаар 3-р цахилгаан станцын урдуур Mongolian Star Melshers компани аль хэдийн газар эзэмшээд барилга барихад бэлтгэж олон өдрийн турш гүний усыг соруулан асгаж байгааг үзүүлэв. Асуулт тавихаар очсон сурвалжлагч хамгаалагчдад  хөөгдөөд буцсан нь мэдээж.

Өнгөрсөн хавар Туулын даланг давуулаад “Пума констракшн” зэрэг компаниуд хашаа барьчихсан байсныг зарим иргэний хөдөлгөөнүүд тэмцэлдэн байж нураасан. Зайсан толгойн хууль бус хороолол Туул руу дөхсөөр нэг мэдэхэд Зайсангийн гүүрэнд тулсныг бүгд харж байна. Хатан Туул хашигдаж байгааг  Улаанбаатарын дарга нар жинхэнээсээ юу хийдгийг олж хардаггүй UBS телевиз хүртэл  анзаарч уржигдар Туулын эрэг дээр томоос том хашаа барьчихсан тухай сурвалжлага үзүүлж хэнийх болох нь мэдэгдэхгүй юм хэмээн гайхшрав. Зөвшөөрөл өгсөн хотын юмуу дүүргийн дарга нар давхиж ирээд хашаан дээр нь нэрээ бичнэ гэж бодсон юм байхдаа…

Манай телевизүүд зах зухаас нь үзүүлсэн дайралтууд бол зөвхөн эхлэл. Туулын эргээр М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Д.Загджав, Э.Мөнх-Очир нарын сэмхэн олгосон дараачийн зөвшөөрлийн эзэд хэвлэл мэдээллийнхэн жаахан шуугиж байгаад намжихыг хүлээж суугаа. Дээр дурдсан гольфийн талбай юмуу зочид буудал, хаусууд Туулын ундны усны бүс, ай сав дотор баригдаад эхэлмэгц тэд дайрахад бэлтгэн тэсч ядан хүлээж байна.  Нөгөө иргэний хөдөлгөөнийхөн сонгууль, үймээн самуунд орооцолдоод Туулын эрэгт баригдсан хашааг буулгахтай  манатай…

(Бүр эхнийх болох Дүнжингарав зах яагаад зүв зүгээр баригдсан талаар би урьд нь бичиж байсан)

Одоо өнгөрсөн байх аа.   Улсын мэргэжлийн хяналт, Усны хэрэг эрхлэх газар, Байгаль орчны яамныхан гээд хууль бус үйлдлийг таслан зогсоох нь бүү хэл, нийслэлийн дарга нарыг нэрийг ч хэлж чаддаггүй гөлөгнөсөн нөхдүүд байдаг.  Хэвлэл мэдээлэл? Яаж ч чадахгүй. Яагаад гэвэл бүх телевиз TV9 шиг байж чадахгүй. TV9 ч гэсэн нийслэлийн дарга нарын газрын мафийн сүлжээг уудалж илчлэхгүй, эрэн сурвалжлахгүй.  Яагаад гэвэл жинхэнэ эзэд нь үүнийг зөвшөөрөхгүй. МҮОНТ-ын тухайд гэвэл яг энэ асуудлаар дахиж дуугарахгүй. Яахав, Туул гол минь хайран гэхчлэн уйлж дуулсан уран сайхны нэвтрүүлэг үзүүлнэ биз…

Удалгүй манай телевизүүд Туулын эрэг дээр ямар мундаг бүтээн байгуулалт өрнөж байгаа талаар сурвалжлан үзүүлж эхлэнэ. Тэгээд хамаг цонх нь Туул гол руу харсан хичнээн гайхамшигтай орон сууц, зочид буудал баригдаж байгааг “Бизнес мэдээ” юмуу Marketplace-ээрээ сурталчилж тэр их олз омгоос хуваалцана…

Posted in Телевиз | 1 Comment »

“Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд лекц, бөө гээд юм юм болж байна

Posted by tseren on 2008/07/15

“Чингэс хааны дэлхийн академи, “Чингэсийн Монгол төр” бүх ард түмний эвслээс Мөнх тэнгэрийн зарлигаар найман зууны дараа Монгол улс болон хүн төрөлхтний ирээдүйг аврагч элч-Чингэс хааны язгуур тодорсон тухай зарласан хэвлэлийн хурал өнөөдөр 11 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд болсныг “25-р суваг” телевизийн хоёрдугаар сувгаар үзүүлснийг үзлээ.

