АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for December, 2007

Бараг бүх мэдээ, сурвалжлагыг хэвлэлийн бага хурал, баяр ёслол, нээлт, хаалтаас бэлтгэдэг

Posted by tseren on 2007/12/31

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын телевизүүдийн холбоо, Хэвлэлийн хүрээлэн гэсэн гурван байгууллага 2007 оны монголын хэвлэл мэдээллийн шилдгүүдийг шалгаруулж өргөмжлөх ёслолуудаа гурван орой дараалан үйлдлээ. Шалгаруулалт олон, номинаци хангалттай учраас МҮОНТ-ийнхэн 2007 онд тэр чигээрээ одон тэмдэгтнүүд болцгоосны нэгэн адил арилжааны телевизүүд шилдгүүдээр дүүрчээ.

“25-р суваг” телевизийн сэтгүүлч Алтантүрүүг шилдэг хөтлөгч гэсэн номинацаар шалгаруулав. Санал нэг байна. Тэрбээр хөтлөгчийн хувьд “10000″ төгрөг тарааж, бас зээл авах хүмүүст “Шанс” олгодог ч “Танайд хоноё” нэвтрүүлэг хамаагүй илүү бөгөөд өнгөрсөн хавар хүнд өвчтэй Тунгалаг гэдэг эмэгтэйнд хоносон дугаар түүний “оргил” байсан билээ. Дараачийн оргил нь Ерөнхий сайдынд өнгөрүүлэх шөнө болох биз.

Бусад шилдгүүдийн талаар хэлэх юм алга. Харин шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр ТВ5 телевизийн “Цаг” хөтөлбөрийг шалгаруулсан нь хачирхалтай. Бүтэн хагасаас хоёр цаг хүртэл үргэлжилдэг, хөтлөгч нэртэй охидууд нь “надад гоё мэдээ байна” гээд гооглодог, тэр нь баахан хурал, семинар, найр наадам, айлчлал байдаг, эсвэл өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг тоочиж “монголын улс төрчид хариуцлагатай байх ёстой” гэж нэр хаяггүй том үгээр бурдаг, сэтгүүлч нэртэй худалдагчид нь гутал хувцасны хямдрал ярьдаг “бизнес мэдээ” гэгчээр дүүрсэн, “Зочны цаг”-ын ярилцлага нь хүртэл төлбөртэй мэдээллийн хөтөлбөр Монголдоо шилдэг юм гэнэ. Минийхээр бол шинэ учраас “эвдэрч амжаагүй” TV8-ын “Толь” мэдээллийн хөтөлбөр арай илүү, гэхдээ тус телевизийнхэн дээр дурдсан холбоо, эвлэлд ордоггүй, ерөнхийлөгч, тэргүүн нь биш…

Өнөөдөр манай телевизийн нэвтрүүлэг болгон шоу, шоу болгон реалити болохнээ. Хэн нэгний ажил дээр очих юмуу гудамжинд зогсоогоод, эсвэл гэрт нь зочилж унтаж босоод, тэгснээ хоол идэнгээ (бүр 100 грамм татаж байгаад ярилцдаг нэвтрүүлэг байсан) хэрэгтэй хэрэггүй юм чалчиж алиалж марзагнан цаг өдрийг өнгөрүүлснээ камераар бичиж нэвтрүүлэг болгоод үзүүлднэ. Үүнийг сайн чадаж байна.

Харин мэдээллийн хөтөлбөр, мэдээ, сурвалжлагууд үй олон боловч хоосондуу. Уг нь манай телевизүүд Монголд болж байгаа үйл явдал, тулгарч байгаа асуудал, бэрхшээл зовлонг залхтал тоочиж гаднаас нь үзүүлж сонирхуулаад орхих  бус үе үе гүнд нь нэвтэрч нөгөө үл үзэгдэгч авилгалч луйварчдыг гэрэл тусгаад гаргаад ирмээр олон боловч тэгдэгггүй. Бараг бүх мэдээ, сурвалжлагаа хэвлэлийн бага хурал, баяр ёслол, нээлт, хаалтаас бэлтгэдэг. Иймээс төрийн ордон юмуу “Монгол ньюс”-ийн мэдээллийн төвөөс холдоно гэж үгүй. Бас зөвхөн сайд дарга нарыг дагаж хөдөөлнө. Харин гадагшаа бол хэнийг дагаад хамаагүй арилж өгнө.

Баримтат, ялангуяа эрэн сурвалжилсан нэвтрүүлэг бүр байхгүй. Хааяа баримтат гэмээр нэвтрүүлгүүд гардаг, гэхдээ бүгд захиалгатай. Жишээлбэл, Ашигт малтмал, Оюутолгой, Тавантолгойн  тухай цаанаасаа захиалаагүй тийм нэвтрүүлгийг та үзсэн үү? Би лав үзээгүй…

2008 онд манай телевизүүд яана даа. Дөрвөн жилд нэг удаа тохиодог найр энэ хавар болно…

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Тавган дээрх “Зууны мэдээ”

Posted by tseren on 2007/12/31

Хоёр хоногийн өмнө Formosa нэртэй ресторанд зоог барилаа. Ширээн дээр мэдээж таваг, халбага, сэрээнүүд зэхээстэй, харин таваг болгон дээр “Зууны мэдээ” сонины шинэ дугаар байх юм. Хоол хүлээнгээ сонин уншлагаа дуусгаж эргэн тойрноо харвал ханан өлгөсөн “Magnum” нэртэй хавтгай телевизээр НТВ телевиз гарч байлаа.

