Яах аргагүй тийм. Нэг нь элдэв чамин барилгууд тэнгэр өөд уралдан хэв маягаа өөрчилж буй хотын төв, эсвэл захдуухан хэрнээ Зайсан маягаар булагнаж хашаа хэрмээр хүрээлүүлсэн шинэ орон сууцнууд, харин нөгөөх нь гэр хороолол. Сүүлийн хэдэн жил дараалан тохиосон нийслэл, дүүргийн ойнуудад зориулсан сурталчилгааны гоё гоё клип, баримтат кинонуудыг үзэж суухад нийслэлчүүдийн 60 хувь оршин суудаг гэр хороолол тэр чигээрээ нүүгээд явчихсан мэт алга байх юм. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн “Баянзүрх – Нэг зүрх” клипэнд гэхэд Сансарын хэдэн байшин, бас эвтэй дөрвөн амьтны хөшөөг ховхортол мөлжсөн хэрнээ бас л гэр хорооллоосоо ичсэн байв. Уг нь тэр зүрхний ядаж тал нь Дарь эх, Улаанхуаран, Шар хад, Гачуурт, Хонхорт ногдох учиртай. Хассан учраас “Баян зүрх – Тал зүрх” болжээ. Нийслэл, дүүргүүд өөрийгөө гадаадынханд сурталчлахдаа хотын захын ундуй сундуй хашаа, гэрүүдээ нууж болох, харин биднийгээ хуураад яахав.
Хоёр Улаанбаатар дүүрсэн хэрэг, харин Улаанбаатарт эрх барьж буй нөхдийн хоёр нүүр дэндлээ. Өнгөрсөн оны төгсгөлд болсон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан дээр Засаг даргын мөрийн хөтөлбөр болон 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлыг “бүрэн хангалттай” гэж үнэлсэн юм. Нийслэл яасан ч их мөнгөтэй, ямар ч ихийг бүтээн байгуулсан юм, төлөөлөгчид ээлж дараалан Мөнхбаяр даргаа магтав. Сөрөг намаас гэхэд Иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга “Мөнхбаяр дарга утаатай сайн байлдсан, даанч хүмүүс алга ташиж өгөхгүй юм” хэмээн шаардаж байж нижигнэтэл ташуулсан бол Засаг даргын орлогч До.Ганболд хүртэл баяр хүргэхээ мартаагүй бөгөөд хуралдааны төгсгөл тэр чигээрээ Мөнхбаяр даргадаа элдэв өргөмжлөл гардуулах ёслол болон хувирчээ. Хэтэрхий сайн ажиллачихсан бололтой. Монгол Улс баяжиж төсвийн ихэнхийг баруун солгойгүй цацаад цацаад Улаанбаатарт үлдээсэн “жаахан” мөнгө нь баахан зам талбай тавьж шинэчлэхэд хүрэлцдэг болсон нь нийслэлд Засаг барьсан дөрвөн жилд таарсан азтай дарга. Энэ бүтээн байгуулалт бол Засаг даргын сайхан нүүр царай. Үүнийг улам гоёж гоодоход зориулж 2012 оны нийслэлийн төсөвт 600 сая төгрөгийг “хэвлэл мэдээллийн зардал” нэрээр суулгаад байна.
Тэгвэл нөгөө нүүр нь аль вэ? Хуралдаанаар 2012 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан юм. Засаг дарга газар олгох эрхээ авлаа гэсэн үг. ИТХ-д суудалтай хоёр нам томчуулаа дууриаж бас л “нэг хөнжилд орсон” байсан тул ажлын журмаар урьдчилж тохирсон төсөл оруулжээ. Намын бүлгүүдээр хэлэлцэж дүгнэлт гаргасангүй. Бүх илтгэл, төсөл, төлөвлөгөөнүүдийг хольж байгаад асуулт хариулт явуулснаас гадна бүгдийг урьдчилаад шийдчихсэн учраас олигтой яриа өрнөсөнгүй. Гэтэл бүр даварч төлөөлөгчдөд урьдчилж танилцуулаагүй хэсэг газрын жагсаалтыг батлуулахаар хуралдаанд оруулсан байлаа. Төлөөлөгчид нэг их сонирхсонгүй. Ганцхан Д.Нямхүү (НХХ-ийн дэд сайд байсан) гэж “эсэргүү төлөөлөгч” гөжиж жагсаалтаас нэгийг сугалж “УИХ-аас хүсэлт тавьсан 95 га газрыг олгох юм байна. Буудлагын талбай гэнэ үү? Их хурлын гишүүд байлдаж сурах юм уу? гэж асуулт тавилаа.
Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй:
-Газрын дэд хороо хуралдсаны дараа УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очироос санал орж ирсэн. … Буудлагын талбай … буудлагын холбооны … хэмээн үгээ олж ядахад Засаг дарга Г.Мөнхбаяр өмнүүр нь орж аварлаа.
-Би хариулья. Буудлага чинь олимпийн төрөл ш дээ Монголчууд буудлагаар олимпийн нэлээд олон амжилттай. Материаллаг баазын хувьд ерөөсөө байдаггүй, дандаа гадаад дотоодод гуйлгаар, харин сайн амжилт үзүүлдэг. Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч анх удаа Азийн буюу дэлхийн холбооны дэд ерөнхийлөгч болсон. Тэхээрээ үүрэг роль ихтэй, санхүүжилт авдаг. Тэгээд санхүүжилт авах гэхлээр нэг юм санал болгодог “танайх өөрөө материаллаг бааз байхгүй юм чинь Олон улсын олимпийн хорооноос дэмжлэг үзүүлж чадахгүй байна аа гэдэг. Бидэнд ажил хэргийн шугамаар маш их хүсэлт ирсэн учраас тэр утгаараа материаллаг баазыг нь бэхжүүлье гэж тодорхой дэмжлэг энэ төсөл дээр явж байгаа. Та бүхэн дэмжчих байх өө. [Танхимаас: 95 га газар буудлагын полигон хийх гээд байгаа юм уу]. Тэр чинь бүр цогцолбор. Иж бүрэн. Кувейтэд бил нар очиж үзсэн. Манай хурлын хэн хэн явлаа? Байшин барилгатай, талбайтай, хувийн өмч биш, манай Монголын буудлагын холбооны цогцолбор болох юм. Тамирчид тэндээ байрладаг. Та нар юмыг нь үзээрэй, Баттулга … Би яагаад дэмжсэн бэ гэвэл Кувейтэд очиж цогцолборыг нь үзэхэд цогцолбор нь иж бүрэн байж байж өөр болдог юм билээ. Бидний нөгөө тийр бууддаг талбай биш
Төлөөлөгч Д.Нямхүү дахиад л “Монголын параолимпийн хороо зөндөө эрх авсан мөртлөө ганц ч заал алга, бүгдээрээ түрээс” гэж үргэлжлүүлэн гомдоллоход Засаг дарга Г.Мөнхбаяр “асуудлаа тавибал адилхан дэмжинэ” гэж тайвшруулснаар тэр 95 га газар учраа оллоо. Нийслэлийн газрыг төлөөлөгчид тохироод хувааж авдаг, амар юм болжээ. (Уг хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг www.tusuv.mn сайтаас үзэж болно).
Нийслэлийн газрын албаны даргаар сүүлийн хэдэн жил Ц.Сандуй гэдэг залуу томилогдсоноосоо хойш наагуураа баахан зорилт, төлөвлөгөө, зохиож харагддагч цаанаа яаж томчуудын гар хөл болж суудаг болохыг энэ хэдхэн минут харууллаа. ИТХ-ын дэргэдэх хороодоор оруулж төлөөлөгчдөд танилцуулахгүй, зураг төсөл, мэргэжлийн дүгнэлтийг харуулахгүйгээр хуралдаанд шууд оруулж гэнэдүүлдэг юм байна. Бас 95 га газрыг авах эзнийг зориудаар мэдэн будилж “Улсын Их Хурал” хэмээн танилцуулжээ. Буудлагын холбооны хүсэлт яаж ч мушгиад УИХ-ынх байж таарах уу?
Олимпийн нэрээр амжуулж өглөө. Буудлагын холбоо гэж ядуу-у-у-у төрийн бус байгууллага. Одоо яахав? Зөв. “Сайхан сэтгэлтэй” барилгын компанид хандана. Нэр нь аль хэдийнэ тодорхой болсон биз. “Сайхан сэтгэлтэй” компани юм чинь буудлагын холбоонд юм хийж өгнө, гэхдээ хөрөнгө оруулж барьсныхаа төлөө авахыгаа сайн мэднэ. Ингээд нэрээр 95 га-гийн хэд нь ямар компанид очихийг зөвхөн баригдсан хойно нь харах үлдлээ. Үүнийг төлөөлөгч Д.Баттулга сэжиглэж “Томъёоллоо зөв хийчих. Манайхан ийм тийм юм барина гэж баахан га газар аваад хороолол болгочихдог, өөр юм хийвэл шууд л … “ гэсэн санал тавихад цаадуул нь бөөрөнхийлөөд өнгөрөв. Яг Зайсангийн барилгууд шиг буулгаж харагдаач.