Хурлын эхнээс дуустал Чингэсийн Монгол төр фронтын удирдагч Д.Төмөрбаатар голлож, хааяа дагалдах хүмүүс (нэг нь  Даваанямтай төстэй, дүү нь бололтой)  нь залган авч ямар ч завсар гаргалгүйгээр тасралтгүй лекц уншиж түүндээ Монголын аврагчаар, өнөө цагийн  Чингэсээр тодорсон Чингэс хааны академийн тэргүүн П.Даваанямыг биширсээр яг бүтэн цагийг барав. Дундуур нь хоёр гурван удаа “асуулт байна уу” гэж дэлгэцэнд үл үзэгдэх сэтгүүлчдэд хандсан ч тэдний асуултанд хоёр гурван өгүүлбэрээр хариулахын оронд лекцийнхээ дараачийн  хэсгийг эхлүүлж байлаа. Тэгснээ бүгд босч баахан уухайлав. Танхим тэр чигээрээ уухайлсныг бодоход дагалдагчид нь танхимаар дүүрэн байсан биз. СэтгүүлдТөгсгөлд нь их үйл  хэрэгтээ хандив хүсч П.Даваанямын нэр дээрх дансны дугаарыг зарласан юм.

Дараачийн хэвлэлийн хурал. Бөө судлалын академи ба “Эсгий туургатны дэлхийн академи” гэдэг сүртэй нэртэй хоёр ТББ-ыг төлөөлсөн бөө бололтой эмэгтэй  ямар нэгэн юмыг шүлэглэн ярьсаар (эсвэл бөөлсөөр) бүтэн 2 цагийг барав.

Өнөөдөр хэвлэлийн бага  хурлууд утгаа алдаж. Сэтгүүлчид, ялангуяа телевизийнхэн биеийн амрыг бодож хэвлэлийн хурал хэмээх бэлэн үйл явдлыг  хамгийн ихээр сурвалжилдаг, цаадуул нь үүнийг мэдчихээд 50 мянган төгрөг төлөөд чөлөөт индэр маягаар юу дуртайгаа бурж, тэр оройжин монголын бүх телевизийн мэдээгээр орж гараад сурчихаж.  Тэдэнд хурцхан асуулт тавьж ичээгээд өгдөг сэтгүүлчид алга.

Яагаад “дэлгэцнээ үл үзэгдэх сэтгүүлчид” гэж? “Монгол ньюс“-ийн мэдээллийн төвийн камер хөдөлгөөнгүй зоогдсон, зөвхөн индрийг харуулдаг учраас бөөтэй хурлын төгсгөл рүү танхимд сурвалжлагч үлдсэн эсэхийг мэдэх боломж байсангүй.

P.S: Орой зурагтаар үзэхүл, энэ өдөр сонгуулийн маргаантай холбоотой учраас илүү сонирхолтой хэвлэлийн хоёр хурал МҮОНТ ба Хэвлэлийн хүрээлэнд болжээ. Яагаад ”Монгол ньюс”-ийн мэдээллийн төвийг сонгоогүй вэ? Эсвэл  ”Монгол ньюс” хүлээж авсангүй юу?

