АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Танайд хоноё” жүжиг болов

Posted by tseren on 2008/05/05

“25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн ээлжит дугаар Ням гаригийн орой гарлаа. Сүүлийн үед миний хувьд хамгийн сонирхолтой  хэсэг нь хонох айлаа хэрхэн олсноо харуулсан оршил жүжиг болоод байна. 

Энэ удаад хөтлөгч Алтантүрүү Улаанбаатарын хөл чимээнээс зайлсхийж сүүлийн үед архины хордлого энэ тэр дуулддаг тэр газрын амьдралтай танилцахаар шийдсэнээ мэдэгдээд замд гарч Багануур дүүргийн захиргааны өмнөх талбай дээр очиж тааралдсан хэдэн хүүхнийг зогсоож “Танайд хоноё” гэж гуйлаа.   Нэг эмэгтэй эгчийндээ амьдардаг ч ерөнхийдөө зөвшөөрөх янзтай байтал Алтантүрүү өөрөө “Эгч чинь уурлах болов уу?” гээд ухарчихаж байх юм. Ашиггүй айлд хонохыг хүсээгүй биз. Бас эрэгтэйчүүд буюу өрхийн тэргүүнүүдэд хандаагүй нь тохиолдлын хэрэг биш бололтой. (Би хасч монтажлан найруулсан бичлэгээс энэ дүгнэлтийг хийж байна. Бүтнээр нь үзүүлсэн бол…).

Дараа нь Алтантүрүү хүмүүсээс гуйхаа больж “Зөндөө  хүмүүсээс асуугаад бүтсэнгүй. Миний ард байгаа захиргааных нь байранд ороод Засаг даргынд хоноё гэж бүгдээрээ дайрья”  гэж хэлээд оров. Харуул манаа ч яасан юм, нариийн бичгийн дарга чтааралдахгүй явсаар Багануур дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбатын албан өрөөнд явж орлоо.

Дараачийн үйл явдлууд төдийлөн сонирхолтой бус. Мэдээж Засаг дарга шууд зөвшөөрч Алтантүрүүг гэртээ авчрахад авгай хүүхдүүд нь  гал тогооны өрөөндөө эргэлдэн угтлаа. Гурван өрөө бололтой ердийн орон сууцны айл ажээ. Багануурынхны жишиг амьдрал иймэрхүү юм байна гэж хөтлөгч хэдэнтээ давтсан бол Засаг дарга өөрөө “Миний амьдрал нэг иймэрхүү” гэж лав 10 удаа хэллээ. Цааш өөрийгөө элдэв янзаар магтаж (бусдын жишгээр амьдардаг, авлигал авч үзээгүй, би хүнтэй харилцахдаа зарчим л ярьдаг гэх мэт), ухаантай санал дэвшүүлж (Засаг даргыг иргэд нь сонгодог байвал зүгээр), тэгснээ гурил элдэн цуйван хийж хичнээн ардач эр болохоо харуулж амжлаа. Алтантүрүү уламжлал ёсоор “Хэлсэн үгэндээ үнэнч, холбирдоггүй хүн юм шиг байна” гээд хэсэг магтаад “мешок”-тоо орж нойрсов. Хүнийг ганцхан оройн дотор танина гэдэг ховор чадвар шүү.

Харин өглөө босоод микрод сууж буцахаа хэлж Засаг даргаар үдүүлэн тэднийхээс гарсан юм. “25-р суваг” телевизийн хамгийн сайн нэвтрүүлгийнхээ сурвалжлах хэсгийг аппарат хэрэгсэлтэй нь явганаар илгээлээ гэж үү? Минийхээр бол, төлбөргүй нэвтрүүлэг хийдэг, иймээс унаа ч байхгүй гэдгээ харуулах гээ давхар жүжиг тавиад амжив. 

Хэрвээ үнэхээр төлбөргүй нэвтрүүлэг байсан бол Д.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуульд АН-аасаа нэр дэвших хүсэлтэй, бас Багануурын Засаг дарга төдийгүй тэргүүн баян, “Ноён” групп хэмээх том компанитай, Багануурын  хамгийн том “Ноён” телевизийн эзэн, Улаанбаатарт гэхэд л Алтантүрүүг өдөр болгон  хонуулаад цуйвангаар байтугай  дайлж чадах “Залуучууд” зочид буудлыг эзэмшдэг гэдгийг яриулж болох байсан даа.

Бямба гаригийн “Өнөөдөр”-ийн дугаарт Алтантүрүү том ярилцлага өгөхдөө  “Нэвтрүүлгийн нэр “Манайд хонооч” болсон байна лээ?” гэсэн асуултанд,  “Алтантүрүү сонгуулиар далимдуулж мөнгө хийж байна гэж. Мөнгө аваад оцойтлоо баяжсан юм алга, ажлаа хийгээд л явж байна. Сонгуультай холбоотойгоор долоо хоногт хоёр айлд хонож байгаа нь үнэн. “MN 25 дугаар суваг” телевиз бол арилжааны телевиз. Гэхдээ энэ үед хэнийд хонох вэ гэдэг нь хамгийн чухал. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс 2007 оны “Ирээдүйтэй залуу сэтгүүлч” гэсэн шагналыг надад өгсөн. Өөрөө ч мэдээгүй, манай хамт олон шагналыг минь аваад ирсэн. Тийм болохоор би итгэл алдахыг хүсэхгүй байгаа. Хэн нэгнийг дэмжсэн, магтаж малгайлсан нэг ч асуулт тавьдаггүй. Байгаагаар нь л гаргахыг хүсдэг. Нэр дэвшигч итгэл даах хүн мөн үү гэдгийг харуулахыг хүсч байгаа” гэжээ.