Өнөөдөр Яармагын дэнж бараг цулгуй харагддаг ч хуваагаад дууссан гэж үнэн ажээ. Жирийн айлд хашааны 0,07 га газар олдохгүй байхад 95 га буюу 1357 айлынхтай тэнцэх газрыг, тэгэхдээ бүр дархан цаазат Богд уулын энгэрт, гадаадын зээлээр шугам сүлжээг нь татаж байгаа шинэ газарт ганц бичиг оруулаад авчихдаг юм байна. Мөнхбаяр дарга хэдэн секунд панаалдахад л харж хянах үүрэгтэй сөрөг хүчин гараа өргөжээ. Хожим “Улаанбаатар таймс” сониных шиг юм болоход Авлигатай тэмцэх газар шалгаад юу ч олохгүй. Яагаад гэвэл нийслэлийн ИТХ-ын баталсан хууль ёсны шийдвэр зөвшөөрөлтэй газар. Мөнгө төгрөг харагдахгүй, цэв цэвэрхэн, ул мөр үлдэхгүй. Энэ бол өнгөрсөн хориод жилийн турш нийслэлийн газрыг ямар ч хяналтгүй, хаалттай хувьчилж ирсэн арга билээ. Нийслэлд газар олгосон Засаг даргын захирамж шиг нууц юм Монголд үгүй. Хааяа газрын маргааныг Захиргааны хэргийн шүүхээр шийдэхийн тулд захирамжийн хуулбарыг шаардахад нэг захирамжаар олгосон бусад газрын мэдээллийг FBI-гийн маш нууц материалыг 30,40,50 жилийн дараа ил болгохдоо зарим мөрүүдийг хараар палийтал дардаг шиг танигдахгүй болгоод өгдөг.
Бид нийслэлийн төсөв, бас өмч хөрөнгийг буруу зөв зарцууллаа гэж хэл ам хийж, хянахыг оролддог. Тав, арван сая төгрөг буруу зөрүү төлөгдөхөд дүүргүүдийн хог хаягдлын сан, ТҮК-ийг хичнээн шүүмжилж сэжиглэдэг билээ. Гэтэл тэрбум, тэрбумын газрыг “төсөл шалгаруулах” нэрээр зүв зүгээр өгч аваад байдаг. Хэзээ зарлаад, хэн хэн өрсөлдөөд, яаж шалгаруулаад, юугаараа илүү төслийг сонгосныг хэн ч сонсоогүй. Бодоод үзье. Хэрвээ дуудлага худалдаа зарлавал мөнгөтэй хүмүүс ирж оочирлох атал ямар ч үнэ төлбөргүй өгдөг. Тэр газрыг маргааш өглөө нь хэдээр зарахав гэж асуувал тэрбумын үнэ хэлнэ.
Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай гэж үг бий. Нийслэлийн Засаг дарга байсан хүмүүсийн жинхэнэ нүүр царай бол газар юм. Саяын ИТХ-ын хуралдаан дээр хальт сөхөгдөөд буцаад хаагдчихав. Бүрмөсөн сөхөхийг хуулийн элдэв цоорхойг хаах эрхтэй улс төрчид, хянаж шалгах үүрэгтэй албан тушаалтнууд, тэр ч бүү хэл илчлэх үүрэгтэй сэтгүүлчид хүртэл (саяхан байгууллагаараа нэг газрыг авчих шиг болсон) хүсэхгүй, илчлэгдэхгүй, яагаад гэвэл өгсөн Засаг дарга нар ба авсан хүмүүс нийлээд “газрын мафи” юм. Татвар төлөгчдийн төгрөг болгоны төлөө амь хайргүй дуугардаг аймаар шударга нөхдүүд хүртэл Зайсан, газар гэхлээр зовхио буулгаж дуугаа хураадаг. Зайсанд тухалсан, газраа хүртчихсэн учраас тэр.
“Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж үг бий. Тэрбумын газар өгсний хариуг яаж барьдаг бол? Сонин хэвлэлээр газрын наймаачнаар цоллуулдаг экс Засаг дарга М.Энхболд 2008 оны сонгуулийн өмнө хандив цуглуулах хүлээн авалт зохион байгуулсан. Сонгуулийн хуулийн дагуу бүх хандивыг ил тод зарласан бол дүгнэлт хийж болохсон. Даанч тэгсэнгүй.