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Румынд мэдээ бол мэдээ. “Бараан” юмуу “гэгээлэг” мэдээ гэж байхгүй болов

Posted by tseren on 2008/07/15

6-р сарын 26-нд Румын улсын парламентын дээд танхим болох – Сенатаар санал нэгтэй сайшаасан нэгэн хуулийн төслөөр бол телевиз, радиогий нэвтрүүлэгт сайн, муу мэдээ яг тэнцүү байх ёстой байжээ. Энэ хуулийг Үндэсний либерал нам болон Агуу Румын хэмээх хэт барууны консерватив намыг төлөөлсөн 2 депутат иргэдийн амьдрал, сэтгэл санаанд муу мэдээ сөрөг нөлөө үзүүлж байгаад санаа зовж санаачилсан гэнэ. Ийм хууль нийгмийн уур амьсгалыг эрүүлжүүлж өдрийн үйл явдлын тэнцвэртэй дүр зургийг үзэж харуулна гэж тэд үзжээ.

Ямар мэдээг сөрөг, ямар мэдээ эерэг гэх вэ? Үүнийг Үндэсний Аудиовизуал (радио, телевизийн) зөвлөл тодруулах ёстой гэнэ. Харин тус зөвлөлийн дарга Разван Попеску (Rasvan Popescu) хуулийн төслийг нааштай  үнэлэхгүй байгаа бөгөөд “Мэдээ бол мэдээ, эерэг, сөрөг гэж байхгүй бөгөөд бодит байдал ямар байгааг л тусгадаг. Иймэрхүү хязгаар тогтоох нь үр дүнтэй болно гэж үзэхгүй байна, Үйл  явлдлыг урьдчилан таах боломжгүй” хэмээн мэдэгджээ.

Харин Румыны Ардчилсан Нам уг хуулийг цуцлахыг шаардсаны дагуу Үндсэн хуулийн цэц хэлэлцээд Сенатаар баталчихаад байсан дээрх хуулийн төсөл үндсэн хуульд харшилж байна гэж үзжээ.

Манайд ч гэсэн хэвлэл мэдээлэл амьдралыг хэт харлуулж байна гэж байнга шүүмжилдэг, зарим эрхлэгч, захирал, сэтгүүлчид бараан биш “гэгээн”,“гэгээлэг”, ”гэгээтэй” мэдээллийг амлаж тэр чигээрээ магтаал сайрхлын мэдээ, сурвалжлага, ярилцлага, нийтлэл, нэвтрүүлэгт умбуулдаг билээ.

Posted in Гадаадын хэвлэл мэдээлэл | Leave a Comment »

Улсын баяр наадмыг 1967 оноос хойш шууд дамжуулсан

Posted by tseren on 2008/07/14

Хэрвээ би андуураагүй бол бүр 1967 оны Улсын баяр наадмын концерт болон бөхийн барилдааныг  Монгол телевизээр туршилтын журмаар дамжуулсан гэдэг. Шөвгийн дөрөвт  Баянмөнх, Мөнхбат хоёр хэдэн цаг ноцолдоод хэн хэнээ хаяагүй тул хоёуланг хасч үзүүрт үлдсэн Дэмүүлийг түрүүлүүлсэн тэр наадам байх. Наадмын концертыг телевизээр дамжуулахад театрынхан”хүмүүс үзэхээ больчихно” гэж дургүйцэж байсан бол АИХ-ын дарга Ж.Самбуу гуай өмнөх микрофоноо нээлттэй байгааг мэдэлгүй Дэмүүлийг “мэх хийдэггүй золиг байна” гэх мэтээр ярьсан нь хүмүүст сонсогдсон гэж телевизийн ахмадууд дурссан байдаг.

Энэ жилийн наадмыг Улаанбаатарын ихэнх телевиз шууд дамжууллаа. 12-ны өдрийн үдээс хойш шөвгийн дөрөв болон  үзүүр түрүүг МҮОНТ, 25-р суваг, TV5, TV9, UBS, C1, Ийгл, ТM шууд дамжуулан үзүүлэхийг үзлээ.  Төв цэнгэлдэх хүрээлэн 15 мянган хүний багтаамжтай, харин нийслэлчүүдийн  тоо, зочин гийчидтэйгээ нийлээд сая гаруй сая гэвэл бараг бүгд телевизээр үзжээ. Хэд нь аль телевизээр  үзсэн, чухам аль нь илүү сайн тайлбарласныг харьцуулбал сонин байхсан. TV5 телевиз гэхэд нэг камераа нэлээд өндөрт зоож цэнгэлдэхийг бүхэлд нь дээрээс харуулж байв. Наадмын бөхийг цэнгэлдэхийн суудлаас үзэх сайхан, гэхдээ  телевизээр бол илүү ойроос, бас хэн яаж давсныг тэр дор нь давтана, хүсвэл удаашруулна…

