Лхагва гариг болгон “Өдрийн сонин”-д нийтлэгддэг Баабарын өгүүлэлд хэн нэгэн хариу бичсэнийг санахгүй юм байна. Луйварчнаар дуудаад байхад ч “тэсдэг”. Харин өнгөрсөн долоо хоногийн ээлжит өгүүлэл – “Завсардсан үеийнхэн”-д филосифч С.Молор-Эрдэнэ “Завсардсан Баабар” гарчигтай хариу бичжээ. Түүндээ Баабарыг эрдмийн цол хэргэмгүй гэж голоод зарим нэр томъёог буруу зөв хэрэглэснийг анхааруулж “завсардсан үеийнхэн” гэдгээ шинжлэх ухааны үндэстэйгээр нотолж чадсангүй хэмээсэн байна. Хоёр зууны зааг дээр улс төрд орж ирсэн залуучууд ямаршуу нөхдүүд болохыг дүрслээд “завсардсан үеийнхэн” нэр оноосон нь Баабарын өөрийн хэрэг. “Баабар тэгэж үзжээ” гэж бодоод өнгөрөхөд л хангалттай. Түүнийг заавал конспектлох юм уу шинжлэх ухааны нээлт болгон судалж толгойгоо зовоох албагүй. Харин эрдэмтэн Молор-Эрдэнэ Баабарын нийтлэлийг (зүгээр л нийтлэлийг!) няцаахаар шийджээ. Эрдэмтэн дуугарч байхад юу ярихав. Харамсалтай нь дээрх нөхдүүдийг “завсардсан” биш гээд тайлбарлах, эсвэл “завсардаагүй үеийнхэн” гэдэг ч юм уу нэр томъёо дэвшүүлсэнгүй. Үргэлжлэл байгаа гэж найдья.
“Завсардсан Баабар” өгүүлэл ”Зууны мэдээ” сонины тэргүүн нүүрэнд захиалгатай ч юмуу гэж ойлгогдохоор хүндэтгэлтэй нийтлэгдсэн билээ. Тэр оройдоо www.news.mn сайтад тавигдахдаа Баабарын таван зүйл хариултыг ардаа зүүсэн байлаа. Харин дараа өдрийн сонинуудад яг ингэж хосоороо нийтлэгдэв. Үүгээр Баабар, Молор-Эрдэнэ хоёр бие биендээ хандсан үгс дуусч, тэд дахиад ганц ч үг ганхийгээгүй билээ.
Харин мэтгэлцээ тэр хоёрын хяналтаас нэгэнт гарч Интернэтэд Баабар, Молор-Эрдэнэ үгүйгээр үргэлжиллээ. Эргээд харахад “Завсардсан үеийнхэн”, “Завсардсан Баабар”, Баабарын хариу гурвыг уншигчдын (Интернэт хэрэглэгчид биш уншигчид гэвэл зохилтой) сэтгэгдлүүдгүйгээр ойлгох боломжгүй болжээ. Яагаад гэвэл Баабар, Молор-Эрдэнэ хоёр өөрсдөө хэлээгүй, хэлж чадаагүй, магадгүй чадах ч үгүй тийм зүйлийг уншигчид хэлчихсэн билээ.
Ганц нэгхэн жишээ.
Энэ Молор гэгч бичсэн юмаа бүх сонин болон сайтад тараажээ. Анхных нь Ерөнхийлөгчийн Зууны мэдээд нэгдэх өдөр гарсан. Харин хоёр дахь өдөр зарим сонингууд Баабараас асуусан болов уу, араас нь комент хэлжээ. Бүх сайтуудад очсон. Ингэхээр энэ соёлтой маргаан биш, зүгээр л хэн нэг нь мөнгө төлсөн довтолгоон байна. Харин Захиалагч тун ч ядуухан тэнэг амьтан хөлсөлж дээ
Дээр үед С.Лочин гэж зохиолч байв. Их сургуульд оюутан байхад нь нутгийн Л.Түдэв онгироож байгаад Ренчин докторын эсрэг өгүүлэл бичүүлжээ. Нам засаг Ренчин гуайд дургүй байсан учир хөөрхий залуугийн бичвэрийг сонингоор нэг тавих нь тэр. Харин ард түмэн Ренчиндээ хайртай учир Лочинг насаар нь шахсан даа. Одоо хэнд ч тоогддоггүй нэг өвгөн бий, залуудаа бусдын хатгаасаар юм бичиж насаараа амьтанд адлагдсаныгаа нөхөж баршгүй алдаа гэж ярьж суудаг. Тэрэнтэй их адилхан болжээ.
Би эхлээд Молор-Эрдэнийг ийм олон сонинд тавиулаад захиалгаар бичжээ гэж бодож байлаа. Алдсан байжээ. Анх гарсан Зууны мэдээгээс бусад сонинд дандаа эхлээд нийтлэлийн хэвлээд доор нь дандаа Баабарын хариуг хэвлэсэн байна. Баабар л ингэж хэвлүүлж чадна. Молор-Эрдэнэ Баабарын хариуг оруулаад мөнгө төлж хэвлүүлнэ гэж үгүй. Баабар Молор-Эрдэнийн нийтлэлд маш их ач холбогдол өгч ажилласан байна. Тө өөрөө дүгнэ.
Захиалгагүй болоод зэрэг зэрэг 4-5 сонинд хэвлүүлдэг болж байна уу? Бүх сонинд төлбөрийг нь өгсөн байна
Ха ха ха Бүх сонин вэбээс авсан байна. Асуугаарай. Харин тэд Баабарын эсрэг биш, сонирхолтой учраас гаргасан гэлээ. Ухаанаараа уралд. Бүү муу хэл.
Зохиогчид нь хүртэл хянах боломжгүй Интернэт гэгч энэ дээ.