Тэндээс гарахдаа НТВ хэвээрээ байгааг хараад би Шерлок Холмс шиг толгойгоо зовоохгүйгээр учрыг ойлголоо. Хоолны газарт ч салахаа больсон “Зууны мэдээ” сонин, НТВ телевиз хоёрын нөхөрлөлийг сайтар ажиглах хэрэгтэй юм байна. Цаана нь нэртэй, төртэй хүмүүс байгаа … 

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

“Хүмүүний манлай” хэн болохыг монголын нэг сонин мэддэг

Posted by tseren on 2007/12/28

Бичлэгээ телевизээс эхлэх санаатай байсан ч “Хүмүүс” сонин оочир дайраад орж ирлээ. Хоёрхон сарын өмнө МАХН-ын дарга, Ерөнхий сайдаар томилогдсон тул яаж ч хичээгээд ид шидээ харуулж амжаагүй С.Баярыг тус сонин “Хүмүүний манлай”-гаар шалгаруулжээ.

Яахав МАХН-ын манлай, Засгийн газрын манлай, бас улс төрчдийн манлай байж магадгүй, гэхдээ “Хүмүүний манлай” шүү!  Арай дэндэнэ ээ. Хүмүүн гэдэг бол дэндүү том үг. Энд орон зай, цаг хугацаа хамаагүй, бараг л урьд амьдарч байсан, одоо амьдарч байгаа монгол, орос, америк, хятад, энэтхэг, нигер, аргентин гээд бүх хүмүүсийн манлай  гэсэн үг байх аа. Тэгэхлээр ерөөсөө ухаант хүмүүн - homo sapiens-ийн манлай болж таарлаа.  Ийм агуу хүн чухам хэн болохыг “Хүмүүс” сонин шинэ жил болгоны өмнө яг хэлж өгдөг. Тэд монголын хэдэн дарга нар байж таардаг…

Энэ бүгдийг зохион байгуулагч нь хэн бэ гэвэл “Хүмүүс” сонины үүсгэн байгуулагч, Монголын сонины холбооны ерөнхийлөгч Р.Хадбаатар бөгөөд өөртөө “Чөлөөт хэвлэлийн магнат”  гэсэн  ”даруухан” алдрыг сонгож авчээ. Тэрбээр 2008 онд сонгуульд нэр дэвшихээр шийдэж Хөвсгөл аймагт сонгуулийн сурталчилгаа маягаар аялж тэр тухайгаа өөрөө Үндэсний зөвлөлд нь багтдаг МҮОНТ-ээр 40 минутийн нэвтрүүлэг бэлтгэж цацуулаад амжив. Ингээд бодохлоор МАХН-ын дарга С.Баяр (тэр бас Хөвсгөлийнх) түүний хувьд хүмүүний байтугай манлай.  С.Баярыг Ерөнхий сайд болсны дараахан түүнээс, бас өөрөөсөө томоос том ярилцлага авахуулж ”Хүмүүс” сониныхоо тэргүүн нүүрнээс эхлэн зэрэгцүүлэн нийтэлжээ.  

Монголын улс төрд Баярын араас нэг нөхөр зүүгдээд гарч ирэх шиг. 

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай бичнэ

Posted by tseren on 2007/12/22

Би олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай ажиглалтаа бичих блог гэгчийг нээж байгаа минь энэ.

Өнөөдөр манай Монголд үй олон сонин сэтгүүл, телевиз, радио, бас янз бүрийн вэб сайтууд (голдуу цаасан сонинуудаас хуулж нийтэлдэгийг эс тооцвл) бараг бүх үйл явдал, сэдэв, асуудлыг зогсоо зайгүй үзүүлж сонсгож бичиж байгаа. Харин өөрөө? Хэвлэл мэдээлэл өөрөө тэртээ тэргүй нээлттэй мэт боловч үнэн хэрэгтээ ихээхэн хаалттай салбар юм. Ашигт малтмалаас эхлээд улс төрийг яаж ийгээд ил тод болгодог хэвлэл мэдээллийн салбарт бие биенээ хамаагүй шүүмжлэхгүй буюу илчлэхгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Мэдээлэл түгээхээс эхлээд ард түмэндээ танин мэдүүлж соён гэгээрүүлдэг, цаашилбал авилгыг илчилдэг, хоточ нохой болдог энэ тэр гэхчлэн өөрөөрөө бахдаж ханадаггүй хэвлэл мэдээллийн чухам юуг нь дэлгэх гээд байгааг надаас асууж магадгүй.  Хариултыг миний блогоос үзээрэй. Ганцхан жишээ хэлье: Хэвлэл мэдээлэл юуг нийтэлж нэвтрүүлж байгаа нь чухал, гэхдээ яагаад тэгэж байгаа нь дутуугуй чухал байдаг билээ.    

Би телевизийг түлхүү ажиглах нь зүйтэй гэж үзлээ. Яагаад гэвэл аливаа нэвтрүүлэг тухайн өдөр, цаг , минутад үзэгдээд л өнгөрнөХэрвээ цаг алдалгүй тэмдэглэж үлдээхгүй бол мартагдана. Харин сонин, сэтгүүлүүд хаа нэгтээ хүлээж л байг…

Би бас хааяа улс төр зэрэг өөр зарим сэдвээр бичиж байхыг хичээнэ.

Д.Цэрэнжав.  

Posted in Ажиглагч.мн | 6 Comments »