Харин хурдан морины уралдааныг  Хүй долоон худгаас МҮОНТ, UBS, НТВ шууд дамжуулав. Ганц үйл явдлыг ийм олон сувгаар зэрэг дамжуулах хайран зардал чирэгдэл мэт. Гэхдээ телевизийн техник, технологи хөгжиж хямдарсаар дурын телевиз үүнийг хийхэд түвэггүй болжээ.

МҮОНР мэдээж аль алийг шууд дамжуулсан. Бас 2-3 жилийн өмнө “Элгэн нутаг” FM радио Хүй долоон худгаас шууд нэвтрүүлэг явуулсан бол энэ удаад үгүй. Тэр өргөн хөндийд хүн машин багширч, хуушуурдаж, хурдан морьдын тоос татаж, жипнүүд даган давхилдаж хүүхдүүд гийнгоолж айргын таван морьдыг барьж байгааг шууд үзүүлж байхад Улаанбаатарчуудад ярьж өгөх шаардлага алга болжээ.

Өнөөдөр аливаа үйл явдлыг телевизээр шууд дамжуулна гэдэг сонин биш. Телевизийн мэдээ зөвхөн өчигдөр биш, тэр ч бүү хэл өнөөдөр, бүр дөнгөж сая биш, харин яг одоо болж байгаа үйл явдлыг хэлдэг болж буйгийн нэг жишээ бол энэ жилийн наадам. Өмнөх жишээ бол 7-р сарын 1-ны үймээн самуун.

Энэ зун Монголын энд тэндгүй үргэлжлэх олон найр наадмыг хөдөөнөөс  ч шууд дамжуулбал гайхах явдалгүй. Ноднин баруун аймагт болсон хурдан морины нэгэн уралдааныг TV9 телевиз тэгэж дамжуулахаар зарлаж байсныг саналаа. Үнэхээр тэгэх чадсан эсэхийг мэдэхгүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Телевиз | Leave a Comment »

Монголын сонинуудын хувь ширхэг буурч байна

Posted by tseren on 2008/07/10

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар сонин хэвлэлийн борлуулалтын хувь ширхэг тасралтгүй буурч байгааг бүгд хүлээн зөвшөөрдөг болжээ. Иймээс монголын хэвлэл мэдээллийн байдлыг тоон үзүүлэлтээр харуулдаг Хэвлэлийн хүрээлэнгийн 2007 оны мониторингийн ээлжит тайлангаас манайд байдал ямар байгааг сонирхлоо.

Нийт хувь ширхэгээрээ монголын сонины зах зээлийн тэн хагасыг эзэлдэг өдөр тутмын сонины нэр төрөл нэмэгдэж 12-т хүрсэн ч нийт захиалга, борлуулалт 3,8 хувиар буурчээ. Энэ хандлага 2004 оноос хойш үргэлжилж “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” зэрэг тэргүүлэх сонинуудын захиалга жилээс жилд багассан байна. Харин долоо хоног тутмын сонинуудаас “Хүмүүс”, “Сэрүүлэг”, “Зиндаа” сонинуудын борлуулалт ноднин 8000-10000 хувиар буурчээ.

2008 оны УИХ-ын сонгуулийн жил сонинуудын хувь ширхэг “улс төрийн” шалтгаанаар буцаад өссөн байхыг үгүйсгэхгүй ч хүмүүс цаасан дээрх сонин унших нь багассаар байгаа чиг хандлагыг өөрчилж чадахгүй биз.

Posted in Сонинууд | Leave a Comment »