Бас НТВ телевизийн “Үнэн үү” нэвтрүүлэг  (зочиндоо  асуулт тавьж үнэн хариулсан эсэхийг дэлгэцийн доогуур графикаар харуулдаг бололтой) сэтгүүлч Алтантүрүүг урьжээ. Ярилцлага гэхээсээ илүү сэтгэл зүйн сорилтыг санагдуулах  бөгөөд хөтлөгч Нямбаяр сүрхий асууж чаддаг залуу байна. Жишээлбэл, хуруугаа учиртайхан имэрч “ийм юм аваад айлд хоноод байна уу?” гэж асуулаа. Алтантүрүү  “Үгүйсгэхгүй. 25-р суваг бол телевиз арилжааны телевиз. Шударга, гарах ёстой хүмүүсийнд урилгаар хонож байгаа” гээд “мөнгө авлаа гээд асуудгаа л асууна, яаж асуулт тавихав гэдэгтээ байгаа юм” гэхчлэн өөрийгөө  хамгааллаа. Гэхдээ хөтлөгч Нямбаяр “Сонгууль дуустал УИХ-ын гишүүдээр явах юм байна”, “Үнийг нь авсан тэр хүндээ тааруулж ярина даа?”, “Бялдуучилж явахгүй гэж итгэж байна” гэдгээ хэлээд авч байв. 

Ийнхүү айлд “Танайд хоноё” нэвтрүүлэг “Захиалгаар хоноё”  юмуу “Дуудлагаар хоноё” болсон нь тодорхой болжээ. “Шударга, гарах ёстой” нэр дэвшигч гэдгийг яаж мэдэж байна аа? Алтантүрүүг урьсан болохоор уу? Мөнгийг нь авчихсан бол зөвхөн “Нэр дэвшигч итгэл даах хүн мөн” гэдгийг харуулж болно. Харин нэр дэвшигч “итгэл даах хүн биш” гэдгээ харуулах гэж мөнгө төлдөггүй л байхгүй юу… 

Иймээс гудамжинд хүмүүсийг зогсоож “Танайд хоноё” гэсэн жүжиг тавихын оронд “Би уригдлаа” гээд нэр дэвшигчийнд шуудхан явж очвол ядахдаа шударга юм даа.  Монголын сэтгүүл зүйн найдвар болсон шинэ үеийн нэгэн сайн сэтгүүлч элдэв улс төрчидтэй сэмхэн тохирч мөнгө төгрөг авчихаад дараа нь санаандгүй тааралдсан мэт уулзаж, гэрт нь очоод огт уулзаж байгаагүй мэт жүжиглэж үзэгчдээ хууран мэхэлдэг болсон нь  харамсалтай. Шинэ үеийн захиалгат сэтгүүл зүй ийнхүү эхэлжээ.

9 Responses to ““Танайд хоноё” жүжиг болов”

  1. чэмка said

    Үнэн үнэн

  2. uzegch said

  3. uzegch said

    Ene ALtanturuu unen buduuleg hotoldog baisan sh dee… Odoo baigaa n’ arai l deer gehdee l hel yarianii chadvar ni odoo hurtel tolovshoogui…emh tsegtstei yarina gej baihgui… neeh sonin….Uul n’ yadaj ih surguuli togsson baimaar yum….Za tegeed saijrah bailgui dee…

  4. Anonymous said

    Ene ALtanturuu unen buduuleg hotoldog baisan sh dee… Odoo baigaa n’ arai l deer gehdee l hel yarianii chadvar ni odoo hurtel tolovshoogui…emh tsegtstei yarina gej baihgui… neeh sonin….Uul n’ yadaj ih surguuli togsson baimaar yum….Za tegeed saijrah bailgui dee…

  5. ajiglagch said

    Show bol setguul zui bich shuu dee. Altanturuugiin khiij baigaa chini reality show bolokhoos setguul zui bich. Gekhdee show host setguul zuin argyydyg khergelej nevtruulgee khiij baigaa bolokhoor setguul zuin gol zarchmyydyg barikh ni chykhal. Yalangiya shydarga bys baij bolokhgui.

  6. сараа said


    Үнэн… Угаасаа хөтлөгчийн хувьд чадвар муутай залуу. Гэхдээ санаа нь зөв, хэн бүхний барьж аваагүй сэдэвээр нэвтрүүлэг хийсэн тулдаа “Танайд хоноё”-г хүн бүр үзэх дуртай байсан. Тэрнээс биш том бүдүүн, царай муутай, үгийн баялаггүй, харилцааны соёлгүй, мангардуу залуу байна лээ. Маш зоригтойгоор хийж эхэлсэн нэвтрүүлэг өдгөө зүгээр л нэг тэнэмэл тэнэг залуугын мөнгөжих суваг нь болсонд тун харамсалтай байна.

  7. Anonymous said

    uul n Altanturuug sain setguulch gj boddiishd, harin bi bas suuliin neg nevtruulgiig n harsan, yag beldsen bsan gedeg n medegdej l bnle, uudgui umaa te, gaigui gaigui gsen hun bolgon n danda ingej neree baasthiin. odoo “Tanaih honoyo”-iig shimten uzeh hun ch ers bagasna daa, songuuli dussan ch gesen

  8. tseren said

    25-ын ах нар чамайг их л буруу юманд сургаж байна даа.

  9. Үзэгч said

    Үнэн үү?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 41 other followers

%d bloggers like this: